Ц.МЯГМАРБАЯР
СОР17- олон улсын бага хуралд зориулж “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”, “Амгалан дэлхий” ТББ-ын санаачилгаар НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газартай хамтран “Амьдралын 20 судас” баримтат хөрөг нэвтрүүлгийг бүтээжээ. Тус бүтээлийн нээлт өчигдөр /08.27/ Цэнхэр бүсийн Дэлхийн байгаль хамгаалах сангийн павильон дээр болсон юм. Өмнийн говийн усгүйдэж ангаж, цангасан зэрлэг ан амьтныг ундаалах уст цэгийг өөрийн хөрөнгөөр байгуулсан жирийн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч Т.Батсүхийн чимээгүйгээр байгаль дэлхий, ан амьтандаа тусалж буй сайхан сэтгэл, хөдөлмөрийг харуулжээ. Тэрээр өмнө жижиг дэлгүүр ажиллуулдаг нэгэн байжээ. Улмаар ангаж, цангасан, ус хайж буй зэрлэг ан амьтадыг харж уст цэг байгуулах санаа төрж өөрийн хөрөнгөөр дөрвөн уст цэг байгуулжээ. 2016 оноос эхлүүлсэн энэ санаачилгыг Өмнөговь аймгийн БОГ-ын дарга Х.Отгонмөнх дэмжиж улмаар жилд нэг худаг гаргадаг байсныг 10 болгож хамтарч ажилласан байна. Ингэснээр найман жилийн хугацаанд 20 уст цэгийг байгуулжээ Т.Батсүх одоо 4000 орчим км-т хоорондоо 20-30 км-т байрлах 20 худгаа жилийн дөрвөн улиралд эргэж,засвар үйлчилгээг нь хийж, усаар байнга дүүрэн байлгах ажлыг хоёр найзынхаа хамтаар хариуцаж хийдэг байна. Анхны уст цэгээ хийсний 10 хоногийн дараа очиход чононы мөр байсанд баярласан гэдэг. Дахин 10 хоногийн дараа очиход хулан, зээрийн мөр, хоргол их байсанд урам зориг орж дараа, дараагийн уст цэгүүдээ байгуулжээ. Өнөөдөр бүх уст цэгээ камержуулсан аж. Өмнийн говийн байгаль, унаган дүр төрхийг өгүүлэх баримтад нэвтрүүлгийн анхны үзэгчид өндөр сэтгэгдэлтэй байлаа. Ан амьтны жимээр холбогдсон уст цэгийн 20 судас хязгааргүй олон болж өргөжих болтугай гэдгийг ерөөж “Амьдралын 20 судас” хэмээн нэрлэжээ.
Тус нэвтрүүлгийн ерөнхий продюсер, редактороор Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб болон “Амгалан дэлхий ТББ-ийн тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам, найруулагчаар нь Б.Даваадорж, сэтгүүлч Г.Нараа, зураглаач А. Халиу,Б.Даваадорж, дууны найруулагч М. Болор-Эрдэнэ, график дизайн Б. Буян-Эрдэнэ, нэвтрүүлэгч МҮОНР, доктор Б. Цэвэлмаа,орчуулагч Г.Жүгдэр, “Монголын дуу хоолой” радио МҮОНР зөвлөх найруулагч Э. Энхтүвшин, зөвлөх “Гайхамшигт говь” ТББ-ын тэргүүн Х. Түмэндэлгэр нар болон “Бүтээгчид” продакшн бүтээжээ.





