Сэлэнгийн найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ё.Балдан “Жүжигчний уран чадвар: Тайзны хөдөлгөөн” шинэ номоо гаргажээ. Уншигчдын гарт очоод удаагүй байгаа уг номын төгсгөлийн хэсгийг уншигчдадаа хүргэж байна.
Тайзны хөдөлгөөн бол орчин нөхцөл түүхэн цаг үе үндэстний ахуй амьдралын өвөрмөгц хэв шинж агуулсан бүтээл юм. Ийм аж амьдралын амьд орон зай цаг хугацаанд хөдөлгөөнөөр хувирч чадсан жүжигчнийг сайн жүжигчин гэж үзэгчид үнэлдэг. Тийм учраас жүжигчин тэрхүү дүрслэгдсэн ахуй нөхцөл орон зай цаг хугацааны эрхшээл дор түүнд ууссан шингэх гэж тэмүүлэхээс өөр аргагүй. Ийм хуулийн дагуу дүрийн хөдөлгөөнийг шилж сонгон бүтээдэг учраас ам хамраа дарж аальгүйтсэн хөдөлгөөнөөр Аннаг дүрслэх боломжгүй юм. Нөгөө талаар Холливудын алдартай жүжигчин Жулия Робертс “Жулия Робертс Монголд” гэдэг баримтад кинонд зураг авхуулахдаа илүү дутуу зангүй жинхэнэ хүн шиг байж ахуй орчинтойгоо удалгүй дасан зохицож чаддагийг харуулсан. /Энд дүрд хувираагүй ахуй орчинд дассан зохицсон хариу үйлдлийг зөв хийсэн/ ”Хөөрхөн хүүхэн”-ий дүрд хувирч ертөнцийг байлдан дагуулж байсан тэр өндөр соёлтой үзэсгэлэнт эмэгтэй монгол дээл хувцас өмсчхөөд малын захад явж байгаа нь хаанаас нь ч харсан хөдөөгийн хар бор амьдралд нухлагдаж өөрийгөө гээсэн монгол бүсгүй л болж харагддаг. Тэгэхдээ тэр америкийн алдарт жүжигчин Робертс л байдаг. Эндээс бид хүний зан төрх хөдөлгөөн нь орчин тойрноо ухаарч мэдэрч ойлгосон хариу үйлдэл байдаг, дүр бол тухайн жүжигчний өөрийгөө гээгээгүй бүтээл болохыг харж байна. Бас хөдөлгөөн ахуй хоёрын зохицол дор чөлөөтэй энгийн үйлдэхийн гайхамшгийг эндээс бид харж мэдэрч байна. Бас түүний нүүдэлчин ахуйд амьдарч морь унаж малын захад малчны амьдралаар “халуунд халж хүйтэнд хөрж” яваа нь эр зориг шийдэмгий зан тэсвэр тэвчээр тайзны хөдөлгөөний амьд хичээл болж байна. Ийм уян хатан дуулгавартай биетэй болж хөдөлгөөнөө ойлгомжтой товч тодорхой үнэн үйлдэх аргыг тайзны хөдөлгөөний хичээлүүдээс олж авах юм. Гэхдээ зөвхөн номд бичигдсэн онолын ерөнхий ухагдахуунуудыг уншиж ойлгосноор энэ бүхэн биелэхгүй гагцхүү дасгалын тусламжтайгаар өөрийн биеэр эзэмшиж биеэ өөрийн нэгэн хэл болгож чадаж байж театрын босго алхаж болох билээ. Хэлгүй “дуугардаггүй” биетэй хүн театрт хэрэггүй. Ийм ”хэлтэй” хүнийг “бүтээх” гэж энэ хүртэлх цаг хугацааг дасгал сургуулилтад алдаж байгаа билээ:
Тайзны хөдөлгөөний дасгалд хичээл биеийн эрхтнүүдийг өөрийн санаснаар удирдаж жолоодох дасгал, дасгалаар ухамсарлагдаж танигдаж мэдэгдсэн хөдөлгөөнөө зорилгоо биелүүлж сэтгэлээ илэрхийлэх дүрслэлт үйлдэл болгон хэрэглэж сурах судалбар тренинг гэсэн хоёр хэсгээс бүрддэг тухай яригдсан. Тийм учраас “Биеийн хөдөлгөөний дүрслэлийн зохицол номын хавсралтад дүрслэлийн өөр өөр аргатай Ёжи Гротовски, Н.Карпов нарын цуврал багц дасгалыг хооронд нь харьцуулан үзэж жүжигчний тайзны хөдөлгөөнийг хэрхэн яаж эзэмшүүлж байгааг жишиг болгон сургалтдаа хэрэглэх зорилгоор оруулсан болно.
Тайзны хөдөлгөөн нь жүжигчний уран чадвартай уялдаа холбоотой болж байж тэр бидэнд хэрэг болдог тул биеийн хөдөлгөөний хичээлийг уран чадварын “гал тогоо” ч гэж хэл болох юм. Энэ хэсэгт л уран чадварын нарийн технологи “чанагдаж” боловсорч театрт шилжиж байгаа учраас тэгж нэрлэх бололцоотой болж байгаа юм. ¬Ер нь жүжигчин бэлтгэх ажил, театр өөрөө оршин тогтнож амьд байгаагаа үзүүлэх нэг тал бол орчин цаг үетэйгээ таарч тохирсон арга барил шинэ хэв маяг шинэ арга техник эрж хайх ажиллагаа байдаг. Хуучирч муудсан нэгээхэн зүйл ч театрт хэрэггүй.
Нөгөө талаар энэ номд орсон сэдвийг тодруулах зорилготой монгол гэр монгол ахуй тойрсон амьдралын хөдөлгөөнөөр дасгалаа бүрдүүлсэн нь бий. Бидний хөдөлгөөн улам хумигдаж хот суурин шинжийг агуулж хаалга үүд нээж хаах машин тэрэг сандал диван дээр суух ууш зуушны газар тухалж хундага тулгах төдийхөн хот маягийн амьдралын цөөхөн хөдөлгөөн өдөр бүр давтагдах болж биеэрээ үг хэлүүлж бусадтай харьцах харьцаа хөдөлгөөний хэллэг дүрслэх чадвар хэрэгцээгээ гээж алдсаар байна. Бид энэ мэтийн шалтгаанаар нийтийн гэх “соёл”д автаж хот газрынхан маань ялангуяа жүжигчдийн хөдөлгөөн Европ Ази хүмүүсээс ялгахааргүй болж монгол хүний хөдөлгөөний баялаг, сэтгэл хөдлөм байдал хомс болсоор хөдөлгөөний нийтлэг хам шинжийн өвчинд идэгдэж бусдад уусаж ч байх шиг.
Морь унах, эмнэг булгиулах адуу малтай ноцолдох уургалах, үнээ мал саах, нүүдэл суудал аян жинд явж ачаа татаж, түлээ хагалж, аргал түүх, харанхуй шөнөөр хоттой хонио эргэх зэрэг монгол ахуйн бүхий л хөдөлгөөн ард түмний маань “зохиосон” тайзны хөдөлгөөний хаана ч байхгүй дахин давтагдахгүй бодит хичээл-дасгал дотор бид амьдарч байна. Энэ амьдрал дундаас төрсөн ардын дуу хуур Монгол ахуй гэрийн соёл дотор театрын сургуулийнхны уран чадвар тайзны хөдөлгөөний хэдэн сар жилээр уншиж сурч ихээхэн хөдөлмөр зарж олж авдаг хараа сонсгол амтлах үнэрлэх, хүч хурд, булчингийн мэдрэмж тэнцвэр зэрэг тайзны хөдөлгөөний бүх сэдвүүд өдөрт хэдэн арван удаа давтагдаж байна. Ингэж монгол ахуй амьдралтай ойр байж монгол жүжигчинтэй Монголын театр урт удаан оршин тогтнож хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд орших болно гэж итгэнэ. Дэлхийд гарна гэж “хашхирах” бол нэг хэрэг. Гэтэл манай зарим театруудад тавигдаж байгаа зарим жүжиг элдэв туршилт, эрэлхийлэл нэрийн дор хэв загвар хэлбэрийн “бантан” гэмээр зүйл болж байна. Нэг тайз нэг жүжигт тоглолтын тэс өөр арга барилтай жүжигчид тоглох ч юм уу уран зөгнөлийн тайз засалтай үлгэрийн орчинд натурал үйл явдал дүрслэх зэргээр хэв нэг эрээ цээргүй байж болохгүй. Тэгэхийн оронд цамын бүжгээр бурхдын домгоос сэдэвлэсэн багтай пантомимо шашны,үлгэр туульс хайлагчдын нэг хүний мони драмын, оньсого зүйр цэцэн үг ертөнцийн гурвал түргэн хэллэгээр хүүхдийн, явган яриа онигоо наргиагаар далан худалч бадарчны хөгтэй явдлаар монголын нэг өдөр хошин шогийн, бий биелгээгээр ардын зан заншил ахуй амьдрал хайр сэтгэлийн сэдэвт жүжиг тоглодог үндэсний зан үйлийн театрууд байж болохгүй юм болов уу? Оролдох л хэрэг гарна. Тэнд л унтаа байдалтай байгаа ардын урлаг өв их соёл театрын бодит ахуйд дахин бүтээгдэж хол ойрын хүний анхаарал татаж хараа булаах яруу сайхнаар өнөө цагт дахин амилбал сайн сан. Гэвч ардын бүтээл соёлын үнэт зүйл өнөөдөр дэглээч, дуулаач, хөгжмийн зохиолчийн гар дамжин гансартлаа дуулж ганхтлаа бүжиглэхээс цааш хэтрэхгүй тэдний өмч мэт болж нэг их арчилж тордсон юмгүй “шалдан” төдий л тэсэж байна.
Үндэсний театрын төрөл хэлбэрийг олшруулах бололцоо энэ мэтээр ардын урлаг дотор олноороо оршиж байгаа биз. Харин бид театрын урлагийг харах ”фокус”-аа улам нарийсгаж хардаггүйгээсээ болж өнөөгийн тайзны урлагийн хөдөлгөөний хэлбэр төрх шаардлагаас хоцорч яваагаа олж харахгүй төөрөлдөж хий хөөсөн дотор хөвж яваа нь үнэн. Энэ ч бараг амьдралын бүх түвшинд жам ёсны юм шиг болж зурагтын хөтлөгч нэвтрүүлэгчээс эхлээд ер нь хэн хэнгүй эр эмгүй хэт гоёж гоодон хуурамч хиймэл зан хувцас будаг шунхны ард өөрийгөө нууж үнэн төрх хүн байхаа алдаж байна. Ингэж энгийн юм бүхэн биднээс холдохын хирээр ичиж зовох үнэн мэдрэх мэдрэмжээ гээж “эхээс төрөөгүй эргээс төрсөн” мэт хөндий хоосон хүн болж амьдрал улам л бохирдож хөөсөрч байна. Яагаад энгийн байхаас зугтаж, бодит амьдралыг хуурамч маяглалаар солиод байна вэ? Театрт бол маяглал огт хэрэггүй.
үрс бичлэгийн камер барьсан хөдөөгийн найруулагч хүү дэлхийд танигдана гээд шогшиж явах бол даруухан хэлэхэд цагаа алдаж байгаа зүгээ л нэг хий марзгана. Мөрөөдөж болно. Гэвч бид үнэндээ “амьдрал дээр ямар байгааг харж анхаарч мэдэрч өөртөө шингээж жишихийн оронд хэлбэр хөөж байна. Хэт хялбар амархнаар төсөөлж байна. Энгийн юм гэдгийг ядаж үзэж харахыг хүсэхгүй хажуугаар нь давхилдаж хүн байхын оронд “уулын буга” хайж байна. Ингэснээр уран сайхны бүтээлийн оронд хэт хээнцэр тордож гоёсон амьдрал юм уу эсвээс “тогоо шанаг эргэлдүүлж эл дол болсон нэг хэвээр гурил зуурсан гэхээс ялгарах юмгүй” /Б.Брехт/ жүжиг,театраас хэтэрч чадахгүй байдалд орж нөгөө “би би”-гийн өвчнөөр өвчилж уруудан доройтохын үзүүрт тулж очихыг үгүй гэх агагүй. Гэтэл үзэгчид мэдрэмжийн хувьд нарийн зохицолтой театрын гэж хэлэгддэг үнэ цэнтэй хөдөлгөөн нэхэж байна. Үүнийг бид хаагуур нь тойрч гарах аргагүй. Тийм учраас театр бүр биеийн хөдөлгөөний дүрслэлийн шинэ арга маяг гүйцэтгэлийн эрэлд дасгалаар дамжин гарахаас өөр аргагүй байна. Унтаа байдлаас салах арга бол энэ. Үнэн мэдрэмж байх болно. Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал.
Нөгөөтээгүүр тайзны хөдөлгөөн дахь амьдралын үнэн бол эцсийн цэг биш болжээ. Харин ч амьдралын үнэн хөдөлгөөн театрыг царцаан хөшөөх цэг болж байна. Бас хир хэмжээ нь хэтэрсэн утга учиргүй хөдөлгөөн өөрийгөө шоолсон элэглэл болон хувирдаг байна. Сайн жүжигчний тоглолт бол дээд зэргээр эзэмшсэн тайзны хөдөлгөөний дасгалын зөв хэлхээ юм. Учир нь дүрд хувирах гэдгийг зөвхөн өөрийн “би”гээ арчин амьдралын тухай үнэн төсөөлөл бий болгох явдал гэж үзэж болохгүй байна. Дах нөмрөөд монгол гутал углаад аян жинд явж байгаа монгол гээд тайз дэлгэцэн дээр гараад ирэхийг дүр гэж харж болохгүй. Бас уранхай жинс өмдтэй электрон тамхи татаж гар утсаар ярьдаг Достоевский гэж хэт өрөөсгөлөөр хэтрүүлэн хөөрөгдөж болохгүй. Дүрийн цаанаас хөдөлгөөнөөр зориуд бүтээсэн мэдрэмж ур ухаан үзэл бодлын нарийн хийц цаг үе орчин ахуйтайгаа хамт нэгэн зэрэг сэтгэлд эгшиглэж байх ёстой.
Цаг үе өөр өөрийн онцлох ялгаатай. Хүн бүр өөрийн онцлогтой. Үйлдэл бүр зорилготой. Энэ бүгд нэгэн цаг орон зай дотор холилдоно гэж байхгүй. Тийм болохоор жүжигчин тухайн цаг үе орон зайд хариулт эрж дүрдээ таарч тохирох алхаа гишгээ зогсолт дохио зангаа эрж хайдаг хөдөлгөөний мөнхийн эрэлчин байх ёстой болж байна. Бүгд дахин давтагдашгүй. Яг одоо урсан өнгөрч байгаа энэ хором мөчүүд ч адил. Тодорхой орон зай хугацаанд мэдэрч буй мэдрэмжүүд хөвөрч байгаа бодлууд ч эргэж давтан ирэхгүй. Эргэж ирэхгүй дахин давтагдахгүй урсан өнгөрч биднээс алслан холдож байгаа энэ бүхнийг хүний хаа нэгтээ тэмдэглэн үлдээж тогтоон барьж болох уу? Үйлдлээр бүтээдэг урлагийн төрөлд энэ бүхэн чухал хэрэгтэй болно. Гагцхүү урсан өнгөрч буй амьдрал энэхүү урсгалыг тогтоон барих дахин сэргээх аргыг үйлдлийн урлаг эрж хайсаар байна. Жүжиглэх урлаг-жүжигчний уран чадвар цаг хугацаа орон зай дахь хүмүүсийн сэтгэл хөдлөл оюун ухаан бодролын мөчүүдийг хэрхэн үйлдэл болгон дүрслэх вэ гэдэгт хариулдаг. Түүний дараа уранхай жинстэй Достовский байх уу үгүй юү бий биелгээний хөдөлгөөнөөр дүрийн дотоод сэтгэхүйг бүрэн гүйцэд үзүүлж болох уу гэх мэтийн хэрхэн юугаар яаж илэрхийлэх вэ гэдэг бүх зүйл тодорхой болж хөдөлгөөний эрлийн эцэст дүрслэлийн хэв маяг театрын төрөл хэлбэр олширно. Театр бол үг хөдөлгөөн хөгжим уран зураг зэрэг дүрслэлийн бүх бололцоотой аргын нэгдлээр жүжгийн зохиолын амин зорилго утга санаагаа илэрхийлдэг газар. Энэ бүгдийг хэрхэн хэрэглэж зохицуулснаар водевиль, постдрам, мюзикль, фикикль зэрэг амьдралыг үнэний хөрсөнд буулгаж байгаа драмын жүжгийн шинэ шинэ төрөл хэлбэр, театрууд үүсдэг байна.
Эцэст нь, энэ номыг хэвлэхэд туслалцаа үзүүлсэн БОАЖ-ын сайд ассан Н.Уртнасан, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга асан Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга асан Ш.Оргил, “ЗДМ” хэвлэлийн компанийн захирал Доржийн Содбилиг, “Бадрангуй урлаг” ТББ-ын тэргүүн Д.Отгонбаяр, зохиолч орчуулагч профессор Норовын Пүрэвдагва нарын олон хүмүүст баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 163 (7905)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn