Монгол улс өмнөд хэсгээрээ говь болон хээр тал, хойд хэсгээрээ хангай, уул нуруудаар хүрээлэгддэг.
Алдарт “Цайны зам” 1800-аад оны үед одоогийн Хиагт, Алтанбулаг сумаар дамжин Сэлэнгэ аймгийн нутгаар дайран, Хүрээ (Тухайн үеийн Монгол улсын нийслэл) орж улмаар Монголын хээр тал, их говийг туулан Цагаан хэрмийн Хаалган (Жанчхүү)хотод очдог байжээ. Товчилж дурдахад Хиагт-Хүрээ-Хаалган гээд гурван Х үсэг буюу ХХХ гэхэд болно. Хаалган хотод ачаагаа хүлээн авагч тал гаалиар шалгуулж цааш нэвтрэн Хятад даяар тэд тээвэрлэдэг байжээ. Орос, Монголын хилийн боомт Хиагт хот мөн адил Хятад, Монголоос ирсэн барааг гаалиар шалган нэвтрүүлж агуулахад хадгалан улмаар Орос, тус улсаар дамжуулан Европ руу тээвэрлэдэг байсан.
Гол боомт Хиагт хотод Оросын төдийгүй Европын саятнууд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Хиагт хотын 290 жилийн ойгоор 10 жилийн өмнө тухайн үеийн худалдаачдын үр сад ирж оролцож байсан. Энэхүү замаар жимлэсэн Европын аялагчид Монголын хойд хилээс урагш уул, ус, модтой сайхан байгальтай болохыг гярхай ажиглан явсаар Хүрээ ордог байж. “Хүрээ нь Богд уулын хажууд Туул голын хөвөөнд оршдог. Богд уулыг өнгөрөөд л өмнө зүгт хээр тал, улмаар Монголын их говийг туулна” хэмээн тэд тэмдэглэлдээ бичсэн байна.

Уул, ус, модтой газрын эхлэл нь Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Тужийн нарс юм. Энэ нь Өвөр Байгалийн ойн мужийн төгсгөл, Сибирийн их тайгын зүүн өмнөд хэсэгт, Хэнтийн нурууны салбар уулсын баруун хойд үргэлжлэл билээ. Түүнчлэн Тужийн нарс нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх соёл, шинжлэх ухааны танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой газар юм.
1921 он- Ардын хувьсгалын үе. Монголын хойд хил орчимд ардын журамт цэргүүд, гамин цэрэг, улаантан, цагаантан, тэр бүү хэл жирийн малчид ч өтгөн хөвч байсан учир зугатаж, нуугадах гэж Тужийн нарс руу зүглэдэг байсан гэдэг. Зарим газар нь морьтой хүн ч явахын аргагүй шигүү ой модтой байжээ.1949 онд Наушки-Улаанбаатар төмөр зам ашиглалтанд орсоноор Цайны замын гол боомт болох Хиагт, Алтанбулагийн худалдааны эргэлт эрс багассан байна. Ингэснээр Тужийн нарсны хөл хөдөлгөөн харьцангуй цөөрчээ.
Тужийн нарс нь ой хээрийн түймэр, хортон шавьж болон хууль бус мод бэлтгэл гэх хүчин зүйлсээс хамаарч 1990-ээд он гэхэд нийт хэмжээний бараг 70% нь устжээ.

1999 онд Сэлэнгэ аймгийн ойн ангийн дарга Б.Жамсран аймгийн Засаг дарга агсан Л.Алтангэрэлтэй уулзаж, Тужийн нарсыг нөхөн сэргээх санал тавьсанд ихэд талархан дэмжиж хүлээн авчээ. УИХ-ын 2002 оны 39-р тогтоолоор Тужийн нарс орчмын 70805 га талбайг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Ингэснээр хууль бус мод бэлтгэл, ойн түймрийн тоо буурч, нарсан ой сэргэн ургах таатай нөхцөл бүрдэв. 2003 оны 5 дугаар сард JCI Монгол(ТББ)-ын гишүүд Тужийн нарсын “Хадагтай мод” гэх газар (50 08’14 85 N, 106 17’21 45 E) солбилцолын цэгт мод тарьсан юм. Таримал ойг ажиглах, экологийн боловсрол олгох зорилгоор БНСУ-ын “Yuhan Kimberly”компанийн хөрөнгө оруулалтаар 2018 онд 10 метрийн өндөр сайхан цамхаг барьж, тухайн бүсийн тохижилтын ажлыг хийжээ. Энэ жил Улаанбаатар болон бусад аймгуудын дотоодын аялагчидтай ярилцахад Тужийн нарсны цамхаг руу яаж явах вэ? гэсэн асуулт нийтлэг гарч байлаа. Дээр дурдагдсан Б.Жамсран дарга өнгөрсөн хугацаанд Тужийн нарсанд 22 сая ширхэг мод тарьж, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн баатар цол гардан авсан нь байгаль орчны салбарын анхны баатар болжээ.
COP17- Цөлжилтийн эсрэг талуудын 17-р бага хурлын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тавьсан илтгэлдээ “Сэлэнгэ аймаг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн ”-д амалсан модоо тоо ёсоор нь тарьсан бөгөөд одоо нийлүүлэгч аймаг болсон” хэмээсэн нь чихэнд сонсголонтой, сэтгэлд таатай санагдав. Сэлэнгэ аймгийн төвөөс 8 км зайд байрлах Тужийн нарс нь үзэсгэлэнтэй сайхан байгальтай тул уул, усаар нь зорьж очин аялах хүмүүсийн хөл тасрахгүй болсоныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэллээ.
Нэгэн дурсамж нэхэн санахад: 1989 оны хавар. Тавдугаар сарын эхэн. Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд суралцаж байхдаа бид ангиараа Улаанбаатар хотоос Тужийн нарс хүрч, тэндээсээ Орхон-Сэлэнгийн бэлчирээр завьтай аялал хийж, Сүхбаатар хот, Алтанбулаг сум улмаар ЗХУ-ын Хиагт хотоор хил нэвтэрч, түүхэн дурсгалт газруудтай танилцан, музей үзэж билээ. Одоо бодоход түүхийн аялал жуулчлал хийж байжээ.
Энэхүү аялалын нэгэн гэрч, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин Тужийн нарсанд зохион байгуулсан Энх тайвны мод тарих ёслолд оролцож, дурсгалын мод тарилаа.

Тужийн нарсны нөхөн сэргээлт бол Монгол Улс, БНСУ-ын байгаль орчны хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилтын тод жишээ гэж болно.
Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтран ажиллаж байна.

БНСУ 2011 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг зохион байгуулжээ.
Энэ жилийн улсын их баяр наадмаар Сэлэнгэ аймгийн харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж улсын даян аварга болсоны маргааш нь Тужийн нарс орчимд миний бие аялаж судалгаа хийхдээ авсан гэрэл зургуудыг нийгмийн сүлжээнд оруулахад олон мянган хүн лайк дарж, хэдхэн хоногийн дотор бичлэгт хандсан хүний тоо 102 мянгад хүрсэн байв. Энэ нь тухайн газар орон ямар сэтгэл татам, үзэсгэлэнтэйг илтгэж буй жишээ юм.
АНУ, Европын орнууд, хоёр хөрш тусгай хамгаалалттай нутаг орон, байгалийн цогцолбор газрууддаа онцгой анхаарал хандуулж, дэлхий даяар сурталчилж, жуулчид, аялагчдыг татдаг сайхан жишиг байдаг.

2013 онд бид АНУ-ын үндэсний байгалийн цогцолборт газрууд тусгай дугаар бэлтгэхдээ Тужийн нарсны өдөр болон наран жаргаж буй гэрэл зургууд оруулж хэвлүүлэхэд хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. Тиймээс бид ч бас Тужийн нарсны ойр хавийн бүс нутгийг тусгай хамгаалалтад нэмж оруулж, мод бутыг нь хайрлан ургуулж, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх санааг дэвшүүлж байна.
Нийтлэлийг бичихэд хамтран ажилласан “Тужийн нарс” байгалийн цогцолбор газрын дарга Н.Өлзийбаяр, мэргэжилтэн Г. Отгондулам болон бусад хүмүүст талархал илэрхийлье.
Тужийн нарсны тухай энэхүү бүтээлээ ой хээрийн түймэрт ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, Сэлэнгэ аймгийн Дулаанхаан сумын Гал командын дарга ахмад Халтарын Лхагва аавынхаа гэгээн дурсгалд зориулж сэтгэлийн хөшөө болгон нийтлэв.



Л.Энхтөр
Имэйл:enkhtur@mgl.mn
“Энэхүү бүтээлийг ЮНЕСКО-гийн Зүүн Азийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй ‘Уур амьсгал, геопарк, өв соёлын сэтгүүл зүйн хөтөлбөр’-ийн хүрээнд бэлтгэв.”