Б.ЭНХЗАЯА

“Сургуулийнхаа талбайд хөлбөмбөг тоглодог байхад гоё байсан” гэх үгийг нэгэн хүүгээс сонсов. Тэрээр таван жилийн өмнө Орос-III сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байснаа хэлжээ. Харин одоо тэр талбайд “Номун” хэмээх хотхон сүндэрлэж байна. Сурагчдын хөлбөмбөгийн талбайг “булаасан” уг хотхон баригдаж эхэлсэн цагаасаа асуудал дагуулсан гэнэ. Орос-III сургуулийн захирал Ж.Соронзон сургуулийн эзэмшил газрыг зарснаар Номун хотхон “мэндэлсэн” гэж оршин суугчид үздэг байна. Энэ хэрэгт тухайн үеийн хотын захиргаа, Боловсрол шинжлэх ухааны яамныхан холбоотой төдийгүй холбогдох албаныхны шалгалтыг хахуулиар хаадаг тухай мэдээлэл өгөв. Тэрээр Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонгын дүү. Уг асуудал гурав, дөрвөн жилийн өмнө шүүхээр хэлцэгдэж байснаа “нам” дарагджээ. Чөлөөт цагаа өнгөрөөж хөлбөмбөг тоглодог байсан хүүхэд багачуудад хайран санагдаж байгаа нь гарцаагүй. Нэгэнт сүндэрлэсэн хотхонд одоо “СӨХ”-г тойрсон асуудал өрнөж эхэлжээ. Уг хотхоны талаар сурвалжлахаар очиход СӨХ гэх тодорхой нэр устай хаяг самбар, өрөө тасалгааг олж харсангүй. Эрэл сурал болсоор олж овчол нэр хаяггүй “2009” дугаартай өрөө угтав. Хотхоны СӨХ гэхэд гутмаар давчуухан өрөөнд хоёр ширээ багтаж ядна. Сантехникч бололтой залуу компьютер ширтэнгээ ширвэсхийн, СӨХ-ны нэрийг “Ивээлт номун” хэмээн өгүүлэв. Оршин суугчдын дунд зохион байгуулдаг ажлын талаар тодруулах гэсэн боловч “Мэдээлэл өгөх шаардлагагүй” хэмээн тас хорив.
“ИВЭЭЛТ НОМУН” СӨХ-НЫХОН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАДАГГҮЙ
Шинээр ашиглалтад орсон байрыг барилгын компанийнхан эхний гурван жилд засвар үйлчилгээг хариуцах учир “Ивээлт номун” СӨХ-ныхноос уг ажил хол байх ч, хотхоны цэвэрлэгээ, үйлчилгээ, жижүүр, гадна дотно орчны хог хаягдлыг хариуцах ёстой. Уг ажил цалгардсаныг айлууд хэлж байна. Орцны хогийн цэг хэд хэдэн удаа дэлбэрсэн аж. Энэ нь хог хаягдлаа хугацаанд нь ачиж, зайлуулаагүйгээс үүдэлтэй гэнэ. Мөн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байдаг юм байна.
“Номун” хотхоны оршин суугчид нь СӨХ-ндоо сар бүр татвараа төлөхөөс өөр зүйлийг мэддэггүй аж. “Татварын мөнгөө хугацаанд төлөөрэй” гэх зарлалаас хэтэрдэггүйг тэд хэлж байв. Угтаа оршин суугчдын саналын дагуу СӨХ-г байгуулж, үйл ажиллагаагаа тайлагнах ёстой ч энэ хууль уг хотхонд үйлчилдэггүй бололтой. СӨХ-г оршин суугчдын дундаас хэн, хэчнээн хүнтэй байгуулж байсан нь тодорхойгүй.
Энэ талаарх мэдээлэл тэдэнд алга. Учир нь “Ивээлт номун” СӨХ-ныхон үйл ажиллагаагаа тайлагнадаггүй аж. Ашиглалтад орсон цагаас нь амьдарч эхэлсэн зарим айл СӨХ-ноос хурал зохиож байсан талаар сонсоогүй байна. Харин татвар өндөр байгаад зарим иргэн бухимдаж байв. СӨХ-ны дээд зөвлөлийн гаргасан тогтоолоор байрны оршин суугчид 1м.кв-ийн үнэ 120 төгрөг байхаар тогтжээ. Харин уг хотхоны 1м.кв-ийн татварын үнэ 170 төгрөг гэнэ. Үүнийг бодоод үзвэл нэг айл сард 20-30 мянган төгрөг төлж буй аж. Урьд нь 200 төгрөг байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин зарим айл нь СӨХ-ны татвараа хоёр жил орчим төлөөгүй явж байгаа гэнэ. Учир нь татварын хэмжээ өндөр байгаад тэд бухимджээ. Тэдний хэлж буйгаар татвараа нэхэж шаардсан зүйлгүй өдий хугацааг үдсэн болохоор нэг л өдөр бөөн мөнгөний өр гарч ирэх болов уу гэсэн айдастай байгаагаа учирлаж байв. Нөгөө талаар “Ивээлт номун”-ынхон дуулгавартайгаар өгсөн айлынхаа татварын аваад таг болдог бололтой.
Сар бүр цугларах уг хөрөнгийг чухам юунд зарцуулдаг болох нь оршин суугчдын дунд асуулт хэвээр. Иймэрхүү асуудлын цаана мөнгө угаах ажил явагдаж буйг олон жишээ харуулж буй юм.