“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор үйлчилгээний гавьяат ажилтан Д.Цогбадрах, гавьяат багш М.Сэртэв нарыг урьж, ярилцлаа.Тэд оюутан ахуй наснаасаа танилцаж, гэр бүл болон багш хэмээх нэг алдраар овоглож, ажил мэргэжлийнхээ гарааг хамтдаа эхэлжээ. Энэ хугацаанд олон хүүхдэд оройгүй их эрдмээс өвөртлүүлж, ажил амьдралынх нь зам мөрийг зааж, чиглүүлсэн гавьяатай хүмүүс юм. Ийнхүү тэдний бүтээсэн амьдралын дурсамж, дурдатгал дүүрэн он жилүүдийн тухай уншигч танд хүргэе.
Даланжаргалан суманд ажиллах томилолт авав
Д.Цогбадрах Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж, өсжээ. Бага наснаасаа эцэг, эхдээ тусалж, хурга ишиг хариулах, мал услах, нүүх зэрэг малчин айлын өдөр тутмын ажилд оролцдог байв. Түүнчлэн сум, багаас айл өрхүүдэд оногдуулсан ажилд дөрөвдүгээр ангиасаа эхлэн оролцож, худаг гаргах, хашаа барих, өвс хадлан бэлтгэх зэргээр амьдралын ухаан, хөдөлмөрийн үнэ цэнийг багаасаа мэдэрчээ.
Мөн дөрөвдүгээр ангиасаа хөнгөн атлетикаар хичээллэж, аймаг, улс, бүсийн тэмцээнүүдэд оролцон, олон медаль хүртсэн нь ирээдүйн мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байна. Одоо ч спортоо орхилгүй ахмад мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнд жил бүр оролцдог ажээ. Сайншанд сумын арван жилийн сургуулийг 1966 онд төгсөөд Улсын багшийн их сургуульд биеийн тамирын багшаар элсэн суралцжээ. Оюутан байх хугацаандаа онц сурлагатан хэмээх эрхэм цол хүртэж, нэмэгдэл цалин авдаг байв.
Тухайн үеийн оюутнуудын амьдрал өнөөдрийнхөөс өөр. Намрын тариа хураах, хавар хашаа худаг барих, барилгын ажил хийх зэрэг улс орны бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн ажилд оюутнууд гар бие оролцдог байсан үе. Д.Цогбадрах ч үеийн залуусынхаа хамт эдгээр ажилд оролцож явжээ.
1966 онд Төв хорооны шийдвэрээр их, дээд сургуулийн оюутнуудыг цэргийн албанд татах ажил явагдсан байна. Тухайн үед ЗХУ-аас агаараас эсэргүүцэн хамгаалах нарийн техник, зэвсэг ихээр орж ирж, энэ чиглэлээр боловсролтой боловсон хүчин бэлтгэх шаардлагатай болсон аж.
Ийнхүү Д.Цогбадрах агаараас эсэргүүцэн хамгаалах чиглэлээр дадлага хийж, курс төгсөн 065 дугаар ангид радио механикаар ажиллажээ. Ахлах цолтой цэргээс халагдаж УБИС-даа эргэн орж, биеийн тамирын багш мэргэжил эзэмшин төгссөн байна.
Оюутан байхдаа хань М.Сэртэвтэй танилцаж, гэр бүл болжээ. Ийнхүү тэд сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллах томилолт авч ажил, амьдралын гараа нь эхэлсэн түүхтэй.
Тухайн үед улс орон бүх нийтийг найман жилийн боловсролтой болгох зорилт тавьж, сум бүрд найман жилийн сургууль байгуулж байсан үе. Даланжаргалан сумын сургууль дөрөвдүгээр анги төгсгөдөг байв. Тиймээс найман жилийн дунд сургууль байгуулах ажилд шинэхэн төгссөн найман багш томилолт аван очсон нь тэр.
Нийгэм, цаг үе өөр байсан учраас амьдрах байр, сууц ховор. Тиймээс эхэндээ бүгдээрээ нэг гэрт амьдардаг байв. Дараа нь тус тусдаа гэртэй болж, зарим нь айлын хажуу өрөөнд түр амьдардаг болжээ.
