П.АМГАЛАН
“Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас нийгэмд тулгамдаж буй донтолтын асуудлын эсрэг “Сэргэлтийн дуу хоолой” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээр зорьж байна.
Тус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Баянмөнх архинд донтох эмгэгтэй олон жил тэмцэж, эрүүл сэргэлтийн замаар амьдралдаа өөрчлөлт хийснээс хойш 16 гаруй жил болж байгаа аж. Тэрээр өөрийн туулсан туршлагадаа үндэслэн донтолтын талаар зөв мэдээлэл хүргэх, түүнээс ангижрах боломжийг олон нийтэд таниулах зорилгоор ажиллаж байгаагаа хэллээ.
Мөн “Сэргэлтийн дуу хоолой” хөдөлгөөн нь улс төр, шашны ямар нэг байгууллагыг төлөөлөхгүй бөгөөд эмчилгээний байгууллагыг сурталчлахгүй гэдгийг онцоллоо. Харин донтолтыг өвчин гэдгийг нийгэмд ойлгуулах, донтолтоос ангижрах боломж, арга замын талаар зөв мэдээлэл хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх аж. Энэ талаар "Д.Баянмөнх “Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аараа дамжуулан нийгэмд байгаа олон төрлийн донтох эмгэгээс хэрхэн ангижрах боломжтой талаар хүмүүст мэдээлэл өгөх, зөв ойлголтыг түгээхийг зорьж байна. Архидалттай холбоотойгоор төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагууд олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн ч энэ чиглэлээр зөв, ойлгомжтой мэдээллийг нийгэмд хүргэх шаардлага байсаар байна. Одоогоор олон залуус тус хөдөлгөөнийг дэмжин оролцож байгаа бөгөөд анагаахын их сургуулийн зарим удирдлага, мэргэжлийн хүмүүсийн зүгээс ч үйл ажиллагааг нь дэмжиж байгаа" гэлээ.
Эх сурвалж:www.zms.mn