Р.Оюун
Хиймэл оюун ухаан сэтгүүлчдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, контент бүтээх арга барилыг хурдацтай өөрчилж байгаа энэ үед сэтгүүл зүйн хариуцлагын зааг хаана байх нь өнөөдрийн чухал сэдэв болоод байна. Хиймэл оюуны бүтээсэн мэдээлэлд алдаа гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Технологи ашигласнаа уншигчдад хэзээ, хэрхэн ил тод мэдээлэх ёстой вэ. Эх сурвалжийн нууцлал, хувийн мэдээлэл болон зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ. Энэ тулгамдсан асуултуудад практик шийдэл эрэлхийлэх, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох "Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2026: Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс ззүйн эрсдэл" чуулган өнөөдөр боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус форум нь салбарын ёс зүй, мэргэжлийн стандарт, хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг хэлэлцдэг Монголын сэтгүүл зүйн хамгийн том платформ юм. Энэ жилийн арга хэмжээ нь хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой бодит эрсдэл, редакцын өдөр тутмын практик шийдэлд шууд төвлөрч байгаагаараа онцлог. Форумын үеэр судалгааны шинэ үр дүн болох Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь синтетик медиа, "гүн хуурамч" контентын тархалт болон онлайн хэвлэл мэдээллийн залруулгын практикийн судалгааг анх удаа танилцууллаа. Мөн редакцын ёс зүйн жишиг зарчим буюу редакцууд хиймэл оюуныг хариуцлагатай ашиглахад чиглэсэн "Хиймлэ оюуны хэрэглээний ёс зүйн жишиг зарчмууд"-ын төслийг хэлэлцүүлж, салбарын нэгдсэн стандарт тогтоохыг зорьж байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг жил бүр зохион байгуулж ирсэн. Форумаар сэтгүүлчид, редакторууд, судлаачид, оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, бусад оролцогч талууд нэг дор цуглаж, туршлага солилцох, хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй практик сорилтуудыг хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлдэг. Форумын үр дүнд оролцогчид сэтгүүл зүйд хиймэл оюуныг ашиглахтай холбоотой өнөөгийн ёс зүйн асуудлуудын талаар илүү өргөн хүрээний ойлголттой болох, сэтгүүлчид, редакторууд редакцын үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах практик арга зам, тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцэж, туршлага солилцох, сэтгүүл зүйн чиглэлээр суралцалж буй оюутнууд болон баримт нягтлах, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын клубүүдийн гишүүд хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн асуудлаарх өнөөгийн мэргэжлийн хэлэлцүүлэг, чиг хандлагатай танилцах юм.
Эх сурвалж www.zms.mn