Д.БОЛОР
Ард түмний төлөөлөл болж сонгогдсон 74 гишүүний ердөө тав нь хуулийн төсөл хэлэлцэж, батлах эсэхийг шийдэж байна гэвэл та итгэх үү. Газрын багц хууль зэрэг хүний өмч хувьчлалтай холбоотой чухал асуудал шийдэхэд шүү дээ. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы үдээс өмнөх хуралдаанд нэр бүхий таван гишүүн байсан бол үдээс хойшхи хуралдаанаар 12 гишүүн ажиллав. Уг нь гишүүдийн ирц бол хангалттай байлаа. Намын бүлгийн ашиг сонирхолтой холбоотой хуулийн төсөлд олуулаа сууж бусад үед хаяад гарсан учраас хууль тогтоогчдын тоо цөөхөн байв. Тухайлбал, Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын даргаас гадна Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ц.Цолмон, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл нарын тавхан гишүүн оролцож үг хэллээ. Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Ерөнхий сайдад тавьсан “Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчдыг нийгмийн даатгалд хамруудах үйл ажиллагааны хэрэгжилт”-ийн талаархи асуулгад 12 гишүүн байлцав. Тодруулбал, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж, С.Бямбацогт, О.Баасанхүү нарын гишүүн байсан. УИХ-ын дэгийн тухай хууль болон төрийн албан хаагчдыг хоморголон халсан нь үнэн эсэхэд лавлагаа авах зэрэг бүлгийн эрх ашгийн үед мэдээж бүрэн бүрэлдэхүүнээрээ байсныг онцлох нь зүйтэй байх. Ингээд чуулганы хуралдааныг тоймлон хүргэе.
Үдээс өмнөх хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэн бүрт газар өмчлөх эрхийг нээж өгсөн боловч уг эрхийг хэрэгжүүлэх механизмыг хуульд тусгайлан зохицуулаагүйгээс хуулийн хэрэгжилт удааширч, дийлэнх иргэн газраа өмчилж авч чадаагүйн зэрэгцээ иргэдэд газар өмчлөх эрхээ эдлэхэд нь олон саад, хүндрэл учирч байна. Газар эзэмшиж байсан иргэн л тухайн газраа өмчилж авснаас бусад тохиолдолд иргэд, тухайлбал, орон сууцны байранд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байна гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслийн танилцуулгадаа дурдсан. Тоон үзүүлэлтээс харахад 2003 оноос Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийслэл хотын хүн амын 7.6 хувь буюу 91 мянга 830 иргэн газраа өмчилж авсан байна. Түүнчлэн хуулийн хэрэгжилт хангалтгүй, хуулийг хэрэгжүүлэх хугацааг таван жил тутам сунгаж байгаа боловч үр дүн нь харагдахгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн энэ өдөр төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь үнэн эсэхийг лавласан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсов. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Төрийн албан хаагчдын хоморголон халсан асуудал байхгүй. Зөвхөн ажлын шаардлага хүлээж авдаггүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг зарим нөхөд сайн дураараа ажлаас халагдах өргөдлөө өгсөн нь бий. Түүнээс биш чи ажлаа өг гэж шахаж шаардсан юм байхгүй” гэсэн товч хариултыг өглөө. Харин төрийн албан хаагчдад зарцуулах улсын төсөв яагаад нэмэгдэв. Танай намынхан өөрийн хүнээр дүүргэсэн юм биш үү гэсэн асуултад “Цалин нэмэгдсэн учраас төсөв нэмэгдэнэ. Улстөржүүлэх гээд байгаа юм бол үүнийгээ тооцоолж байгаач” гэсэн юм. Мөн тэрээр “Бид хууль зөрчсөн эсэхийг чуулганы танхимд тогтоохгүй. Засгийн газар хууль зөрчөөгүй” гэж хариуллаа.