М.ЦЭЦЭГ

Аймгийн Засаг дарга нар бүхэлдээ солигдож гурав нь улиран сонгогд­сон билээ. Тэдний нэг нь Өвөрхангай аймгийн За­саг дарга Д.Тогтохсүрэн юм. Тус аймагт МАН ял­сан, түүн дотроо хуучин Засаг дарга  нь шинэ Зас­гийн газрын бодлогыг хэ­рэг­жүүлэх боломжтой хэ­мээн үнэлж улираасан гэж болно. Одоогоор пар­ла­мен­тад төлөөлөл дутуу бай­гаа ганцхан аймаг нь Өвөр­хангай. Хоёр мандат­тай бөгөөд тус аймаг на­мар­жин будилсаар нэг ги­шүүн нь тангараг өргө­сөн. Үлдсэн нэг нь мар­гаан­тай хэвээр, шүүхийн эцсийн шийд­вэр гараагүй байгаа юм. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн өмнө нь хийж байсан аж­луудаа ирэх дөрвөн жил үргэлжлүүлж, мөн “Бү­тээлч Өвөрхангай” гэсэн томоохон хөтөл­бөрийг хэ­рэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хуучин Засаг даргын ши­нэ хөтөлбөр тус аймгийн хөгжлийн баримт бичгүүд, мөн МАН, АН, МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл, төрийн болон тө­рийн бус байгуул­лага, иргэдийн 600 гаруй саналд үндэслэжээ.

Орон нутгийн сонгуу­лиар Ардын нам бүхэлдээ ялагдсан ч есөн аймагт ялсны нэг нь Өвөрхангай юм. Гэхдээ МАН олонх болсон зарим аймгийн Засаг даргыг батламж­лаагүй бөгөөд өөр намын дарга үүрэг гүйцэтгэгч болсон нь улс төрийн халуун сэдэв бо­лоод буй. Өвөрхангайнхны улстөр­жилт өнөөдөр хүртэл дуусаагүй байна. Харин Өвөрхангайн Д.Тог­­тохсүрэнг бат­лам­жилсан нь шинэ Засгийн газартай гар нийлж ажиллах боломжтой хэмээн  тоосон байх. УИХ-ын сонгууль Өвөрхангайд будилаантай хэвээр бай­хад орон нут­гийн сон­гуулиар Д.Тогтох­сүрэнгийн багийг олонх болгосон нь будилаангүй үнэн байсан аж. Гэхдээ ИТХ түүнийг Засаг даргаар сонгож Засгийн газарт уламжилахад Ерөнхий сайд эхний удаа буцаасан. Хоёр дахиа ирэхэд нь батламжилж хүлээн зөвшөөрсөн юм.

Өмнөх ИТХ Д.Тогтох­сүрэн даргын өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжил­тийг 98,8 хувьтай буюу бүрэн хангагдсан гэж дүгнэсэн. Энэ бол түүнийг  сонгосон, мөрийн хөтөл­бөрийг нь хэлэлцэн батал­сан нөхдүүдийн өгсөн үнэлгээ. Дөрвөн жилийн хугацаанд аймгийн хэм­жээнд 133,6 тэрбум төгрө­гийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Өмнөх бүрэн эрхийн хугацаатай харьцуулбал өндөр тоо гэнэ. Тиймээс өнгөрсөн дөрвөн жил Өвөрхангайн их бүтээн байгуулалтын он жилүүд байсан гэхэд бол­но.

Гэх­дээ Д.Тогтох­сүрэн дарга ажилдаа ханаагүй, чам­лалттай зүйл байгааг нэ­гэн бүрэн эр­хийн хуга­цааны сүүлийн жилд ярьж байсан. Тус айм­гийнхан  эрүүл мэн­дийн салбар, ажлын байр­ны талаар сэтгэл дундуур байдаг гэсэн. Тус аймаг 113 мянган хүн амтай учир ажлын байр ховор, ажилгүй хүн олон байгаа нь Засаг даргын санааг хамгийн их зовоодог зүйл аж. Тиймээс  Д.Тогтох­сүрэн дарга ирэх дөрвөн жилд шинэ хөтөлбөр боловсруулж шинэ арга барилаар ажиллахаар зэхжээ. Шинэ хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт багаж хэрэгсэл шинэчлэх, эмчилгээний тоног төхөө­рөмж, боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээш­лүүлэх, хот руу явж эмч­лүүлэгчдийн тоог буу­руулах, байнгын болон түр 12 мянган ажлын байр нэмэхээр зорьжээ.

Засаг дарга Д.Тогтох­сүрэн төрийн алба, түүний удирдлага, мөн улс төрд олон жил ажилласан турш­лагатай. Өмнөх дөрвөн жилд Засаг дарга, түүний өмнө аймгийн ИТХ-ын даргаар ажилласан. Энэ хугацаанд сайн ч, саар ч нэр зүүсэн. Өнгөрсөн жил олон аймгийн Засаг даргыг Авлигатай тэмцэх газар шалгасны нэг нь Д.Тог­тох­сүрэн.  Өвөрхан­гайн Ардчилсан намынхан түүнийг  улсын хөрөнгө идэж уусан гэж олон зүйлээр буруутгасан. АТГ шалгаад Нийслэлийн прокурор, Улсын ерөнхий прокурорын газраар хянуулаад Д.Тогтохсүрэнг ямар ч гэмт хэрэг үйл­дээгүй гэж дүгнэсэн. Түү­ний нэр хүндэд халдсан зориуд гүтгэлэг байсан нь тог­тоогдсон юм. Өвөр­хан­гайн Засаг дар­гатай хол­боотой гэх ямар ч хэрэг байгаагүй бөгөөд чухам үнэнийг нутгийнхан нь мэддэг учир түүний баг сонгуульд ялалт байгуул­сан болов уу.