П.АМГАЛАН

 

 Монголд эрүүл, идэвхтэй, тэнцвэртэй амьдралын хэв маягийн шинэ соёлыг бий болгох зорилготой “Wellfest Mongolia” төслийн нээлт наймдугаар сарын 23-нд “ZU Ballroom”-д боллоо.

“Өөрчлөлт өөрөөс тань эхэлнэ” уриатай тус төсөл нь дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хөгжим, эрүүл мэндийн боловсролыг хослуулан, хүмүүсийг зөв амьдралын хэвшилд уриалж, урам дэм өгөхийг зорьж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Швейцарийн  Женев хотоос дасгалжуулагч Bryan Pasinato, Италийн Милан хотоос DJ Candelaria нар урилгаар оролцлоо.

Тус төслийн хүрээнд сар бүр олон улсын мэргэжилтнүүд болон Монголын багш, тамирчдыг оролцуулсан тогтмол үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн цаашлаад  бүх насныханд зориулсан эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн олон улсын фестивалийг монголдоо зохион байгуулахаар ажиллаж байна.

“Wellfest Mongolia” төслийн санаачлагч М.Цэрэндолгор “Хүн бүр өөрийнхөө бие, сэтгэл, амьдралын хэв маягт тохирсон зөв сонголтоо хийж, бага багаар өөрчлөлт бий болгох боломжтой. Тиймээс олон нийтэд энэ чиглэлийн боловсрол, зөв дадал, мэдлэг, урам зориг, эерэг хандлагыг түгээж, эрүүл амьдралын эко тогтолцоог бий болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Женев хотоос хүрэлцэн ирсэн дасгалжуулагч Bryan Pasinato “Өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөн хийснээр бид өөрийгөө илүү сайн мэдэрч, эрүүл мэнддээ анхаарч, илүү эрч хүчтэй болдог. Дасгал хийхдээ заавал хүнд гэж мэдрэх шаардлагагүй. Харин сайхан мэдрэмж авч, цагийг хөгжилтэй өнгөрөөхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Үүнийг “Wellfest Mongolia” олгож байна. Дасгал хөдөлгөөн, хөгжим, эрүүл хооллолт зэргийг хослуулсан нь бүх насныханд өөртөө цаг гаргах нэг боломж юм” гэв.

“Wellfest Mongolia” төслийн ивээн тэтгэгчээр “APU Dairy”, “Nano Group”, “InterCharm Group”, “Optatum Mongolia”, “Iglow”, “Novotel Mongolia” хамтран ажиллаж байна.

 

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn