Аливаа хэл нь тухайн үндэстнийхээ соёл, сэтгэлгээний тусгал болж, үеэс үед уламжлагдан баяжсаар иржээ. Иймээс тэр хэлээр илрэх өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, оньсого тааврын мөн чанар, утга хэрэглээ, уг хэллэг үүссэн шалтгааныг бүрэн тайлж мэдсэнээр тухайн үндэстний ертөнцийг үзэх үзэл, соёл сэтгэлгээг таних боломжтой юм. Монголчууд эртнээс нэг ухагдахууныг олон талаас нь зүйрлэн таньж, багцалмал мэдлэг үүсгэж байсны нэг нь уламжлалт аргаар цаг агаар шинжих явдал юм. Үүгээрээ өвөрмөц болон хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг үүсгэж, хэрэглэсээр байна. Энэ тухай Ц.Шагдарсүрэн “Монголчуудын утга соёлын товчоон” номдоо товч дурдаж, дараах зарим хэллэгийн утгыг тайлбарласан байна.

“Өглөөний дулааныг дулаанд бүү бод

Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод”

“Гарах наран улайваас гандахын тэмдэг

Гаран орон гинших нь үгүйрэхийн цондон”

“Хоёр хүн хамт яваад нэгийгээ эс хэлбэл хүний жиг

Хорин хоёртоо тэнгэр эс хуйсагнаваас тэнгэрийн жиг”

“Дуутай тэнгэр хургүй

Цуутай хүүхэн хуримгүй”

“Үүл зөрвөл бороо

Үг сөрвөл хэрүүл”

“Орох тэнгэрийн орой цоорхой

Орсон буурын шил цоорхой” зэрэг байна. Эдгээр хэллэгт монголчуудын цаг уурыг урьдчилан шинжих уламжлалт арга ухааныг үндэстний өвөрмөц ахуй соёл, ёс заншил цаашлаад хүний зан араншин, мөн чанар, сургаалтай холбон хэвшүүлжээ.

 

“Нар чихлэх” үзэгдэлийг тэнгэр муухайрах шинж гэдэг 

 

Монголчууд од эрхэс, байгалийн үзэгдэл, улирал, газар зүйн холбогдолтой үг хэллэгээр өвөрмөц болон хэвшмэл хэллэг үүсгэдэг бөгөөд цаг уурыг “тэнгэр” гэх ойлголтоос салгаж үзэх боломжгүй хэмээн ухаарчээ. “Тэнгэр задрах”, “Тэнгэр галзуурах”, “Тэнгэр арилах”, “Тэнгэр газар нийлэх”, “Тэнгэр онгойх” зэрэг хэллэг үүссэн нь уул ус, байгаль дэлхийгээ дээдэлдэг тэнгэр шүтлэгтэй холбоотой байж болох юм. Тухайн байгаль, цаг уурт тохиромжтой, тохиромжгүй зүйлийг үйлдсэнээр тэнгэр баярлаж эсвэл хилэгнэж байгалийн ямар нэгэн үзэгдэл болдог хэмээжээ. Нөгөө талаас цас, бороо нь дээрээс чиглэлтэй буюу тэнгэрээс ордог учир эдгээр хэллэг үүссэн байх боломжтой юм. Энэ бүхнийг цаг агаарын байдал асуухдаа “Тэнгэр ямар байна?” гэдгээс харж болно. Мөн нар, сар, байгалийн ямарваа үзэгдэл дээр тулгуурлан шинжиж, түүгээрээ хэлц хэллэг үүсгэдэг.

“Борооны түрүүнд шороо

Боохойн түрүүнд хэрээ”

“Хялмаа ихэдвэл зуд

Хялаа ихэдвэл сохор”

“Хаврын тэнгэр шиг”

“Салхины үзүүр бүлээсэх – хаврын урь орох” зэрэг болно. Үүнээс гадна монголчууд нар, сарны мандах жаргах байдал, хэлбэр шинжээр шинжиж дээрх өвөрмөц хэллэгийг үүсгэжээ.

Нар хүрээлэн солонго татах үзэгдлийг “Нар хошлох”, “Нар чихлэх”, “Нар гурав гарах”, “Гурван нар гарах” зэргээр нэрлэдэг. Хэрэв энэ үзэгдэл нь нар мандахад гарвал тэнгэр эвгүйрнэ харин жаргахдаа үзэгдвэл муугаа авч орлоо хэмээдэг. Мөн шинийн хоёрны сарны үзүүр болон хорин тавны сарын хүрээгээр шинжих тохиолдол бий. Түүнээс “Хорин тавны сар холуур хүрээлэв үү, ойроор хүрээлэв үү” гэх мэт хэллэг үүсжээ. Энэ мэтчилэн уламжлалт аргаар цаг агаар шинжих өвөрмөц мэдлэгээ хэлц, хэллэгтээ шингээн уламжилж иржээ.

Энэ мэт нар сар, од эрхэс, салхины аяс зэргээр цаг уурыг шинжихаас гадна таван хошуу мал, жигүүртэн шувуу, хорхой шавж болон бусад ан амьтан, өвс ургамал, эд материал, монгол гэрийн эд хогшлоор шинждэг уламжлалтай билээ. Тухайлбал, говийн малчид намар ингээ барихад ингэний сүү сайн байвал тэр жил өнтэй сайхан, харин муу байвал хатуу жил болно гэдэг. Мөн өвлийн улиралд ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэхчлэн шинждэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 193 (7935)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn