Ч.ЗОТОЛ
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сонгуульд амжилт авчрахын төлөө ажилласан бүх хүмүүстээ, хамгийн гол нь МАХН-ын эвсэлд итгэж, явуулсан үйл ажиллагаа, дэвшүүлсэн бодлогыг нь дэмжсэн нийт ард түмэндээ хандаж талархсанаа илэрхийллээ.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт “Шударга ёс” эвслээс УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-аас батламжаа аваад байгаа гишүүд болон намаа ялуулахын төлөө ажилласан бүх гишүүд, хамтран зүтгэгчдээ “Чингисийн өргөө” жуулчны баазад хүлээж авсан юм. Ёслолын ажиллагааг МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө нээж, эвслийн бусад удирдлагууд, удирдах бүрэлдэхүүний хамт нийт гишүүддээ баяр хүргэлээ.
Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Бид өнөөдөр тангараг өргөсөн гишүүдээсээ ч илүү олон болох байх гэж найдаж байна. Бид үүнээс илүү амжилт үзүүлэхийг хүсч байсан. Сонгуулийн дүнг сонсоод бид 20-оос доошгүй суудал авах байсан даа гэж дотроо бодсон хүн цөөнгүй. Гэвч, чамлахаар чанга атга гэсэн монголчуудын мэргэн үг бий. УИХ-ын сонгуульд анх удаа амжилттай оролцож, бүлэг байгуулах хэмжээнд суудал авчирлаа гэдэг ойлголтыг ард түмэн ч авсан, мөн гадаад ертөнц ч энэ мэдээллийг авсан байх. Тийм учраас энэ амжилтыг авчрахын төлөө ажилласан бүх хүмүүстээ, хамгийн гол нь бидэнд итгэж, бидний явуулсан үйл ажиллагаа, зорьж зүтгэж байгаа бодлогыг дэмжсэн нийт ард түмэндээ талархлаа илэрхийлье. “Шударга ёс” эвслээс дэвшүүлсэн таван хувьсгал, “Өргүй Монгол” хөтөлбөр одоо ч та бүхний цээжинд бий. Үүнийгээ бид мартаагүй байгаа. Өнөөдөр УИХ-ын бүтэц нэгэнт бий болсон. Дараагийн алхам нь Засгийн газрыг бүрдүүлэх ажил, үүнд бид бэлтгэлтэй байх ёстой. Дотроо нэгийг тунгааж, хоёрыг бодох учиртай. Тиймээс бидэнд цаашид хийх ажил олон бий. Энэ бол зөвхөн эхлэл юм. Бид маш хол явна. “Шударга ёс” эвсэл “Морины туурайгаар Монголоо тамгална” гэсэн зорилт дэвшүүлсэн, мориор бол манай эвсэлд сайн морины шинж бий гэж найдна. Монголчууд сайн морио уяж хурдлуулдаг. Түүнтэй адил бид 2016 оныг хүлээх биш одооноос дотроосоо мориор бол сайн морио уяж, уяа сойлгыг нь тааруулж, өдөр тутмын ажлаа яаж төлөвлөхөөс эхлээд, энэ зун яаж ажиллахаа, ирэх намар яаж ажиллахаа, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлж, бүх ажлаа хийнэ. Идэвх зүтгэлтэй, ухаалаг тэвчээртэй сайхан хамт олон бүрдлээ. Одоо цаашид эвтэй, хүчтэй, зоригтой байх ёстой, холыг хардаг байх ёстой, зорилгодоо хүрэхийн төлөө бие биедээ тусалж ажиллах ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиар бид харуулж чадсан, цаашид ч тийм байна гэж найдаж байна” хэмээн онцоллоо.