Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Засварчин хүн машины эвдрэл гэмтлийг олж тогтоон, засварлах нь эмчтэй адил. Тухайлбал, дотор эд ангиудыг нь оношилж, ямар асуудал гарсныг тодорхойлох нь рентгений эмч шиг, гэмтсэн эд ангийг нь сольж, сэлбэг тавьж, тос тосолгоо хийх нь мэс заслын эмч шиг, машинд дахин асуудал гаргахгүй урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг нь өрхийн эмчтэй адил үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн өвдвөл эмчид, машин гэмтвэл засварчинд ханддаг. Тэгвэл эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй засварын механик Б.Хуланг бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцолж байна.
Аавынхаа мэргэжлийг өвлөжээ
Автомашины засварчин гэдэг том машинуудыг эвдрэлгүй найдвартай ажиллуулахын төлөө ажилладаг мехнаникийн эмч юм. Тэгвэл 20 настай ч 240 тоннын багтаамжтай аварга том техник засдаг чадварлаг засварчин бол Б.Хулан. Тэрээр багаасаа аавыгаа дагаж техниктэй ажиллахыг сонирхож, мэргэжлийг нь өвлөж авснаар өнөөдөр хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй болжээ. Энэ тухайгаа “Би 2023 онд Өмнөговь аймгийн Политехник коллежийг төгссөн. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан аавтай минь холбоотой. Би багадаа аавыгаа гадаа машин засаж байхад дэргэд нь зогсоод түлхүүр дамжуулдаг хүүхэд байсан. Тэгээд бага багаар машин техник сонирхоод, эцэстээ энэ ажил надад хобби шиг л болсон. Ингээд аавынхаа мэргэжлийг өвлөж, автын засварчин мэргэжлээр суралцсан” гэсэн юм.
Тэрээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн засварын төвд ажиллаж байна. 2024 онд уг компанид хүнд машин механизмын засварчин мэргэжлээр албан ёсоор ажилд орсон бөгөөд богино хугацаанд өөрийн ур чадвар, хөдөлмөрч зангаараа хамт олныхоо итгэлийг олжээ. Тиймээс одоо том оврын техникүүдийн хэвийн ажиллагааг хангах ажилд хувь нэмрээ оруулж буй. Энэ тухайгаа “Анх ажилд ороод их айж, сандарч байсан. Нэг л өөртөө итгэхгүй, хийж чадах болов уу гэж боддог байлаа. Харин одоо бол дасчихсан, ажлаа жаргалтайгаар хийдэг болсон. Манайд 73 буюу тусгай тоноглолтой төхөөрөмжүүд, мөн 77, 85, 93 гэсэн дугаартай лодер, дозер, грейдер гээд олон төрлийн хүнд даацын машин бий. Эдгээрийг засварлаж байна. Харин хамгийн том нь 240 тоннын даацтай машин бий. Манай уурхайн хамгийн том техник гэж хэлж болно. Миний хувьд энэ техник дээр тос солих ажлыг голчлон хийдэг. Ер нь 250 мот цаг явсны дараа нэг удаагийн үйлчилгээ ордог. Тэр ажлынхаа хүрээнд тосыг нь сольж, хэвийн ажиллагааг хангах ажилд оролцдог гэсэн үг” гэсэн юм.
Гэрийнхэн болон найз залуу нь дэмждэг
Политехникийн коллежид охид ихэвчлэн үсчин гоо сайханчаар суралцдаг байна. Гэвч Б.Хулан автын засварчин мэргэжлээр зөвхөн хөвгүүд суралцдаг гэдэг хэвшмэл ойлголтыг өөрөөрөө үлгэрлэж, өөрчлөөд байгаа нь энэ юм. Энэ тухайгаа Б.Хулан “Ангидаа ганцаараа эмэгтэй оюутан байсан. Заримдаа ганцаардах, ичих мэдрэмж төрдөг байсан. Харин одоо ийм том, том техникийг засаж байгаа гэхээр өөрөөрөө бахархдаг” гэсэн юм.
Хүн мэргэжилдээ эзэн байж чадвал заавал эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн ялгаа байдаггүй. Тэр ч утгаараа Б.Хулангийн гэр бүлийнхэн болон найз залуу нь маш их дэмждэг нь тууштай байхад нөлөөлжээ. Энэ талаараа “Намайг аав, ээж, ах эгч гээд гэр бүлийнхэн маань маш их дэмждэг. Үргэлж “Хүсэл зорилгынхоо төлөө яв” гэж хэлдэг. Би нэг зүйл хийхээр шийдэхэд ард маань дандаа дэмжээд, урам өгөөд зогсож байдаг хүмүүс бий. Тиймээс миний мэргэжлийг ойлгож, хүндэтгэж хүлээж авдаг. Би дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй. Том ах минь цахилгаанчин мэргэжилтэй. Хоёр ах маань бүр их дэмждэг. Мөн найз залуу маань “Миний хайр чадна шүү дээ” гээд үргэлж урам өгч, дэмжиж байсан. Ажлыг минь ойлгодог хүнтэй байхаар сэтгэлийн том дэм болдог юм байна лээ. Хажуудах хүн маань дэмждэг учраас өөртөө илүү итгэлтэй болж, ажилдаа ч дуртай болсон” гэсэн юм.
Тэрээр найз залуутайгаа Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод хамт амьдардаг байна. Ажил нь ээлжийн хуваарьтай учир 14 хоног кэмпэд байрлаж, 14 хоног гэртээ амардаг гэнэ. Амралтаараа өөрсдийн ажиллуулдаг бизнестээ тусалдаг гэнэ. Энэ талаараа “Найз залуутайгаа жижигхэн бизнес эрхэлдэг. Тоглоомын газар, онлайн шоп ажиллуулдаг. Амралтын үеэрээ энэ ажлууддаа тусалдаг. Цаашдаа энэ бизнесээ улам хөгжүүлээд явах хүсэлтэй байгаа” хэмээн ярьсан юм.
Цаашид улам мэргэшиж ажиллахыг хүсдэг
Б.Хулан мэргэжлээрээ улам туршлагажиж, мэргэшихийг хүсдэг гэнэ. Цалин өндөр бас сонирхолтой ажил учраас цаашид энэ мэргэжлээрээ тууштай ажиллах бодолтой. Энэ тухайгаа “Цаашдаа тогтвор суурьшилтай ажиллаж, өөрийгөө улам хөгжүүлэх хүсэлтэй. Нэг газраа тууштай ажиллаж, сайн мэргэшсэн хүн болмоор байна. Мэргэшсэн боловсон хүчин гэдэг өнөөгийн нийгэмд маш чухал юм шиг санагддаг. Тиймээс салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн механик инженер болох хүсэлтэй” гэв.
Мөн тэрээр эдгээр том машинуудыг жолоодож үзэх битүүхэн хүсэлтэйгээ нуусангүй. Энэ талаараа “Би энэ том машиныг өөрөө жолоодож үзээгүй ээ. Манай Ухаа худгийн салбарт үнэмлэхтэй, тусгай зөвшөөрөлтэй хүн л барьж болдог. Гэхдээ жолоодож үзэх битүүхэн хүсэлтэй” гэсэн юм.
Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байна гэдэг зүгээр нэг оршин буй хүнээс өөр. Мэдлэг ур чадвар, үнэт зүйлээ бүрэн дүүрэн ашиглаж, бүтээж, хөгжүүлж, үнэ цэн бий болгодог. Тэгвэл Б.Хулангийн хувьд өөрийн айдастай нүүр тулж, хүнд хүчрийг үл ажран эзэмшсэн мэргэжилдээ зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй нь бахархам сайхан. Бас бусдын үзэл бодлоос ангид байж, нийгэмд тогтсон “Хэвшмэл ойлголт”-ыг өөрчилж буй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 226 (7723)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.
Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.