Сургууль ч мөн галлаж хичээллэдэг байв. Өвөл нь 04:00 цагт галлаж, 08:30 цагт хүүхдээ хүлээж авдаг байжээ. Дөрвөн жилийн сургууль байсан учраас олон анги ээлжээр хичээллэнэ. Ингээд л 200 гаруй хүүхэдтэй байсан бол найман жилийн сургууль болсноор хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж, тэр хэрээрээ шинэ байртай болж, сургалтын орчин нөхцөл сайжирсан байна. Сургуулийн дотуур байранд ч олон хүүхэд суудаг болж үйл ажиллагаа өргөжиж эхэлжээ. Удалгүй Д.Цогбадрах хичээлийн эрхлэгчээр дэвшин ажиллаад нэг жил болж байхдаа Боловсролын удирдах ажилтны дээд курст суралцахаар явсан байна. Монголдоо болон тухайн үеийн ЗХУ-д сургалтад хамрагдаад ирсний дараа сургуулийн захирлаар томилогдов. Хорь гаруйхан насандаа сургуулийн удирдлагыг хариуцсан нь энэ.
Д.Цогбадрах сургуулийнхаа үйл ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, Хөдөлмөр, амралтын зусланг жил бүр ажлуулдаг болжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд анхдагч болов. Түүнчлэн сурагчийн жилээр улсад тавдугаар байрт орж, аймгийн тэргүүний сургууль болжээ. Түүний хичээл зүтгэл, ажлыг үнэлж Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.
Удалгүй Боловсролын яамны түшиц сургууль, Боловсролын хүрээлэнгийн лаборатори сургууль болжээ. Ингэснээр сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд сар бүр сургуульд очиж ажиллаж, багш, сурагчдын сургалтын үйл ажиллагаатай танилцдаг болов. Багш нарын арга зүйн мэдлэг, чадвар, сургуулийн соёл, сургалтын орчин, туршлагыг судлах хүмүүс ч олширчээ. Багш нар нь ч мөн боловсролын арга зүйн мэдлэг, чадвараараа аймагтаа тэргүүлж байв.
Бүх айл өрхийг угийн бичигтэй болгох үйлсийн төлөө 17 дахь жилдээ ажиллаж байна
Мөн Д.Цогбадрах төр, захиргааны ажилд шилжин, сум нэгдлийн даргаар ажиллаж эхэлжээ. Энэ үе нь нийгмийн шилжилт, зах зээлийн тогтолцоонд шилжсэн хүнд цаг байлаа.
Гурил, будаа олдохгүй, хүнсний хангамж хүндхэн. Энэ үед тэрээр Эрээн рүү төмөр ачиж явуулаад будаа, гурил авчрах, гурилын тээрэмтэй аймгуудаас хүнс татах ажлыг уйгагүй хийж байв. 3000 гаруй иргэнтэй сумынхаа хүнсний хангамжийг шийдэхийн төлөө олон аймаг, сумыг зорьж ажиллажээ.
Үүний дараа Швед улсад төрийн ажилтны дээд курст суралцаж, аймгийн Тамгын газрын даргаар ажиллажээ. Улмаар Говьсүмбэр аймгийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан байна. Гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа мод тарих ажилд идэвхтэй оролцож, Говьсүмбэр аймагтаа 260 гаруй мод тарьж ургуулжээ.
Түүнчлэн хойч үеийнхээ амьдралын сайн сайхан, монгол хүний эрүүл мэндийн төлөө Ураг удам, өв соёл, уламжлалын холбоонд удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Энэ чиглэлээр тэрээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд бүх айл өрхийг угийн бичигтэй болгох, монгол өв соёл, ёс заншлаа сурталчлах зорилго өвөртлөн ийнхүү ажиллаж буй. Энэ хугацаанд олон эрдэмтэнтэй хамтран ажиллаж, тэдний мэдлэг, судалгаанд тулгуурлан ном бүтээжээ. Сүхбаатар, Архангай, Дархан, Эрдэнэт, Төв зэрэг олон аймагт очиж, угийн бичгийн ач холбогдол, удам судраа мэдэхийн үнэ цэнийг хүмүүст хүргэж байна. “Нүүдэлчин наадам”-д гурван жил урилгаар оролцож, энэ чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгчээ.
Энэ тухайгаа тэрээр “Угийн бичиг хөтөлснөөр хүн өөрийн есөн үеийн удам судрыг мэдэж, цус ойртолтоос сэргийлэх боломжтой. Оюун ухааны өндөр чадамжтай, эрдэм боловсролтой, бие бялдар сайтай ирээдүйг бий болгоход удам судраа мэдэх нь чухал юм. Аймгуудаар яваад хүмүүстэй уулзаад угийн бичиг хөтлөх талаар ярихад маш сайхан хүлээж авдаг. Хүмүүс яагаад угийн бичгээ хөтөлж чадахгүй байна гэхээр мэдэхгүйн харгуйд очоод гацчихаад байгаа юм. Тиймээс хэдэн үеэ мэддэг вэ түүнээсээ л эхлээд хөтөлж эхлэх хэрэгтэй. Мэддэг үеэсээ эхэлж бичээд, нас ахих тусам үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн хөтөлж, дараагийн үедээ өвлүүлэх учиртай. Тиймээс архивд байгаа материалыг хэрхэн олох, өвөг дээдсийнхээ талаарх мэдээллийг хэрхэн эрж хайх арга зүйг бид хүмүүст зааж сургаад явж байна” гэсэн юм. Ийнхүү тэрээр айл бүр үр хүүхэд, хойч үедээ есөн үеийнхээ удам судрыг мэдүүлэх, өв соёл, монгол ёс заншлаа өвлүүлэхийн төлөө ийнхүү ажиллаж байна.
“Олон гавьяатын дунд ажиллаж, амьдарч, ажлын гараагаа эхэлсэндээ бэлгэшээж явдаг”
Манай нийтлэлийн зочин гавьяат багш М.Сэртэв Ховд аймгийн Цэцэг сумын Бэсүд овгийн Мэндийн гэр бүлийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. 1955-1956 онд ах нь Ховд аймгийн төвд дунд сургуульд элсэн орсноор аймгийн төв рүү шилжсэн байна. Ховд аймагт байдаг ноосны үйлдвэрт зуны амралтаараа ажилладаг байв.
Ийнхүү 1959 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд н.Хүрэлхүү багшийн ангид элсэн суралцжээ. Тэр үеийн хүүхдүүдийн хувцас, сургуулийн орчин ялгаатай байв. Эмэгтэй хүүхдүүд ногоон дээл, даавуун цүнхтэй, эрэгтэй хүүхдүүд цэнхэр дээл, цэнхэр өнгийн таван хошуутай цүнх үүрдэг, гэрт хичээллэдэг байжээ. Ийнхүү тэрээр дөрөвдүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн төвийн арван жилийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан байна.
Энэ тухайгаа тэрээр “Зургаадугаар ангиас нь математикийн багш Ж.Дашдондог ирээдүйн замыг минь чиглүүлж өгсөн. Математикийн хичээлд илүү дуртай болж, аравдугаар анги төгстлөө аймаг, улсын олимпиадад оролцдог хүүхэд байлаа.
Би их олон гавьяатын дунд ажиллаж, амьдарч, ажлын гараагаа эхэлсэн. Цааш явах зүг чигийг минь математикийн гавьяат багш нар чиглүүлж өгчээ хэмээн бэлгэшээж явдаг. Миний төрсөн ах М.Адилбиш нь гавьяат математикийн багш. Бэр эгч н.Дагиймаа мөн гавьяат багш. Зургаадугаар ангиас аравдугаар анги төгстөл математикийн хичээл заасан Ж.Дашдондог багш маань ч мөн гавьяат” хэмээв.
1969 оноос улс орон даяар анхны элсэлтийн ерөнхий шалгалт авч эхэлжээ. Ингээд анхны конкурс өгч Улсын багшийн их сургуулийн физик, математикийн ангид элсэн орсон байна. Хоёр анги нийлээд 69 хүүхэдтэй байсан бөгөөд гуравдугаар курсээс физик, математик гэж салахад нь математикийн ангид орж, 29 оюутантай төгсжээ. Сургуулиа төгсөөд 53 жил болсон тэд саяхан ангиараа уулзаж, оюутан цаг үеийнхээ дурсамжаар хөглөгдсөн сайхан цаг хугацаа байсан гэсэн юм. Оюутан насны ангийнхан гэдэг их үнэ цэнтэй хүмүүс байдаг гэдгийг онцолж байв.
Тэрээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын сургуулиас ханьтайгаа ажил амьдралынхаа гарааг эхэлж олон хүүхдийг амьдралын зам мөрд нь хөтөлжээ.Анх Даланжаргалан суманд томилогдон ажиллахдаа VI анги төгсгөсөн байна. Мөн таван удаа наймдугаар анги төгсгөжээ.
Миний шавь нараас 22 математикийн багш төрсөн
Элсэлтийн шалгалтад өндөр оноо авч, их, дээд сургуульд элссэн М.Сэртэв багшийн олон шавь бий. Түүн дотроос 22 математикийн багш төрж “Бүх шинжлэх ухааны хаан гэгддэг” математикийн хичээлийг олон хүүхдүүдэд зааж сургаж, амьдралын зүг чигийг нь зааж, багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна. Энэ л багш хүний хамгийн том гавьяа болов уу.
М.Сэртэв 34 жилийн хугацаанд математикийн багш хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллажээ. Мөн Говьсүмбэр аймагт 1997 онд шилжин очиж, нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн, байцаагч, Боловсрол соёлын төвд математик мэдээлэл зүй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж 2008 онд гавьяаныхаа амралтад гарсан байна. Ийнхүү түүний боловсролын салбарт хийж бүтээсэн үйл хэрэг, гавьяаг үнэлж 2018 онд Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг хүртсэн юм. Энэ тухайгаа тэрээр "Ажлын минь оргил сайхан үе байсан" хэмээлээ.
"Математикийн хичээлийг ойлгохгүй хүүхэд гэж байдаггүй. Энгийн, ойлгомжтой, зааж чадвал хүүхэд математикийн хичээлээс хоцрохгүй. Математик бол бүх шинжлэх ухааны хаан гэдэг шүү дээ. Тийм учраас математикийн шинжлэх ухаанд хэдэн тоо бодоод байх нь гол биш бүх талын мэдлэг, чадварыг олгодог" хэмээн М.Сэртэв багш онцоллоо. Тэрээр түмний олон хүүхдийг математикийн хичээлийн ухаанд суралцуулахаас гадна өөрийн хүүхдүүддээ ч мөн маш том үлгэр дуурайлал нь болжээ.
Д.Цогбадрах, М.Сэртэв нар гурван хүүхэдтэй, долоон ач зээтэй өнөр өтгөн гэр бүл юм. Тэдний хүүхдүүд болох Ц.Баяржаргал, Ц.Наранжаргал, Ц.Энхжаргал нь мөн математикийн хичээлээр суурь болгож, ажил мэргэжлээ сонгосон байна. Үүнд, миний мэргэжилд, ажил, амьдралын бүх зүйл оршиж байгаа гэж боддог хэмээн М.Сэртэв багш бахархал дүүрэн өгүүлж байв. Мөн ач зээ нар ч АНУ-ын их сургуулиудад суралцаж, нэг ач нь Нью-Йоркт олон улсын банкны эдийн засагчаар ажилладаг байна. Ийнхүү математикийн ухаанд дурласан багшийн мэргэжил, хөдөлмөрийн мөр гэр бүлд нь ч үргэлжилж байна.
Тэрээр “Багшийн мэргэжил сайхан” хэмээн хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, ажилчид, Говьсүмбэр аймгийн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч, шавь нар болон Монголынхоо бүх багш нарт баярын мэнд дэвшүүллээ.
“Багш хүний алган дээр нар манддаг” хэмээн Д.Цогбадрах багшийн хэлсэнчлэн ирээдүйн иргэдийг алган дээрээ мандуулж, эрдэм номын замд хөтөлж буй багш нарын гавьяа хэмжээлшгүй билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 162 (7904)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn