“Өглөө 05:00 цагт босож ажилдаа яваад орой 21:00 цаг өнгөрөөж ирдэг байлаа. Амьдралын төлөө зүтгэж байгаа болохоор ажлаа хол гэж боддоггүй байжээ. Манай гэр Орбитод болохоор хотын төв рүү талдаа 26 км, ирж очихын 52 км туулна. Харин менежер маань гэртэй ойрхон салбар нээгдэж байгааг дуулгаж, энэ байр луу шилжүүлж өгснөөр ажилдаа хэдэн минут давхиад ирдэг болсон. Гэр бүлдээ, өөртөө зарцуулах цаг зав нэмэгдээд сайхан байгаа” гэж ярих дүүрэн сэтгэлтэй, инээд алдсан бүсгүйг Д.Мөнхцэцэг гэдэг. Тэрээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар найм дахь жилдээ ариун цэврийн өрөөний үйлчлэгчээр ажиллаж байна.
Өмнө нь тус байгууллагын Тавдугаар байрт ажилладаг байсан бол Толгойт дэд төв ашиглалтад орсноор ийнхүү шилжин ажиллаж байгаа юм. Энэ тухайгаа тэрээр “2002 онд гэр бүлийнхээ хүнийг дагаад Улаанбаатар хотод ирж байлаа. Дорноговь аймагтаа эсгийний үйлдвэрт ажиллаж байгаад хотод автобусны кондуктор, Монгол HD телевизэд ажилласан. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын Гуравдугаар байрны угтах үйлчилгээний ажилтан н.Мөнхцэцэг найз маань энэ байгууллагад ороход их тус дэм болсон. Манай байгууллага ажилчдадаа их өгөөжтэй” хэмээн олон жил тогтвор суурьшилтай, сэтгэл ханамжтай ажиллаж буй тэрээр тус байгууллагын олон зуун ажилчид, амьдралын төлөө зүтгэж буй олон мянган ээжүүдийн төлөөлөл юм.

Д.Мөнхцэцэг ажлынхаа хажуугаар зүү ороож даалин урлана. Сүүлд загасан нуруу хатгаж сурч буй гэнэ. “Манай Толгойт дэд төвийн нэг хэсэг бол Уламжлалт гар урлалын төв юм. Энд үйл ажиллагаа эрхэлдэг урчуудаасаа суралцана. Эргээд тэднийгээ тав тухтай цэвэр цэмцгэр орчинд ажиллуулахыг зорино. Цэвэрлэгээ үйлчилгээнийхээ стандартыг баримталж ажиллана. Нэг өрөөг 25 минутад цэвэрлэх стандарттай бөгөөд 30 минутын зайтай эргэнэ. “А” блокийн нэг, хоёр давхрын 14 суултуур, дөрвөн писсауэр, 12 угаалтуурыг цэвэрлэдэг. Мөн баасан гараг бүр бүх ажилчид нийтийн их цэвэрлэгээ хийдэг” гэсэн юм.
Орбит, Толгойт, Нарангийн гол орчмын иргэдэд ойр буюу хамгийн их хүн ам төвлөрсөн бүсийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хороонд баригдсан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын харьяа “Толгойт – Уламжлалт гар урлалыг дэмжих төв” нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтад оржээ. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж нэг цэгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон дэмжлэг шаардлага жижиг дунд бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулалтаар үнэгүй байраар хангадаг байна. Энэ тухай тус төвийн менежер Б.Болор “Сонгон шалгаруулалтыг Сонгинохайрхан дүүргээс хийж, гэрээ байгуулдаг. Харин манайхаас байрны ашиглалт, хамгаалалт, зохион байгуулалтыг хариуцаж, зарчмаа танилцуулж ажилладаг. Энэ сарын сүүлээр дахин сонгон шалгаруулалт зарлаж бойжсон компаниудаа гаргаж, шинэ жижиг дунд бизнес эрхлэгчдээ үнэ төлбөргүй өрөөндөө оруулна” гэсэн юм. Толгойт дэд төвд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 12 ажилтантай бөгөөд байр хариуцсан менежер, угтах ажилтан, ажлын өрөөний үйлчлэгч, ариун цэврийн өрөөний үйлчлэгч, гадна талбайн үйлчлэгч, гурван ээлжийн слесарь, дизелийн техникчээс бүрдэнэ. Байрны менежер Б.Болорын хувьд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар угтах ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 2008 оноос хойш ажиллаж байгаа ажээ. “Энэ л байгууллагатай миний амьдралын хамгийн сайн сайхан зүйлс холбоотой. Төрийн алба их сургуулиа дөнгөж төгссөн боловсон хүчнүүдийг бие хүн болох хүмүүжлийг сайн олгодог. Хамт ажиллагсдадаа албан шаардлагыг нь тавьж ажиллахын сацуу хамгийн их цагаа өнгөрөөж буй газрыг нь эерэг уур амьсгалаар дүүргэхийг зорьдог” гэсэн юм. Мөн тог цахилгаан тасарсан үед дизелиэр цахилгааны эх үүсвэр гаргах боломжтой ажээ.
Түүнчлэн Толгойт дэд төвийнхөө талаар “Орбит, Толгойт, Нарангийн гол орчмын иргэдэд ойр буюу хамгийн их хүн ам төвлөрсөн бүсийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан. Үүнээс өмнө Драгон салбар дээр төвлөрдөг байсан тул оновчтой байршил гэж харж байгаа. Цаашид Дамбадаржаа зэрэг газруудад үүнтэй ижил дэд төвүүд ашиглалтад орно” гэх мэдээллийг сонсоод үүдээр ороход шинэ мэндэлсэн бяцхан үрдээ төрсний гэрчилгээг нь авах гэсэн эсвэл автомашины торгуулаа төлөх гэсэн юм гэх иргэд ар араасаа цуварна. Тэдний нэг нь С.Баатар юм. “Гялс ажлаа амжуулчихлаа. Хотын төв рүү явна гэхгүй ойрхон амар болжээ” гээд инээд алдан гарч байв.

Харин иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр ажилдаа шамдаж буй Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч Ч.Баасандоржоос тус төвийн талаар тодруулахад “Толгойт дэд төв ашиглалтад ороод нэг жил болох гэж байна. Иргэний улсын бүртгэлийн 22 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ буюу төрсний гэрчилгээ, гэр бүл бүртгэл, нас барсны гэрчилгээ зэргийг Толгойт орчмын иргэд ойроос авч буйдаа сэтгэл ханамжтай байдаг. Мөн нийгмийн даатгал, газар зохион байгуулалт, НЗДТГ-ын харьяа агентлаг энэ даваа гаргаас иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн” гэсэн юм. Цаашлаад тус хэлтсийн хоёр албан хаагч гэртээ ойртож, ажлын бүтээмж нь нэмэгдэж, гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа нь нэмэгдсэнийг онцолсон юм.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг үнэгүй байр, цэвэр орчноор хангахаас гадна хүүхдийн аюулгүй тав тухтай өрөөг тусгайлан байгуулжээ

Толгойт дэд төвд жижиг дунд бизнес эрхэлдэг 10 гаруй аж ахуй нэгж байдаг бөгөөд тэдний нэг нь “Саран” брэндийг үүсгэн байгуулагч, мастер оёдолчин Н.Тэргэлсаран юм. Түүний хувьд ижийгээрээ анх дээл урлахыг заалгаж, түүнээс хойш гэрээрээ оёдол эрхэлдэг байв. Харин өнгөрсөн онд “Толгойт-Уламжлалт гар урлалын төв”-д ажлын байраар хангадсанаар үйл ажиллагаа нь өргөжиж байгаа аж. Цаашлаад гэр бүлийн бизнес болгох зорилгоор нөхөр, хүү, охинтойгоо хамтран 30-аад нэр төрлийн үндэсний хувцас үйлдвэрлэж байна. Энэ тухайгаа тэрээр “Дуртай зүйлээ орлогынхоо эх үүсвэр болгоод ажиллаж буйдаа баярладаг. Сошиал орчин зэрэг бүхий л төрлөөр үйл ажиллагаа таниулахаар ажиллаж байна. Толгойт дэд төвийн байраар хангагдсанаар бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, үзэсгэлэн худалдаа зэрэгт оролцож үзлээ. Нэг жилийн хугацаанд бизнес маань хөл дээрээ бослоо гэхэд учир дутагдалтай. Энэ хугацаанд хүмүүст илүү танигдаж байна. Хоёроос гурван жилийн ард бол хөл дээрээ босчих болов уу. Тав тухтай, цэвэр орчноор хангадаг Толгойт дэд төвийнхөндөө баярлаж явдаг” гэсэн юм. Цаашлаад “Хэн хэнийхээ боломжид тааруулаад тэнгэрт тулсан үнэ хэлдэггүй. Бүгд л амьдралын төлөө зүтгэж яваа. Тав эмжээртэй эрэгтэй дээл гэхэд 400 мянган төгрөгөөр худалдаанд гардаг. Харин гадуур 550 мянгаас дээш үнэтэй байдаг. Эмэгтэй дан дээлээ 350 мянгаас доош үнээр хийдэг” гэсэн юм.

Тус төв нь үйлдвэр эрхлэгчдээ зөвхөн үнэгүй байр, цэвэр орчноор хангахаас гадна бага насны хүүхдээ дагуулж ирээд аюулгүй тав тухтай орчинд байлгах хүүхдийн өрөөг тусгайлан гаргаж өгчээ. Хичээлээ хийх ширээ сандал, тоглох тоглоом гээд бүгд бий.

Ийнхүү тус төв эсгий, мод, арьсан урлал гээд бүхий л төрлийн урчууд байна. Эко саван болон эсгий урлалаар үйл ажиллагаа эрхэлдэг “Тэмэгэ” брэндийн С.Мөнхзул тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сувенир, ингэний сүүтэй саван, эсгий углааш хийдэг байна. Үүний сацуу танхимын болон онлайн сургалтуудыг зохион байгуулдаг байна. Энэ тухай тэрээр “Сургалтад ашиглах материалаас бусдыг үнэ төлбөргүй ордог. Мөн цаг давчуу олон тооны захиалгадаа оюутнуудыг цагийн ажилтнаар авдаг. Манайх үндсэн таван ажилтантай. Тун удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулаад лаа болон савангийн үнэ төлбөргүй сургалт хийхээр төлөвлөсөн байгаа. Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, орон нутагт цөөнгүй сургалт орсон байна. ” гэсэн юм.
Энэ мэт төрийн болон гар урлалын бүтээгдэхүүн үйлчилгээг Толгойт дэд төвөөс авах боломжтой болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7932)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn