Ч.БЯМБАА

 

 

Хүмүүсийн сонсохыг хүссэн дуу ямар мэдрэмжтэй байхаас нь шалтгаалан өөрчлөгддөг

 

Хэн нэгэн хип хоп сонсвол “хэт задгай”, рок хөгжим сонсвол “хэт ширүүн”, поп сонсвол “хөнгөн”, сонгодог хөгжим сонсвол “ихэмсэг” гэх мэтээр хөгжмийн сонголтоор нь шүүмжлэх, тодорхойлох гэж оролддог хэвшмэл ойлголт бидний дунд байсаар иржээ.

“Монгол хүн байж сайхан монгол дуугаа сонссонгүй”, “Бүх үг нь хараал хэлж байгаа мэт ийм муухай дуу сонсохоо боль”, “Чи залуу хүн байж нийтийн дуу сонсоод байгаа юмуу”, “Залуус K-pop сонсож Солонгосын соёлд хэт автан өөрсдийгөө алдаж  байна”, “Ямар эмо дуу сонсдог юм бэ” гэх зэргээр гайхширсан, ёжилсон өнгө аястай үгсийг бид нэг бус удаа сонсож байсан.

Хамгийн сүүлийн жишээ л гэхэд нэг өдөр хоёр уран бүтээлчийн тоглолт давхцахад нийгмийн дунд талцал үүссэн гэхэд буруудахгүй. Зарим нь монгол хүн монгол дуугаа сонсоно”, “Дууны үг, аялгуу үнэхээр гоё учраас сонсох дуртай”, “Гадаад уран бүтээлчийн дуунаас тийм ч сайн мэдэхгүй шүү дээ” гэх зэргээр бичнэ. Нөгөө талд “Дэлхийн од ирж байхад үзнэ шүү дээ”, “Gen Z байж нийтийн дуу сонсоод байхдаа яах вэ дээ” гэх зэргээр өөрөө сонирхдоггүй бол бусад хүмүүс ч санал нэг байх мэтээр талцах нь хэвийн үзэгдэл болжээ.    

Гэвч дээрх асуудал хороондоо хуваагдаж талцан, хэн нэгнийг шүүмлэх асуудал огт биш. Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй ертөнц, сонирхолтой. Бүгд нэг хэвэнд цутгасан мэт байдаггүй. Үүний нэгэн адил хөгжмийг мэдрэх мэдрэмж нь өөр байдаг.  Тэр бүү хэл хүмүүсийн сонсох дуу өдөр бүрийн мэдрэмжээр нь өөрчлөгдөж байдаг. Өнөөдрийн mood нь сайхан байвал гэгээлэг, цоглог дуу сонсоно. Дуу хөгжим гэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг гэлтэй. Хөг, аялгуу бүр хэн нэгний амьдралын дурсамжийг өгүүлэх шидтэй байдаг.

Тиймээс бид өөрт таалагдаагүй л бол тухайн дуу, дуучин бүр сонсогчийг нь хүртэл  яагаад шүүмжлэх ёстой гэж.

Бид хүний дотор орж, мэдэрч байгааг нь мэдрээгүй учир тэр дуу түүнд ямар мэдрэмж төрүүлж байгааг мэдэхгүй. Яагаад тэр дуучинд дуртай болсныг нь мэдэхгүй. Тухайн аялгуу ямар дурсамжтай холбоотойг нь ч мэдэхгүй.

 

Бид өөрөөсөө өөр сонирхолтой хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй юу

 

Хөгжимд “зөв” сонголт гэж байхгүй. Хэн нэгэнд төгөлдөр хуурын намуухан аялгуу таалагдаж байхад, өөр нэгэнд бөмбөрийн хүчтэй хэмнэл таалагдаж болно. Хэн нэгэн хуучны дуу сонсож өссөн байхад, нөгөө нь өнөөдөр хит болж буй дууг сонсож өсөж байна. Энэ бол бидний бас нийгмийн ялгаа. Ялгаатай байгаа нь маргах шалтгаан биш.

Өнөөдөр бид хөгжим дээр хүртэл өөрийн үзэл бодлыг бусдад тулгах гээд байдаг. “Энэ л хамгийн гоё”, “Тэр бол жинхэнэ хөгжим биш” гэж өөрсдийнхөө хүслийг нийтлэг хэмжүүр мэтээр ойлгоно.

Тиймээс дараагийн удаа хэн нэгэн бидний сонсдоггүй, ойлгодоггүй төрлийн хөгжмийг сонсож байвал шууд шүүмжлэхийн оронд “Яагаад энэ дуунд дуртай, ямар мэдрэмж төрүүлж байгааг нь асуух хэрэгтэй. Магадгүй тэр асуултын хариуд бид хөгжмийн тухай биш, тэр хүний тухай илүү ихийг мэдэж болох юм.

Хэвшмэл ойлголтоо өөрчлөх гэдэг заавал том зүйлээс эхлэх албагүй. Бусдын гадаад төрх,  ажил, амьдралын сонголтыг шүүмжлэхээ болихоос гадна чихэвчний  цаана сонсогдох дуу хөгжмийн ертөнцийг хүртэл хүндэлж сурахаас эхэлж болно.

Эцэст нь бид өөр өөр зүйл сонирхож, төрөл бүрийн хөгжмийг сонсдог ч нэг зүйлийг хүсдэг. Юу гэвэл тэр хөгжмөөс кайф авахыг юм.

Тиймээс хэн нэгний сонсдог хөгжмийг шүүмжлэх бус тэр хөгжим тухайн хүндээ ямар үнэ цэнтэйг нь хүндэлдэг байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn