Б.ЦЭНД-АЮУШ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа эрэгтэй маникюр артист С.Ихбилгүүнийг урьж, ярилцлаа.

 

Зураг зурах авьяасаа хумсны урлагтай хослуулагч

 

Маникюр нь хумсыг засаж янзлахаас гадна өнгө, хэлбэр, зураглалаар дамжуулан хүний гарын төрхийг өөрчлөх ур чадвар шаардсан ажил. Артист хүн үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлэн өнгө, загварыг сонгож, өөрийн уран сэтгэмжээр илэрхийлдэг. Гэвч энэ ажлыг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэх хэвшмэл ойлголт бий. Харин С.Ихбилгүүн энэ ойлголтыг өөрчилж, маникюр артистын мэргэжлийг сонгон, зураг зурах авьяасаа хумсны урлагтай хослуулан ажиллаж байна.

С.Ихбилгүүн 2023 онд энэ салбарт орж, зураг зурах сонирхлоо маникюрын ажилтай хослуулан бүтээл хийж эхэлжээ. Анх найз охин Н.Анужинд маникюр хийж өгснөөр энэ ажилд илүү сонирхолтой болсон байна. Энэ тухайгаа  “Анх энэ мэргэжлээр ажиллаж эхлэхэд  “Эр хүн байж эр хүний ажлаа хий”  зэрэг үгийг сонсоод, сэтгэлээр унадаг байсан. Гэхдээ дуртай зүйлээ орхилгүй хөгжүүлсээр ирсэн. Найз охиндоо маникюр хийж өгч байхдаа энэ ажлыг хийж чадна гэдгээ ойлгож, зөв мэргэжлээ сонгожээ гэж бодсон.Түүнээс хойш хийсэн бүтээлүүдийнхээ зураг авч, бичлэг болгон олон нийтэд хүргэж эхэлсэн.

Заримдаа шантрах үе байдаг ч найз охин маань үргэлж дэмждэг. Хумс янзалж байхад бичлэг  хийж  өгнө, санал бодлоо хэлнэ. Хамт байж, дэмжиж байгаа нь  надад их урам өгдөг” хэмээн ярив.

Тэрээр маникюрыг зөвхөн эмэгтэй хүний нарийн мэдрэмж шаарддаг ажил гэсэн ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ энгийн загвараас илүү өвөрмөц, нарийн хийцтэй бүтээл хийхийг зорьдог ажээ.

“Манай улсын маникюр артистууд ихэвчлэн энгийн загвартай будалт хийдэг. Харин би бусдаас ялгарах, өвөрмөц зүйл хийхийг хүсдэг. Ялангуяа хэцүү зураг зурах, нарийн хийцтэй хумс хийхээс шинэ мэдрэмж авдаг.

Анх царайгаа харуулж, хумс хийж буй үйл явцаа бичлэг болгон нийтэлдэг хүн цөөн байсан. Би гадаадын артистуудын бичлэгийг Монголын бичлэгүүдтэй харьцуулж үзээд өөрийн гэсэн арга барилаар ажиллах хэрэгтэй гэж бодсон. Ингээд анхны бичлэгээ хийсэн. Тухайн үед 200 гаруй дагагчтай байсан ч хүмүүсийн сэтгэгдэл надад урам өгсөн.

Тэр үеэс илүү өвөрмөц бүтээл хийхийг зорьж, сайн зураг зурдаг артист болох зорилго тавьсан. Энэ зорилгод хүрэхэд багш маань их дэмжиж, шаардлагатай багаж хэрэгслээр хангаж өгдөг байсан. Ингээд зорьсондоо  бага багаар хүрч байна” гэв.

 

Үндэсний хэв маягтай салон байгуулахыг хүсдэг

Түүний хийсэн бүтээлийг 1-2 минутын бичлэгээс харахад амархан мэт  харагдах боловч цаана нь олон цагийн хөдөлмөр бий. Нэг бүтээл хийхэд хамгийн багадаа найман цаг зарцуулдаг  байна. Заримдаа шөнөжин ажиллах тохиолдол ч гардаг гэсэн юм.

“Бүтээлээ хийхээсээ өмнө цаасан дээр ерөнхий загварыг нь зурж төлөвлөнө. Дараа нь хумсан дээр буулгана. Мөн шинэ санаа хайж, монгол бичгийн үг, дүрслэлийг судлан бүтээлдээ оруулахыг хичээдэг.

Сүүлийн үед үндэсний хэв шинжтэй бүтээлүүдийг илүү их хийхийг хүсдэг болсон. Цаашдаа монгол хумсны онцлогийг бий болгож, үндэсний хэв маягтай салон байгуулахыг хүсдэг. Монгол хумс гэж юу болохыг хүмүүс ялган таньдаг болж, гадаадынхны сонирхлыг ч татахыг зорьж байна” гэлээ.

Хумс хийхээс гадна бүтээлээ бичлэг болгон хүргэхэд ч их цаг зарцуулдаг байна. Хумсаа хийхийн зэрэгцээ бичлэгээ авч, дараа нь өөрөө эвлүүлж, засварлана. Найз охин нь ч бичлэг хийхэд нь тусалдаг аж. Энэ тухайгаа “Типэн дээр хумс хийхэд 8-10 цаг зарцуулдаг. Харин хүний гар дээр шууд хийхэд илүү удаан. Ялангуяа хүний царай зурах хэцүү. Гадаад хүмүүсийн нүүрний хэлбэр харьцангуй том байдаг бол монгол хүний хацар, нүд зэрэг жижиг хэсгүүдийг нарийн гаргах шаардлагатай.Бүтээлээ нийтлэхээсээ өмнө найз охиндоо үзүүлж, санал бодлыг нь сонсдог ” гэв.

С.Ихбилгүүн бүтээлүүдээ ихэвчлэн TikTok-т нийтэлдэг байна. Мөн  бичлэгийнхээ дараах сэтгэгдлүүдийг унших нь урам өгдөг аж. Ялангуяа хүүхдүүдийн бичиж буй эерэг сэтгэгдэл их байдаг гэлээ.

 

“Маникюр нь гоо сайхны үйлчилгээ төдийгүй урлагийн нэг хэлбэр”

 

Маникюр нь гоо сайхны үйлчилгээ төдийгүй урлагийн нэг хэлбэр хэмээн С.Ихбилгүүн тодотгосон юм. Энэ талаар “Маникюр нь өөрийн гэсэн ертөнц бүхий урлаг. Энэ салбарт олон улсын тэмцээнүүд  зохион байгуулагддаг бөгөөд онлайнаар ч  оролцох боломжтой.  Би ихэвчлэн  онлайнаар тэмцээн оролцож байсан.  Тэмцээний үеэр хумсыг  хэрхэн цэвэрлэх, махыг нь хэрхэн авах зэрэг нарийн ур чадварыг хүртэл үнэлдэг.

Би зураг зурах болон дизайныг хослуулж ажиллахыг зорьдог. Гэхдээ бүхнийг өөрөө хийхэд маш их цаг зарцуулна. Мөн олон төрлийн материал, будаг, багаж хэрэгтэй болдог учраас зураг зурах чиглэлдээ түлхүү анхаарч байна.

Цаашдаа найз охинтойгоо хамт өөрсдийн гэсэн салонтой болох мөрөөдөлтэй. Магадгүй таван жилийн дараа салоноо нээгээд, найз охин маань захирал, би менежерээр ажиллаж байх ч юм бил үү. Өөрийн хөдөлмөрөөр ирээдүйн түүхээ бүтээх хэрэгтэй” гэв.

Монголд эрэгтэй маникюр артист цөөн байдаг. Нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг энэ мэргэжлийг сонгосон С.Ихбилгүүнийг хамгийн их дэмжиж, урам зориг өгдөг  хүмүүсийн нэг нь найз охин Н.Анужин юм.

Тэрээр С.Ихбилгүүний талаар “Миний хамгийн сайн түшиг болдог хүн. Ажлаа хийж байхдаа үнэхээр мундаг харагддаг. Хүмүүс хумсаа хийлгэсний дараа сэтгэл хангалуун гарч явахыг харах сайхан байдаг. Намайг хэцүү үед байгааг хэлүүлэхгүй мэдэрч, гараас минь атгаад тайвшруулж чаддаг. Миний хамгийн итгэлт хүн. Тиймээс түүний хийж байгаа бүх зүйлд итгэдэг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 168 (7910)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn