П.АМГАЛАН
Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Дүрэмт хувцсаа өмсөж, аав, ээж, ах, эгч, өвөө, эмээтэйгээ хөтлөлцөн алхах бяцхан хүүхдүүд, ангийнхантайгаа уулзахаар догдлон яваа ахлах ангийн сурагчид гээд инээд, баяр хөөр дүүрэн өглөө.
“Алган дээр нар мандуулдаг” эрхэм багш нарын хувьд ч энэ өдөр догдлол дүүрэн. Хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарч, багш нар сурагчдаа угтан авч, анги танхим хүүхдийн инээд, хөөрөөр дүүрэх мөчөөс шинэ хичээлийн жил эхэлнэ. Ялангуяа анх удаа сургуулийн босго алхаж буй бяцхан сурагчид, аав, ээж, асран хамгаалагчдын хувьд ч энэ өдөр онцгой.
Өчигдөрхөн цэцэрлэгийнхээ хаалгаар орж, багшийнхаа гараас хөтөлж явсан бяцхан хүүхдүүд өнөөдөр дүрэмт хувцсаа өмсөж, цүнхээ үүрэн, сурагч болохоор алхаж явна. Саяхан л анхны үгээ хэлж, хөлд орж байсан хүүхэд нь өнөөдөр сурагч болж, эрдэм ном сурах анхныхаа алхмыг хийж байгааг харах бахархам.
Хүүхэд бүр онцгой. Өнөөдөр ангид сууж байгаа сурагчдын дунд ирээдүйн эмч, багш, цагдаа, инженер гээд эх орныхоо маргаашийг бүтээх олон мэргэжлийн эзэд бий. Тэдний хүсэл мөрөөдөл өөр өөр ч сурах, мэдэх, өөрийн гэсэн ирээдүйгээ бүтээх зам нь эндээс эхэлж байна.
Эрдэм номын их замд хөл тавьж буй нийт сурагчид, багш, эцэг эхчүүд, хүүхдийн сурах үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй хүн бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелж, сурах их үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Батдэлгэрийн Аригун: Сургуульд орж байгаа гэж бодохоор гоё санагдаж байна
-Сургуульд орж байгаа гэж бодохоор гоё санагдаж байна. Гэхдээ хичээл, гэрийн даалгавар хийнэ гэхээр жаахан айж байгаа. Өмнө нь нулимсгүй сурцгаая гээд сургуулийнхаа бэлтгэл бүлэгт явахад үдийн цай нь маш гоё байсан. Цаашид ч гэсэн яг тийм гоё байх болов уу гэж бодож байна.
Б.Баяржавхлан: Өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг л догдолж байна
-Саяхан л цэцэрлэгт орж, тогоочийнхоо мөөмийг барьж унтдаг байсан охин минь сурагч болж байна. Өөрөө сургуульд орох гэж байгаа юм шиг л догдолж байна. Гэхдээ цэцэрлэгт сурч байснаас илүү их хичээх шаардлагатай болж байна. Учир нь цэцэрлэгт өглөө оруулж өгөөд орой авдаг бол сургууль бага цагаар хичээллэдэг болохоор ажил амьдралаа зохицуулах шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл, үе давдаг тоглоом гэж төсөөлбөл хоёрдугаар үе эхэлж байна. Нэгдүгээр үе буюу цэцэрлэгийг бодвол хичээл хийлгэх, сургуульд зөөх гээд бүх зүйлс жаахан хүндэрсэн юм шиг санагдаж байгаа. Гэхдээ хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж хичээнэ.
Архангай Тариат сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч А.Билгүүн: Би энэ жил гуравдугаар ангийн сурагч болно

-Би энэ жил гуравдугаар ангийн сурагч болно. Энэ жил олон шинэ зүйл сурч, мэдэж авах байх аа. Хурдан л найзууд, багштайгаа уулзмаар байна. Бас дүү маань хоёрдугаар ангид орж байгаа болохоор хоёулаа хамтдаа сургуульдаа явна. Энэ жил хичээлээ сайн хийж, онц сурна аа. Бүх найзууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагч Б.Хангай: Уншиж, бичиж сурна гэхээр надад үнэхээр гоё санагддаг
-Сургуульд орох гэж байгаадаа маш их баярлаж, догдолж байна. Уншиж, бичиж сурна гэхээр надад үнэхээр гоё, сонирхолтой санагддаг. Би сургуулийг олон номтой номын сантай, тоглох гоё тоглоомын талбайтай, бас биеийн тамирын хичээл ордог гоё заалтай байх гэж төсөөлж байна. Сургуульд орсон хамгийн эхний өдөр багшдаа “Баярлалаа” гэж хэлнэ. Надад олон зүйл зааж, шинэ зүйл сургах болохоор энэ үгийг хамгийн түрүүнд хэлнэ. Би биеийн тамирын хичээлд орохыг хамгийн их хүсэж байгаа. Гүйж, тоглож, дасгал хийх их гоё байх гэж бодож байна. Бас цэцэрлэгийн найзуудтайгаа нэг ангид орж, хамтдаа хичээлээ хийн, завсарлагаанаар тоглож, олон хөгжилтэй дурсамж бүтээхийг хүсэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 163 (7905)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn