Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн ногоон хотуудын төлөвлөлт, тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ.  Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, Хархорум хотын төлөвлөлт, ногоон хөгжлийн бодлогыг танилцууллаа.  Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Хархорум хотыг хоёр дахин барина гэхээр хүмүүс их гайхаж байна. Бид их азтай юм. Ер нь хүн төрөлхтөн азтай гэж хэлж болохоор. Хиймэл оюун ухаан гэдэг гайхамшигтай технологийн дэвшил гарсан байна. Өнөөдөр хиймэл оюун ухаан мянган инженер, мянган хуульч, над шиг мянган орчуулагчийг орлох хэмжээнд хөгжжээ.

Тийм учраас хиймэл оюун ухаангүйгээр өөрөө дураараа төлөвлөөд, хиймэл оюун ухааны гаргасан загварыг ашиглахгүйгээр шууд газар ухаж, байшин барих гэж оролдох нь их хоцрогдсон арга. Тэндээс өгөгдөлтэй алдааг засалгүйгээр юм барих гэж зүтгэх нь өнөөдөр тохирохгүй. XX зуунд бидний аав, ээж, өвөг дээдэс маань ингэж ажилласан. Тэр утгаараа XX зуунд их сайхан бүтээн байгуулалтын ажил явсан. Нөгөө талаар хот төлөвлөлт, хот байгуулалт, усны хангамжийн асуудал зэрэг маш олон алдаа гарсан. Харин өнөөдөр бид мэдээллийг бүрэн цуглуулж, хиймэл оюун ухааны ид шидийг ашиглах боломжтой болсон. Цаасан дээр төлөвлөж, гаргасан зураг дээрээ шууд тулгуурлаад байшин барьдаг хоцрогдсон аргаар Хархорум хотоо бүтээн байгуулбал бид XX зууны хот байгуулах гэж байгаа хэрэг болно. Бид XXI зууны хот байгуулна гэж зорьж байгаа. Гэхдээ энэ хот байгуулах асуудал өөрөө хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энэ нь Засгийн газрын баталсан үзэл баримтлалд байгаа. Тэр нь юу вэ гэхээр гадаадынхан ч, дотоодынхон ч Хархорин суманд очоод “Яг Хархорум хот хаана байгаа юм бэ” гэж асуудаг. Газар доор байгаа, дээр нь ганцхан Эрдэнэ Зуу хийд байгаа гэж бид ярьдаг.  Хуучин Хархорум ямар хот байсан бол гэж хүмүүс янз янзаар гоёор төсөөлдөг. Эсвэл Монголын түүхийг үгүйсгэдэг хүмүүс “Хархорум гэдэг ийм хот ер нь байгаагүй юм шиг байна. Энэ чинь худлаа юм байна” гэж биднийг үгүйсгэдэг. Тиймээс бид эртний Хархорум ямар хот байсныг бодитойгоор харуулах, түүхэн хотын талаарх мэдээллийг шинжлэх ухаан, орчин үеийн технологийн боломжийг ашиглан тодорхой болгох шаардлагатай.

Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан байгаа. Энд “сэргээн байгуулах” гэсэн хоёр үг байна. “Сэргээх” гэж нэг үг, “байгуулах” гэж нэг үг. Сэргээн байгуулна гэдэг нь аль болох эрдэмтдийн судалгаа, түүхийн эх сурвалжийг судалж байгаад, яг түүнд нийцсэн байдлаар хиймэл оюун ухааны хүч чадлыг ашиглан, 800 жилийн өмнө Чингис хааны зарлигаар Өгэдэй хаан, Гүюг хаан, Мөнх хааны үед Мөнгөн мод, Түмэн амгалангийн ордныг хэрхэн барьж байсан бэ гэдгийг сэргээх хэрэгтэй гэсэн үг. Тэгж байж бид түүхээ уртасгаж чадна. Монголчууд 800 жилийн өмнө дэлхийг энэ хотоос удирдаж байсан гэдгийг баталж чадна. Гэхдээ зүгээр нэг эндээс удирдаагүй, “Pax Mongolica” буюу Монголын их амар амгалангаар орших ёс журмын дагуу удирдаж байсан гэдгийг баталж чадна гэж бид үзэж байгаа. Түүнээс биш энэ бүхэн зүгээр нэг яриа, эсвэл эрдэмтдийн ном дотор байдаг хэдэн өгүүлэл төдий зүйл болж үлдэх гээд байна. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор баталсан үзэл баримтлалын эхний хэсэгт хуучин Хархорум хотоо яг байснаар нь сэргээх зорилт туссан. Үүнтэйгээ уялдуулаад манай барилгынхан, архитекторын хүмүүс бүгд ажиллаж байна. Хуучин Хархорум хотын үзэл баримтлалтай зөрчилдөхгүйгээр шинэ Хархорумыг байгуулна.

“Хархорум” гэдэг нэр өөрөө хуучин, шинэ хоёрыг хоёуланг нь агуулж байгаа ийм агуу том нэр юм. Өвөг дээдсийн маань түүхийг бид засах хэрэггүй, хэт гоёх хийгээд хэрэггүй зүйл нэмээд байх шаардлагагүй. Байгаагүй юмыг нэмэх гэж оролдох ч хэрэггүй, байсан юмыг нь хасах гэж оролдох ч хэрэггүй. Бид өнгөрсөн XX зуунд өөрийнхөө түүхээс маш их хасуулсан. Харин одоо нөгөө тал руугаа буюу хэт их зүйл дураараа нэмэх гээд байна. Тийм учраас бид түүхэн бичиг баримтад үнэнч хандъя гэсэн ийм бодлогыг Хархорум хотын зөвлөл барьж ажиллаж байна.  Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын баталсан үзэл баримтлалд орчихсон. Мөн 2026, 2027, 2028 оны хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан байгаа. Нэгдүгээрт, хуучин хот төлөвлөлтийг хийхдээ баримталж байсан зарчмыг бас анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед харамсалтай нь бид бүх юмаа Улаанбаатар хотоор хэмждэг болчихсон. Газар л олдвол байшин барьчих гээд байдаг ийм маягаар явж байна.

Тэгтэл хиймэл оюун ухаан, хот байгуулалтын концепц улам баяжаад, эргэн тойрон байгаа орчныг нь судалж, хоттойгоо уялдуулахгүй бол дандаа хөдөө, хотын дайн, мөргөлдөөн, зөрчилдөөн болно шүү дээ. Хөдөөгөө та нар ховх сорно. Эргээд хот чинь өөрөө хот болж чадахгүй, төлөвлөгөөнөөс гадуур байнгын гэр хороололтой болж өссөн, утаандаа булагдсан, агаар нь бохирдсон, хүн ам нь уурласан, үйлчилгээ нь холдсон яг Улаанбаатар хотыг ахиж барих гээд байна гэсэн үг. Тийм учраас бид хөдөөтэйгөө найрамдах хэрэгтэй байна. Хөдөөгөө сайн судлах хэрэгтэй. Хөдөөтэйгөө хотоо яаж хооронд нь уялдуулах вэ гэдэг бодлого гаргахын тулд бид 100 км-ийн диаметртэй бүс нутгийг дээд зэргээр судлах хэрэгтэй. Хэдэн хүн амьдарч байна, хэдэн үхэр, хонь, ямаатай юм, хэдэн ноолууртай юм, ус нь ямар вэ, газрын гүн дэх ус нь ямар вэ, ямар шувуу, жараахай, загас, ан амьтан амьдардаг вэ, тэнд үйлдвэрлэл хөгжих боломж байна уу, газрын баялаг байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Энэ судалгаагүйгээр бид бие биеэ хуурсан ажил хийж болохгүй. Гуравдугаарт, бид Хархорумыг эко хотын загвар, ухаалаг хотын загвар, хиймэл оюун ухааны загварт тулгуурлан бүтээнэ гэж байгаа. Эко хотод тавигддаг дэлхийн номер нэг шаардлагуудыг бид дагах ёстой. Монголын хотын жишгээр биш. Яагаад гэвэл Хархорум хот өөрөө тухайн үед дэлхийн нийслэл байсан. Их Монгол Улс тухайн үед дэлхийн хэмжээний гүрэн байсан. Тэр үед хүн төрөлхтөн Африкийг бүрэн таньж мэдээгүй, Америк ерөөсөө нээгдээгүй, Европ, Азийг холбосон Евразийн асар том орон зайг хамарсан, дэлхийн хэмжээнд зохицуулж байсан ийм гүрэн байжээ. Тийм учраас Хархорум хот бол зүгээр нэг хот биш. Дархан биш, Эрдэнэт биш, бүр Улаанбаатар ч биш. Энэ бол дэлхийн нийслэл байсан. Тэр утгаараа бид дэлхийн нийслэлийг сэргээх гэж байгаа дэндүү хариуцлагатай ажил. Тийм учраас дэлхийн нийслэлийг хэрхэн сэргээж болдгийг бид харуулах ёстой. Эс бөгөөс бид буруу ажилтайгаа хамт нурж, унана. Би тэгмээргүй байна. Тийм учраас дэлхийн нийслэлийг барихын төлөө бүгдээрээ хамтран ажиллая гэж хэлмээр байна. Манай яамны нөхдүүд ч үүнийг их сайн ойлгож байгаа. Бид бол хамтран ажиллахад бол бүрэн бололцоотой болов уу гэж бодож байна.

Тэгэхдээ энэ бол одоо дор хаяад 15 жил, тэгээд цаашаа хэдэн жил ч байдаг юм.  Ямар ч гэсэн хот одоо хүн амаа цуглуулаад өөрөө цаашаа хөгжих тийм бололцоотой болтол нь хүн амыг нь бүрдүүлэх тал дээр бол бид нар ажиллах, ёстой байх.  Тэгээд цаашаа хот өөрөө хөгжих ёстой. Тэгэхгүй бол 500 мянган хүнийг хүчээр авчраад тэнд суулгана гэж байхгүй. Тэд нарыг авчрах гээд суухгүй ирэхгүй. Тэднийг ирэх нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагч нарыг бид урьж байна. Гадаад хөрөнгө оруулагч  нартайгаа хамтарч суумаар байна. Та бүхэнд ямар хууль хэрэгтэй юм бэ гэж асуумаар байна. Ямар хууль байвал мөнгөө оруулж ирэх гээд байна гэдгийг нь асуумаар байна. Тэгэхээр энэ хурлыг ашиглаад энд байгаа гадаадынхан байгаа та бүхэн маань дамжуулаач. Манай сайд, ТНБД  оролцоод гаднын хөрөнгө оруулагч яавал Хархорумд орох вэ гэдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран ажиллая. Тэд нарт хөнгөлөлт үзүүлье. Манай Монголын том том компанийнхан оръё гэдэг.  Албан бус байдлаар уулзахаар “ Үгүй ээ, тэгээд хөнгөлөлт байгаа юм уу. Хөнгөлөлттэй зээл олдох уу. Өмч баталгаатай юу.  Маргаан гарвал ямар шүүхээр хийж шийдэгдэх юм бэ” гэдэг нөгөө үндсэн хэдэн асуултаа асуугаад байгаа юм. Тэр нь харамсалтай нь одоо яг төгс төгөлдөр болоогүй.  Гэхдээ  энэ ажлыг яаралтай хийх ёстой. Ингэхийн тулд бид дэлхийн хамгийн шилдэг зөвлөх үйлчилгээ авмаар юм билээ. Яагаад гэвэл номер нэг хот байгуулах гэж байгаа бол номер нэг компанитай хамтарч ажиллах нь чухал. Сайдтайгаа, яамтайгаа хамтраад хамгийн шилдэг нь шалгаруулж, стратегийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй. Стратегийн зөвлөх үйлчилгээ авах асуудал Засгийн газрын тогтоолд орчихсон байгаа. Хууль эрх зүйн орчин чинь ийм байх ёстой, хиймэл оюун ухааныг ашиглахад ингэх ёстой, эргэн тойрныхоо орчныг судлахдаа ингэх ёстой, экологийн хотын номер нэг стандарт ийм байдаг юм гэдгийг зөвлөж өгнө. Тэгэхээр бид заавал алдаа гаргахгүйгээр, аль хэдийн дэлхийд гарсан алдаануудыг судалж, түүнийг засаж, зөв шийдлээр нь хийх боломжтой. Тэд нар бидэнд зөвлөж чадна. Тийм учраас энэ талаар бүгдээрээ ингэж ярилцаж, хамтарч ажиллая. COP17-ын үеэр бид олон уулзсан уулзалт хийсэн. Францын Элчин сайд болон Францын талынхантайгаа хамтраад Чингис хааны үе, Өгэдэй хааны үед Монголын хааны ордонд зочлохоор Францын хамгийн нэртэй хаадын нэг IX Людовик өөрийн элч Рубрукийг явуулж байсан тухай ярилцсан. Рубрук гэдэг хүн манай Хархорумын тухай биднээс илүү сайн мэдэж, бичиж үлдээсэн байдаг. Түүний дурсамжид Мөнгөн модны тухай дурдсан байдаг. Мөнгөн модыг Францын Буше гэдэг архитектур, уран баримлын чиглэлийн уран дархан бүтээсэн бөгөөд Хархорум тухайн үед үнэхээр гайхалтай хот байсан тухай бичжээ. Тэгвэл “Мөнгөн мод”-ыг Франц, Монгол хоёр улсын 800 жилийн харилцааны бэлгэдэл болгож болох юм. Хоёр улс хоорондоо захидал илгээж, бие биеэ сонирхож, харилцаж байсан гэдгийг илэрхийлсэн бэлгэ тэмдэг болгоё. Монгол Улс зөвхөн хойд, урд хоёр хөрштэйгөө харилцдаг улс байгаагүй, тухайн үед дэлхийтэй харилцаж байсан гэдгийг харуулах бэлгэ тэмдэг нь “Мөнгөн мод” байж болох юм. Тэгвэл Францын талд “Та нар барьж өгөөч, энэ бүтээлийг хийж өгөөч” гэж санал болгоё. Ингэж хамтран ажиллавал магадгүй Францын “Мөнгөн мод”-ыг яг бодит түүхэн эх сурвалжид нь нийцүүлэн босгох боломжтой. Тэгвэл хөрөнгө оруулагчид ч дагаж орж ирнэ. Европын хөрөнгө оруулагчид, бусад орны хөрөнгө оруулагчид ч “Энэ чинь ийм түүхтэй, ийм гоё зүйл байсан юм байна” гэж сонирхож эхэлнэ. Түүх нь ч гоё, харахад ч үзэмжтэй ийм бүтээн байгуулалтын ажлыг хийвэл яасан юм бэ гэсэн саналтай байна. COP17-ын үеэр гадаадынхантай уулзаж байхдаа Хархорумын төслийн талаар ярихад хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь “Мөнгөн мод” байсан. Тийм учраас үүнийг ярьж, ажил хэрэг болгож эхэлье гэсэн саналтай байна. Бид маш том түүхэн шийдвэрийн өмнө ирчихсэн байгаа гэдгийг дахин онцлон хэлье.  Улаанбаатар хотын олон асуудлыг Хархорум хот шийдэж чадна.  Тэгэхээр цаашид та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 157 (7899)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn