Р.Оюун

”Зөвийг шүгэлдэгчид” ТББ, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” хамтран “Шүгэл үлээгчийг хамгаалах” тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын 2026 оны намрын чуулганаар яаралтай хэлэлцэн батлахыг шаардаж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд яг нэг жилийн өмнө буюу 2025 оны намрын чуулганы өмнө бид энэхүү асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлэн, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчны хэрэгцээ, олон улсын туршлага, Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан.

Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд бодит ахиц хангалтгүй хэвээр байгаад харамсаж байна. Энэ хугацаанд төр өөрөө шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг удаа дараа хүлээн зөвшөөрч ирсэн. Ерөнхий сайдын захирамжаар хүртэл хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэх чиглэл өгч байсан. Засгийн газар уг төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр Монгол Улсад авлига, албан тушаалын зөрчил, нийтийн эрх ашигт хохирол учруулсан үйлдлийн талаар мэдээлсэн иргэнийг хамгаалах бие даасан, үр нөлөөтэй эрх зүйн тогтолцоо бүрдээгүй хэвээр байна. Шүгэл үлээгчийг хамгаалах шаардлагатай эсэх талаар хангалттай ярьж, хэлэлцсэн. Харин одоо бодит хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх шийдвэр гаргах цаг болсон байна. Бид энэ асуудлаар Засгийн газрын байр суурь, амлалтыг хангалттай хугацаанд хүлээлээ. Одоо УИХ асуудлыг бодитоор хэлэлцэж, шийдвэр гаргах цаг болсон байна.

Иймд бид УИХ-ын дарга С.Бямбацогт, ерөнхий сайд Н.Учрал нарт энэ асуудлыг нэн тэргүүнд авч үзэн, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг намрын чуулганы хүрээнд бодитоор урагшлуулан хэлэлцэж батлахыг шаардаж байна. Мөн өөрчлөлт, шинэчлэлийн тухай хамгийн их ярьж, иргэдийн итгэлээр сонгогдсон залуу үеийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүд энэ асуудалд тодорхой байр сууриа илэрхийлж, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл явцад бодит дэмжлэг үзүүлж манлайлахыг уриалж байна. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль нь зөвхөн нэг хүнийг хамгаалах тухай асуудал биш юм. Энэ нь үнэнийг мэдээлсэн иргэн эрсдэлтэй ганцаараа үлдэх үү эсвэл хууль эрх зүйн хамгаалалттай байх уу гэсэн сонголтын тухай асуудал юм.

Иймд бид дараах шаардлагыг хүргүүлж байна.

-Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлэх

-2026 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын тэргүүлэх түвшинд оруулж яаралтай батлах

-Хуулийн төслийг хэлэлцэн батлах тодорхой хугацаатай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх.

Мөн бид D-Parliament системээр дамжуулан Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлуулахыг шаардсан нийтийн өргөдөл санаачилж, цахим гарын үсэг цуглуулж эхлээд байна. Энэ санаачилгад УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийг нэгдэхийг уриалж байна гэлээ.

Эх сурвалж www.zms.mn