Б.СОЛОНГО

ШӨХТГ-ын дарга О.Магнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-СӨХ-ны дээд зөв­лөлийг татан буулгах асууд­лаар шүүхэд ханда­хаар болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Энэ байгууллага анх­наасаа л хууль бусаар байгуулагд­сан. СӨХ-дыг хүчээр эл­сүү­лэх, татвар авах зэр­гээр хууль зөрчдөг. Хуучин дарга Д.Жигжид гэдэг хүн дээд зөвлөлийн гишүүн болохгүй бол дулаанаар хангахгүй гэж сүрдүүлдэг байсан байна. Энэ байгууллага ердөө хэдхэн хүнийг тэжээдэг “саалийн үнээ” байж. Тий­мээс татан буулгахад ямар ч асуудал байхгүй. СӨХ гэдэг нь тухайн байрны эсвэл хорооллын иргэдийг төлөөлж байгаа бүтэц. Тиймээс дээр нь дарга байх ямар ч шаардлагагүй.  

-Сүүлийн үед таныг чимээгүй болчихлоо гэсэн шүүмжлэл гараад байна. Шатахууны компаниуд танай байгууллагыг шүүхэд өгсөн нь ийм яриа гарахад хүргэв үү?

-Шүүхэд өгсөн үйлдэл бол цаг хожих гэсэн л арга. Үнэхээр зохиомол хомс­дол байсан уу гэвэл бай­сан. Тиймээс энэ мөнгийг тө­лүүлнэ. Энэ бол миний зарчмын байр суурь. “Петровис” компанийн энэ үйлдэлд бид хариу арга хэмжээ авсан. Монгол­банкнаас “Пет­ровис”-д олгох байсан 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг бид зогсоосон, өгүүлээгүй. Төрийн бай­гууллагыг шүүхэд өгсөн компани төрийн байгуул­лагаас хөнгөлттэй зээл авна гэдэг асуудал байж болохгүй. Бид шүүхэд тайлбараа өгсөн. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

-17 тэрбумын асуудал юу болж байгаа вэ?

-Өмнө нь манай байсан жишиг бол аливаа асуудлыг шүүхэд өгөөд замхруулах. Тэд өн­гөр­сөн үетэйгээ андуураад байна. Би энэ асуудлыг зүгээр орхихгүй. Ажлын хэсэг гаргачихсан байгаа. 17 тэрбум төгрөгийг энэ онд улсын төсөвт заавал оруулна.

-Шатахууны үнэ дахин 50 төгрөгөөр нэмэгдэхэд танай зүгээс байр сууриа илэрхийлэхгүй байсан?

-Хуулиараа бол энэ асуудал Газрын тосны газрын эрхлэх асуудал байхгүй юу. Манай хү­лээ­сэн үүрэг гэвэл зохиомол хомсдол үүсгэж байна уу, хуйвалдаж үнээ нэмж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Зарим компа­нийн хувьд одоогийн үнэ нь яах аргагүй алдагдалтай байгаа. Сүүлд дахин 50 төгрөгөөр нэмсэн мөн зээ­лийн хөтөлбөрт хамрагд­сан компаниуд уг нь бидэнтэй зөвшилцөх л ёстой байсан юм. Нефтийн бүтээгдэхүүнд гашуун боловч үнэн зүйл нь гадаад хүчин зүйлээс хэтэрхий их хамааралтай байна.

-”Жем”-ийн асуудалд арай л хатуу хандчихав уу?

-Би архинд хатуу хан­дана гэдгээ энэ ажлыг авангуутаа л хэлж байсан. “Жем” өнгөрсөн оны арав­дугаар сард хууль зөрчсөн. Тэр үед би эхний удаа гээд өнгөрөөсөн. Намайг ажлаа авснаас хойш эхний удаа байхгүй юу. Тэрнээс биш энэ компани арваад удаа хууль зөрчсөн. Ингэж болохгүй биз дээ. Бидний байгуулж байгаа нийгэмд хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх ёстой гэж гадаа жагсаж байхдаа хүртэл хэлдэг байсан. Өнөөдөр ядарсан хүүхэд таван төгрөг хулгайлаад цагдаад баригдаж байна. Гэтэл мөн­гөтэй том архины үйлд­вэр гэхээрээ хууль зөрччихөөд зүгээр өнгөрч болохгүй. 10 сая төгрөгөөр торгодог хуучны арга ба­рилаараа явбал хэзээ ч сайжрахгүй. Би тусгай зөвшөөрөлтэй нь ярина гэдгээ хэлж байсан. Хэл­сэндээ л хүрч байгаа. Ха­рин нэг зүйлийг онцолж хэлэхэд хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ.

-Үйлдвэрийг нь лацдсны дараа компанийн зүгээс хэрхэн хандаж байна?

-Таньж мэддэг олон шугамаар холбогдож байна. Хамгийн гол нь энэ улсад зөв жишиг тог­тоо­чих юмсан гэж хүсч байна. Зүгээр байхад нь хаагаагүй шүү дээ. Хууль зөрчсөн учраас авсан арга хэмжээ. Үүнийг сайн ойлгоорой.

-Үүрэн холбооны оператор компаниуд дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг буцааж өгч байна. Гэхдээ 6-10 жил гэсэн хатуу шаард­лагыг тогтоож байгаа нь зарим хэрэглэгчдэд таалаг­д­ахгүй байна?

-Яг үнэн. Манайд бүртгэл, даатгалын систем сайн хөгжөөгүй учраас бүх хэрэглэгчдэд барьцаа төлбөрийг нь буцаагаад өгчихөж болохгүй байгаа юм. Тухайн компанийн эрх ашиг энд яригдана. Хэрэв манайд эдгээр систем сайтар хөгжсөн байсан бол барьцаа төлбөр байх шаардлагагүй.

-Он гарснаас хойш танаас хүлээж байгаа гол зүйл бол орон сууцны үнийн асуудал. Хэзээ баяртай мэдээ дуулгах гэж байна?

-Өнгөрсөн Засгийн үед орон сууцны эрэлтийг л дэмжиж байсан. Энэ нь үнийг өсгөсөн. Харин одоо нийлүүлэлтийг нь дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж бай­на. Хөнгөлөлттэй зээлээ барилга барих гэж байгаа нөхдүүдэд өгөх гэж байна. Харин үнэ нь хэд байх вэ гэдэгт ОССК , манайх хамтарсан ажлын хэсгийн судалгаа бараг дууссан. Удахгүй дүнгээ нэгтгээд Ерөнхий сайдад мэдүүлнэ. Баяртай мэдээ дуулгахын төлөө ажиллаж байна. Гэхдээ төрийн ажил гэдэг гэрийн ажлаас өөр шүү дээ. Хам­гийн хурднаараа яваад л энэ.