Ц.МЯГМАРБАЯР

 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал арав дахь өдрөө “Газар ба хүмүүсийн өдөр” сэдвийн дор үргэлжиллээ. Энэ өдрийн хэлэлцүүлгүүдийн гол санаа нь газрын доройтол, цөлжилтийг зөвхөн байгаль экологийн асуудал гэж харах бус, газар нутгаас ахуй, амь амьжиргаа, соёл, уламжлал нь хамаардаг хүмүүсийн эрх, оролцоог хамтатган авч үзэхэд чиглэв.

Дэлхийн хуурай газрын 54 хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд 500 сая орчим бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч, малчин, уугуул иргэд  газрын эко системийг ашигладаг байна. Өдрийн хөтөлбөрт орон нутгийн иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргалтын түвшинд хүргэх өндөр түвшний хэлэлцүүлэг, уугуул иргэдийн тусгай арга хэмжээ, бэлчээрийн нөхөн сэргээлт болон малчдын сайн сайхан байдлын асуудлаарх сайд нарын яриа, хэлэлцээ багтав. Мөн эмэгтэй малчдын газар, нөөц баялаг, зах зээл, шийдвэр гаргалтад оролцох боломжийг хөндсөн Жендерийн бүлгийн уулзалт болсон юм. Сайд нарын хэлэлцүүлэгт Монгол, Нигери, Намиби, Кени, Энэтхэг зэрэг олон орны төлөөлөгчид оролцож, Indigenous Peoples Caucus болон иргэний нийгмийн төлөөлөл мөн байр сууриа илэрхийлэхээр хөтөлбөрт тусгажээ. Түүнчлэн газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлогыг зөвхөн байгаль орчны асуудал бус, газар нутгаа уламжлалт аргаар ашиглаж ирсэн уугуул иргэд, орон нутгийн иргэдийн эрх, мэдлэгтэй салшгүй холбоотойг онцоллоо.

 

Ц.Сандаг-Очир: Малчид, бэлчээр ашиглагчид өмнө нь байгаагүй дарамттай нүүр тулж байна

Сайд нарын хэлэлцээрт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ  “Монголчууд олон мянган жилийн турш улирлын нүүдэл, отор, бэлчээр сэлгэх, усны эх үүсвэрийн хамгаалалт болон байгаль, цаг уурын төлөвийг ажиглах уламжлалт мэдлэгт тулгуурлан, өргөн уудам газар нутгийг хамгаалж ирсэн. Гэвч өнөөдөр малчид, бэлчээр нутгийг ашиглагчид урьд өмнө нь байгаагүй дарамттай нүүр тулгараад байна.

2023-2024 оны зуднаар Монгол Улс 7.9 сая орчим толгой мал алдсан. Уур амьсгалын энэхүү эрсдэл нь зөвхөн байгаль орчны асуудал бус малчин өрхийн орлого, хүнсний хангамж, хөдөөгийн ажил эрхлэлт, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотойг харуулсан юм. Иймд Монгол Улс бэлчээрийн төлөв байдлын үндэсний мониторингийг хэрэгжүүлж, орон нутгийн хамтын менежмент, улирлын бэлчээр ашиглалтын төлөвлөлт, малчдын бүлэг, холбоодын оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг гаргах болсон.2024 онд баталсан Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд бэлчээрийг даацад нь нийцүүлэн ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын хамтын оролцоог бэхжүүлэхээр тусгасан. Малчны тухай хуульд малчдын эрх зүйн байдал, ажиллаж амьдрах нөхцөл, мэдлэг боловсрол, үйлдвэрлэл эрхлэх болон нийгмийн хамгааллын эрх зүйн үндсийг тодотгож өгсөн” хэмээн ярилаа.

 

Ясмин Фоуд: Газар, ус, бэлчээрээ ашиглаж ирсэн уугуул иргэдийн туршлага шинжлэх ухааны мэдлэгийг нөхнө

Уугуул иргэдийн газрын эрх, уламжлалт мэдлэгийг хамгаалах, газрын нөхөн сэргээлтийн бодлогод бодитоор тусгах асуудлыг хэлэлцсэн өндөр түвшний уулзалт байв. Хэлэлцүүлэгт UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуд, ЮНЕСКО-гийн төлөөлөл, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Африк, Нигер, Монгол болон Америк тивийн уугуул иргэдийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, байр суурийг хуваалцсан юм.

Ясмин Фоуд газрын доройтолтой тэмцэхдээ тухайн газар нутагт үе удмаараа амьдарч, байгальтайгаа зохицон аж төрж ирсэн хүмүүсийг зөвхөн бодлогын үр шим хүртэгч бус, шийдвэр гаргалт, хэрэгжилтийн түнш гэж үзэх шаардлагатайг онцолсон. Түүний хэлснээр уугуул иргэдийн газар, ус, бэлчээрээ ашиглах олон үе дамжсан туршлага нь өнөөдрийн шинжлэх ухааны мэдлэгийг нөхөх чухал эх сурвалж бөгөөд үүнийг бодлого боловсруулах түвшинд үнэлэх ёстой аж.

ЮНЕСКО-гийн төлөөлөгч уламжлалт мэдлэгийг зөвхөн соёлын өв гэж харахаас илүүтэй уур амьсгалын өөрчлөлт, ган, газрын доройтолд дасан зохицох бодит мэдлэгийн сан гэж үнэлэх хэрэгтэйг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хүмүүсийн байгаль ажиглах арга, улирлын өөрчлөлтийг таних мэдлэг, ус болон бэлчээрээ зохистой ашиглах уламжлал нь шинжлэх ухааны мэдээлэлтэй зэрэгцэн бодлогын шийдвэрт ашиглагдах боломжтой гэж үзэж байна.

 

С.Амарсайхан: Олон хүчин зүйлээс иргэдийн газар ашиглах боломж хумигдаж байна

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцсон. Тэрээр “Монголын нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн уламжлалт хэрэглээ нь газар нутгийг хамгаалах олон зуун жилийн туршлагатай холбоотой” -г дурдсан. Гэхдээ уул уурхай, хотжилт, газрын доройтол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан малчид болон орон нутгийн иргэдийн газар ашиглах боломж хумигдаж байгаа учраас тэдний эрхийг хууль, бодлогоор бодитоор хамгаалах шаардлагатайг онцлов.

Африк, тэр дундаа Нигерийн төлөөллүүд газрын доройтол, ган, усны хомсдол нь зөвхөн байгаль орчны бус, амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбогдож байгааг хэлсэн. Мал аж ахуй эрхэлдэг болон нүүдэллэн амьдардаг иргэдийн хувьд уламжлалт бэлчээрийн зам, усны эх үүсвэр, улирлын шилжилт хөдөлгөөн тасалдах нь амьжиргаанд нь хамгийн том эрсдэл болж байгааг тэд санууллаа.

Монголын малчдын төлөөлөл ч бэлчээр, усны эх үүсвэр, газар ашиглалтын шийдвэрт тухайн нутагт амьдарч буй иргэдийн саналыг хамгийн эхэнд сонсох ёстойг онцолсон. Газрын асуудлыг дээрээс гаргасан шийдвэрээр бус, орон нутгийн иргэдийн бодит туршлага, уламжлалт мэдлэг дээр тулгуурлан зохицуулахгүй бол нөхөн сэргээлтийн бодлого үр дүнгүй болох эрсдэлтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Америк тивийн уугуул иргэдийн төлөөлөгчид газрын эрхийг зөвхөн өмчлөх, ашиглах эрхийн хүрээнд ойлгож болохгүйг онцолж байлаа. Тэдний хувьд газар нутаг нь соёл, хэл, шашин шүтлэг, өв уламжлал, дараагийн үеийнхний оршин тогтнох үндэс учраас газраас нь салгах нь бүхэл бүтэн амьдралын хэв маягийг үгүй хийхтэй адил  гэж тайлбарласан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид нийтлэг нэг санаан дээр нэгдэв. Тэр нь газрын нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх олон улсын бодлогод уугуул иргэд, малчид, орон нутгийн иргэдийг зөвхөн “хамгаалах шаардлагатай бүлэг” гэж харах бус, эрх эзэмшигч, мэдлэг эзэмшигч, шийдлийн хамтрагч гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байр суурь байлаа.

Ингэснээр COP17-ийн арав дахь өдрийн хэлэлцүүлгүүд газрын ирээдүйг хамгаалах асуудал зөвхөн хөрс, ургамал, усны тухай бус, тухайн газарт амьдардаг хүмүүсийн эрх, соёл, уламжлалт мэдлэгийг хамгаалахтай адил чухал болохыг дахин тодотголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn