Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай өргөн хүрээтэй хэлэлцээрүүдийг хийлээ.
Энэ хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн улс орнууд хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болов.
Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев нар хамтран даргалав. Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов. Харин ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комисс, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улсын холбогдох яам, агентлаг, байгууллагын төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид оролцлоо.
“Дотоодын төдийгүй экспортын зах зээлийг нээж өгч байна”
Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, Хамтарсан хорооны ажиллах журмыг батлан, барааны худалдаа, гаалийн хамтын ажиллагааны дэд хороод, техникийн зохицуулалт болон ариун цэвэр, ургамлын эрүүл ахуйн асуудлаар хамтарсан ажлын хэсгүүд байгуулахаар тохиролцсон юм.
Монголын тал экспортын зах зээлийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх хүрээнд SPS шаардлага, гаалийн үйл ажиллагаа, гарал үүслийг баталгаажуулах, худалдааны техникийн саад тотгорыг бууруулах асуудлыг хөндөж, ЕАЭЗХ-ны зах зээлд Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдийг холбогдох худалдан авагч, бизнесийн түншүүдтэй шууд холбох санал гаргав.
Энэ үеэр Эдийн засаг, Хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн Атрын IV аян, Цагаан алт, Хүнсний хувьсгал бодлогын хүрээнд үндэсний үйлдвэр, тариаланчдаа дэмжсэн бодлогын үргэлжлэл юм. Дотоодын төдийгүй экспортын зах зээлийг нээж өгч байгаа үйл явдал юм. Энэ ажлынхаа хэрэгжилтийг үр дүнтэй хангах үүднээс Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев ирж гэрээнд гарын үсэг зурлаа. Ингээд эхний импорт, экспортууд хийгдсэн байна. Гэрээг хил гаалийн байгууллагууд мөрдөж эхэлсэн байна. Зарим нэг саад бэрхшээлүүд тулгарч байгаа ч бид яаралтай шийдсэнээр Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах, зөвхөн уул уурхайн экспорт биш, уламжлалт аж үйлдвэрлэлээ сэргээх том бодлогын хүрээнд хийгдэж буй ажил юм” гэлээ.
Түүнчлэн талууд 2027 онд Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийлүүлэх махны урьдчилсан хэмжээг тодорхойлж, техникийн саад тотгорыг арилгах чиглэлээр зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо. Мөн гаалийн дамжин өнгөрүүлэх тээвэр болон Гаалийн нэгдсэн транзит систем байгуулах саналын талаар мэдээлэл солилцов.
Талууд Барааны худалдааны дэд хорооны анхдугаар хуралдааныг 2026 оны эцэс хүртэл, улмаар сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2027 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөлөө.
ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев “Бизнесийн зүгээс шинэ худалдааны түр хэлэлцээрт маш их боломжийг олж харж байгаа. Тэр дундаа ЕАЭЗХ-ноос Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийг хангах хүрээнд Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Монгол Улсаас тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох тал дээр өндөр боломжууд байгаа гэж харж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, одоо байгаа худалдааны чиглэлийг хэрхэн өргөжүүлэх, мах боловсруулахад хэрхэн хамтран ажиллах тал дээр тодорхой төслүүдийн талаар ярилцлаа. Өнөөдрийн ажлынхаа үр дүнг ирэх арваннэгдүгээр сард ОХУ-д болох ЕАЭЗХ болон Монгол Улсын төлөөлөгчдийн дараагийн уулзалтаар ярилцана” гэсэн юм.
Монгол, оросын тээврийн коридорын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэх нэгдсэн болон салбар хуралдаан, бизнесийн уулзалт, хоёр талт уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
Тус чуулга уулзалт хоёр салбар хуралдаанаар үргэлжилсний нэг нь “Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан байлаа.
Монгол Улс, ОХУ-ын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Евразийн тээврийн коридорын хөгжлийг эрчимжүүлэх, хоёр орны хил орчмын бүс нутгийн тээвэр, логистикийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцсэн панель хуралдаан болж, хоёр улсын Засгийн газар, Зам тээврийн сайд, удирдах албан тушаалтнууд тээврийн салбарын одоогийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагаа, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцлээ.
Хуралдаанд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн сайдын орлогч, Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Монголын Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Забайкалийн хязгаарын холбогдох байгууллагын төлөөлөл, ОХУ-ын Эрхүү дэх Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Бүгд Найрамдах Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Ж.Доржиев болон хоёр орны тээвэр, логистик, дэд бүтцийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Тус хуралдааныг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээж үг хэлэхдээ Монгол Улсын зам, тээврийн салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй хөгжиж байгааг онцоллоо.
Тухайлбал, 2026 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нийт 123 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс авто тээврээр 82 сая тонн, төмөр замаар 41 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.
Мөн 2025 онд 180 сая зорчигч тээвэрлэж салбарын түүхэн дээд амжилтаа шинэчилсэн бол 2026 оны эхний найман сард 118 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тээврийн салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь гадаад худалдаа, тэр дундаа экспортын тээвэр байгааг салбарын сайд онцолж, энэ оны эхний найман сарын байдлаар 87 сая тонн экспортын ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Дамжин өнгөрөх тээврийг 30 сая тонноос давуулна
Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт, Хөшигийн хөндий-Номгон, Чойбалсан-ХөөтБичигт чиглэлийн төмөр замын төслүүд болон Ханги-Мандалын хил дамнасан төмөр замын холболт зэрэг төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэв. Тэрээр мөн “Эдгээр төслүүд нь Монгол Улсын экспортын гарцыг төрөлжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн шинэ урсгалыг татах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээврийн интеграцид нэгдэх, эдийн засгийг сайжруулах стратегийн ач холбогдолтой төслүүд” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86 болон 2026 оны 105 дугаар тогтоолын хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд төслийг 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн төвөөр дамжин өнгөрч буй аюултай ачааг хотын гадуур тээвэрлэх боломж бүрдэхийн зэрэгцээ цаашид нүүрс, зэсийн баяжмал зэрэг экспортын болон дамжин өнгөрөх ачааг тус чиглэлээр тээвэрлэх боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн төвийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Мөн Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтын зэрэгцээ ОХУ, БНХАУ-ыг холбосон авто тээврийн коридоруудыг үе шаттай хөгжүүлж байна. 2025 онд авто тээврээр 96.5 сая тонн ачаа тээвэрлэж, экспортын ачааны 89 хувийг авто тээвэр дангаараа гүйцэтгэсэн байна.
Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт өнөөдөр мөн үргэлжилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 173 (7915)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn