Монголын урлаг, соёлын салбарт дэлхийн хэмжээний шоу, фестивалийн шинэ жишиг тогтоох зорилготой “KHARKHORUM Visual Art & Music Festival” энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, дижитал урлаг, дэлхийн хэмжээний тайзны шийдлийг хослуулсан тус фестиваль Монголын анхны 360° дэлгэцийн шийдлээр онцлог. 300 метрийн урт, 12 метрийн өндөр дэлгэцээр хүрээлэгдсэн тайзнаа дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй нэгэн дор нэгдэнэ.
Фестивалийн бэлтгэл ажилд олон улсын инженер, техникийн мэргэжилтнүүд Монголын залуустай хамтран ажиллаж байгаа юм. Шоуны дуу, гэрэл, тайз, цахилгаан эрчим хүч, аюулгүй байдал зэрэг бүх шийдлийг олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна.
Фестивалийн бэлтгэл ажилд оролцож буй Б.Жаргалсайхан Монголд шоу, фестивалийн шинэ соёл бий болгох шаардлагатайг онцолж байна. Тэрээр “Шоу гэдэг зөвхөн гэрэл, дэлгэц, тайзны техник биш. Үзэгчдэд шинэ мэдрэмж, шинэ уран бүтээл, мартагдашгүй туршлага өгөх цогц бүтээл байх ёстой” хэмээн үзэж байгаа юм.
KHARKHORUM Visual Art & Music Festival” нь зөвхөн үндэсний онцлогоо харуулах фестиваль биш. Харин дэлхийн шинэ соёл, технологи, урлагийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлж, Монголын залуусыг дэлхийн хэмжээний бүтээл хийх боломж, туршлагаар хангахыг зорьж байна. Энэ талаар “Буян” Жагаа ярихдаа “Дэлхийн соёлтой ойрхон байж, дэлхийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байж бид өөрсдөө хөгжинө. Өөрийгөө дэлхийгээс тусгаарлачхаад дэлхийн Монгол болно гэж байхгүй” хэмээн онцоллоо.
Ийнхүү “KHARKHORUM 360°” нь Монголын түүх, соёлыг орчин үеийн дижитал урлаг, хөгжим, технологийн хэлээр өгүүлэхээс гадна монголчууд дэлхийн хэмжээний шоуг өөрсдөө бүтээж чаддагийг харуулах амбийцтай зорилт тавьж байна. Үүнийг наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэж, оролцож байж л мэдэх боломжтой гэсэн үг.