Т.ХАЛИУНАА
“Хэт задгай хувцаслажээ”, “Ингэж хувцаслаад залуу охидод ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ”, “Эмэгтэй хүн цэгцтэй, даруухан хувцаслах хэрэгтэй”, “Монгол эмэгтэй ил задгай хувцаслаж явдаг ёс байхгүй” зэргээр задгай хувцасласан эмэгтэйчүүдийг шүүмжлэх, гадуурхах, харааж зүхэх тохиолдол олонтаа гардаг. Ялангуяа олны танил эмэгтэйчүүд биеэ ил гарсан, задгай хувцас өмссөн зураг сошиал хуудастаа нийтлэхэд тухайн хувцаснаас нь илүү түүний хүмүүжил, ёс суртахуун, амьдралын хэв маяг, хувь хүн рүү чиглэн шүүмжилсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр байдаг.
Тэгвэл хэдийнээ хүнийг өмссөн хувцсаар нь дүгнэж, элдвээр хэлэх хандлага нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт болжээ. Хэн нэгэн өөрийн сонирхлоороо хувцасласныхаа төлөө бусдад элдвээр шүүмжлүүлж, өөртөө итгэлгүй болох, цаашлаад бэлгийн хүчирхийлэлд хүртэл өртөх зэргээр олон дарамтад ордог байна. Хэн нэгэн хүссэнээ өмсөж, эдлэх нь хувь хүний бус олон нийтийн сонголт болсон уу.
“Задгай хувцас хямдхан, үнэ цэнгүй” гэх хандлага бол өнөө үед хуучирсан бодол”

Хувцаслалттай холбоотой дээрх ойлголтыг Б.Мишээл өөрийн цахим хуудаснаа ийн тайлбарлажээ.
Тэрээр “Би анх задгай хувцас өмсөж чаддаггүй байлаа. Яг л бусдын адил “Хүмүүс намайг юу гэж бодох бол”, “Таньдаг хүмүүс элдвээр хэлэх вий” гэж санаа зовон, урт юбка өмсөхөд хүртэл эвгүй санагддаг байсан. Харин манай нөхөр үргэлж л “Гоё байна. Залуу байгаа дээрээ хүссэнээ өмс” гэдэг байсан. Гэтэл би авсан гоё хувцаснуудаа өмсөлгүй хадгалаад л. Хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа “Яагаад өөгүй сайхан биетэй байхдаа хүссэн хувцсаа өмсөөгүй юм бол” гэж үнэхээр их харамссан. Одоо бол хөдөлмөрлөсөн бас хүүхэд төрүүлсэн биедээ хайртай. Тиймээс хэний ч бодол надад хамаагүй. Гоё байгаа дээрээ music festival, тайз гээд залуучуудын арга хэмжээнд хүссэн хувцсаа өмсдөг. Задгай, биеийн хэсгүүд ил гарсан хувцас өмсөхөөр “Нөхөртэй, хүүхэдтэй хүн байж”, “Залуу охидод буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” гэх мэтээр хүмүүс нэлээд шүүмжилдэг. Үнэнийг хэлэхэд хүүхэдгүй, нөхөргүй байсан ч гэсэн өөрөөр шүүмжлэх л байсан байх. Зарим хүн задгай хувцсыг бусдад таалагдахын тулд өмсдөг гэж боддог. Харин хүн өөрөө өөртөө таалагдах гэж л өмсдөг. “Задгай хувцас хямдхан, үнэ цэнгүй” гэх хандлага бол өнөө үед хуучирсан бодол. Хэдэн жилийн дараа манайхан илүү нээлттэй сэтгэж, дийлэнх хүмүүс аливааг илүү эергээр хүлээж авдаг болно гэдэгт итгэж байна” гэжээ.
“Зөв үлгэр дуурайлал хувцаслалтаар бус үг, үйлдлээр илэрдэг”

Хэн нэгэнд зохимжгүй санагдсан хувцас өөр нэгний хувьд өөрийнхөөрөө байх эрх чөлөөний нэг хэлбэр байж болно. Тиймээс бид өөрсдийн хувцасны сонголтыг бусдад тулгах шаардлагагүйн дээр бусдын сонголтыг өөрийн хэмжүүрээр дүгнэх шаардлага ч байхгүй юм. Таалагдахгүй байх эрх бидэнд бий. Хамгийн гол нь хувцасны сонголт хүний үнэ цэнийг тодорхойлохгүй. Хүний үнэ цэн, зан чанар, хүмүүжил бол үүнээс хавьгүй том ойлголт юм.
Тэгвэл “Задгай хувцас” гэж юу вэ. Хүн бүр үүнийг өөрөөр тодорхойлох болов уу. Хэн нэгний хувьд өвдөгнөөс дээш банзал хэвийн санагдах ч нөгөөд нь хэт богино санагдаж болно. Мөр ил гарсан даашинзыг зарим нь энгийн гэж үзэхэд өөр нэгэн “задгай” хувцас гэж бодож болно.
“Задгай” гэдэг нь бүх цаг үе, нийгэмд адилхан үйлчилдэг хэмжүүр биш. Хувцасны талаарх ойлголт цаг хугацааны явцад өөрчлөгдөж ирсэн. Өнөөдөр бид өдөр тутмын хувцас гэж үздэг загвар, стилиүд өмнөх нийгэмд зохисгүйд тооцогдож байсан байдаг. Цаашилбал зарим цаг үед эмэгтэйчүүд өмд өмсөхөд хүртэл эсэргүүцэлтэй тулгарч байсан түүх бий. Харин одоо өмд эмэгтэй хүний хамгийн энгийн хувцасны нэг болсон. Өөрөөр хэлбэл, хувцасны хэлбэр өөрчлөгдөхийн зэрэгцээ түүнд өгдөг нийгмийн үнэлэмж ч өөрчлөгддөг байна.
Тиймээс өнөөдөр “Задгай” хэмээн нэрлэж буй хувцас ирээдүйд өөр үнэлэмжтэй болохыг үгүйсгэхгүй. Бид хэн нэгэнтэй анх уулзаад хэдхэн секундийн дотор л түүнд ямар нэгэн үнэлгээ өгдөг. Нүүр царай, үсний засалт, биеэ авч яваа байдал, дуу хоолой, хувцас зэрэг нь анхны сэтгэгдэлд хамгийн их нөлөөтэй. Австралийн Флиндерсийн их сургуулийн судлаачид эмэгтэйчүүдийн хувцаслалтын сонголт, биеийн талаарх ойлголтын хоорондын хамаарлыг судалсан байна. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хувцас сонголтод өөрийн биеийн талаарх ойлголт, биеэ хэрхэн мэдэрдэг байдал, өөрийгөө хэрхэн харуулах хүсэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг авч үзжээ. Өөрөөр хэлбэл, хүн хувцас сонгохдоо зөвхөн “Бусад хүн намайг юу гэж бодох бол” гэж боддоггүй байна. Өөрийн биеэ хэрхэн мэдэрч байгаа, өөртөө хэр итгэлтэй байгаа, ямар харагдахыг хүсэж байгаа, ямар хувцсанд дуртай зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлдөг гэжээ.
Зөв үлгэр дуурайлал гэдэг нь бүгд ижил хувцаслах тухай биш, ялгаатай сонголтыг хүндэтгэж сурах тухай байж болох юм. Сургууль, ажлын байр, албан ёсны арга хэмжээ зэрэг тодорхой орчинд хувцаслалтын дүрэм байж болно. Гэхдээ дүрэм мөрдүүлэх болон хүний ёс суртахууныг хувцсаар нь дүгнэх хоёр өөр зүйл. Тиймээс нэгнийхээ сонголтыг хүндэлж, өөрийн бодлыг бусдад тулгахгүй байцгаая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 158 (7900)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn