Г.ХҮСЛЭН
Түүхийг хөгжим бас дүрсээр мэдэрвэл ямар вэ. Техник, технологийн эрин үед хөл нийлүүлэн алхаж буй бид түүхээ орчин үеийн хэлээр “сонсож”, “харж”, цаг хугацаагаар аялж болох нь. Учир нь Хүннүгийн үеэс хойших олон мянган жилийн түүхийг хөгжим, дижитал урлаг, гэрлийн шоу, орчин үеийн тайз, технологиор өгүүлэх "KHARKHORUM 360° хөгжмийн фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Даяаршлын эрин үе хийгээд шинэ технологиуд амьдралын салшгүй хэсэг болсон энэ цагт түүх, өв соёлоо хэрхэн шинэ хэлээр өгүүлэх вэ. Фестивалийн энэ жилийн “Time” сэдэв нь энэ асуултад хариулна. Хүннүгийн үеэс хойших таван том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар, цаг хугацаагаар аялуулах гэж байна.
Түүнчлэн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй KHARKHORUM 360° visual art & music festival энэ жил өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр шинэ өнгө төрхийг бий болгожээ. Мөн энэ жил анх удаагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бөгөөд фестивалийн орчин, тайз бүхэлдээ таныг цоо шинэ ертөнцөөр аялуулах болно. Учир нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайз бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах юм. Ингэснээр 360° дэлгэцийн шийдэл нь таныг урлагийн бүтээлийн нэг хэсэг болсон мэт мэдрэмжид хөтөлж, түмэн оддын дор орчин үеийн гэрэл, дуу дүрслэл, лазер шоу болон байгалийн үзэсгэлэн төгс хосолсон орчинд давтагдашгүй мөчүүдийг мэдрэх нь.
Харин хөгжмийн мэдрэмжийг илүү тодотгохын тулд Cinematic Orchestral дуугаралтын шийдлийг ашиглах аж. Ингэснээр хөгжмийн цуурай, орон зайн гүн, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү тод мэдэх боломж бүрдүүлэх юм.
Мөн монголынхоо болон дэлхийн артистуудын уран бүтээлийн нэг дор сонсох боломжийг бүрдүүлж байна. Дэлхийд алдартай Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг, Melodic Techno болон Progressive House урсгалын нэр хүндтэй DJ, продюсер 8kays нар фестивальд оролцоно.
Эртний Хархорум хот бол олон орны хүмүүс уулзаж, үзэл санаа, мэдлэг, урлаг соёлоо солилцдог байсан түүхэн орон зай. Тэнд шинэ санаа төрж, шинэ бүтээл бий болдог байсныг өнөө цагт “KHARKHORUM” фестиваль өөрийн өнгө аясаар дахин бүтээхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн ба ирээдүй, уламжлал ба технологи, Монгол ба дэлхий нэг тайзан дээр уулзах нь.
Түүнчлэн фестиваль зөвхөн урлаг, хөгжмөөр хязгаарлагдахгүй. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд тасалбарын орлогоос дөрвөн жилийн хугацаанд нийт 10 мянган мод тарих ногоон санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэхүү ажлыг жил бүр уламжлал болгон үргэлжлүүлж, байгаль дэлхийдээ бодит хувь нэмэр оруулан, ирээдүйд “KHARKHORUM төгөл” бий болгохыг зорьжээ. Түүнчлэн фестивалийг зорин ирсэн хүн бүрийн худалдан авсан нэг тасалбар тутамд нэг мод тарих юм. Ингэснээр урлагийн нэгэн үдшийг мэдрэхийн зэрэгцээ байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой юм.
Ийнхүү эртний Хархорумын уулзаж, холбогдож, бүтээдэг байсан уламжлалыг орчин үеийн урлагийн хэлээр үргэлжлүүлэхийг “KHARKHORUM 360°” фестиваль зорьж байна. Түүх, урлаг, технологийг нэг дор хослуулсан энэхүү төслийн онцлог болон энэ жилийн хөтөлбөрийн талаар төслийн багийнхан өчигдөр (2026.08.10) хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
“Kharkhorum chapter 4 visual art and music festival” төслийн санаачлагч Ц.Мөнхтүвшин: “Цаг хугацаа”-ны цагалбараар үргэлжлүүлж байна

-“Kharkhorum” төслийг өмнө гурван өөр зохиомжтойгоор зохион байгуулаад түр завсарласан. Харин одоо бид энэ төслөө үндэсний хэмжээний бахархал болгож, дэлхийд таниулах зорилготойгоор “Цаг хугацаа”-ны цагалбараар үргэлжлүүлж байна. Фестивалийн үеэр Хүннүгийн үеэс хойших таван том үйл явдлын цагалбарыг эмхэтгэн хүргэх юм. Түүнчлэн Монголд анх удаа ийм том тайзан дээр түүхийг урлаг болоод хөгжимтэй хослуулан өөрсдийн чадах хэмжээгээрээ үзэгчдэдээ хүргэх гэж байгаадаа баяртай байна.
“STEPPE LINK HOLDING” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Урантулга: “Хархорин төгөл” төслийг санаачлан үргэлжлүүлэхээр болсон

-Бид энэ удаагийн төслөө манай улсад зохион байгуулагдах гэж буй 197 улсын төлөөллүүд оролцох “COP 17” чуулга уулзалтын цаг хугацаатай уялдуулан жил гарангын өмнөөс боловсруулсан.
Үүний гол илэрхийлэл болгож “Нэг тасалбар, нэг мод, нэг өв” гэсэн санаачлагыг дэвшүүлж байгаа юм. Дэлхийн хэмжээний фестивалиуд дан ганц электрик хөгжмөөр хязгаарлагдахгүй, давхар нийгмийн хариуцлага, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалсан байдаг. Тиймээс ч бид энэ фестивалаа үргэлжлүүлэн цаашид “Хархорин төгөл” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон.
Мөн энэ удаагийн фестивалаар Монголд анх удаа 300 метрийн урт, 12 метрийн өндөртэй лед дэлгэцийг засах бөгөөд үзэгчид 2500 орчим жилийн цаг хугацаагаар аялж онирхолтой мэдрэмжийг авах боломжтой.
Нийт 12 өдрийн үйл ажиллагаа зохион байгуулна. Бүтээлч соёл, түүхэг худалдаа зэргийг агуулсан Bazaar төслийг өнөөдрөөс Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы урд талбайд арван өдрийн турш зохион байгуулна. Энэхүү төсөлд нийт арын албаны 500 гаруй ажилчид, 250 уран бүтээлчид мөн орчин үеийн visual art контентийн 40 гаруй уран бүтээлчид гээд 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Ерөнхий найруулагч Г.Тамир:“Фестиваль гэдэг бол тэр чигээрээ мэдрэмж, эрчим энерги”

-Манай фестивалд оролцох дэлхийн хэмжээний одод, Монгол уран бүтээлчид болон тайз, дэлгэц болон гэрэлтүүлгийн шийдэл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл сошиал хуудастаа бичсэн байгаа. Та бүхэн орж сонирхоорой.
Хэсэг завсарласны дараа үргэлжлүүлж буй “Хархорум” фестивалаа дахин үзэгчдэд хүргэхдээ бид илүү том цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.
Фестиваль гэдэг бол тэр чигээрээ мэдрэмж, эрчим энерги. Тэнд хүнээс гарах боломжтой бүх мэдрэмжийг мэдэрч, тэр цаг мөчийг хамтдаа бүтээхийг зорьж байна. Энэ бүхний ард ажиллаж буй 1000 гаруй хүмүүстээ, болон төслийг санаачлагч Ц.Мөнхтүвшинд талархлаа илэрхийлье. Дэлхийн хэмжээний фестиваль Монголд болж байна, тэр фестивалийг бид өөрсдөө бүтээж байна.
“Kharkhorum chapter 4: Bazaar” төслийн зохион байгуулагч Б.Оюунномин: “Kharkhorum chapter 4: Bazaar” төсөл өнөөдөр эхэлж байна”

-“Kharkhorum chapter 4: Bazaar” төслийн гол зорилго нь Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үетэй хослуулан таниулж, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл зэргийг нэг дор цогцлоон, эдийн засагт үр ашигтай ажиллах юм.
Энэ төсөлд маань үндэсний гар урлал, үндэсний хувцас, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага оролцож байна. Төслийн нээлт өнөөдөр болж байгаа бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл өдөр 11:00-23:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Тиймээс та бүхэн зорин ирж үндэсний өв соёлтойгоо танилцан, хөгжмийн зэмсэг урлах үйл явцыг дэргэдээс нь харах боломжтой. Мөн өдөр бүр 19:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй соёл урлагийн хөтөлбөрүүд зохион байгуулна. Бид өв соёлоо түгээхээс гадна, гадна контент бүтээгчид болон урлаг, спортын олон уран бүтээлчдийг холбосон сонирхолтой хөтөлбөр гаргасан байгаа.
Дизайнер Katya Zol: “Эв нэгдэл, эх дэлхийгээ хайрлъя” уриан дор зохион байгуулна”

-Олон жилийн хугацаанд энэ төслийг амжилттай зохион байгуулж, үзэгчдэдээ хүргэж буй зохион байгуулагчдадаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье.
Энэ төслийн нэг хэсэг болж, монголынхоо урлаачид, урлаач бүтээлчдийн бүтээлийг дэлхий Монгол руу анхаарлаа хандуулж буй энэ цаг үед танилцуулах болсондоо маш их баяртай байна.
Бид энэ удаагийн загварын үзүүлбэрийн хүрээнд 108 метрийн урттай тайз засах бөгөөд мөн 88 модель оролцоно. Энэ шоу үзүүлбэртээ малын гаралтай түүхий эд болох нэхий, эсгий, савхи зэрэг уламжлал болгон боловсруулж ирсэн материалыг ашигласан.Эдгээр уламжлалт түүхий эдээр урласан сор болсон бүтээлүүдээ “Эв нэгдэл, эх дэлхийгээ хайрлъя” уриан дор хүргэнэ.
Гавьяат тамирчин Б.Энх-Оргил: “Монгол залуусынхаа ондоошлыг харуулахыг уриалж байна”

-“Kharkhorum” фестивальд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэхүү фестивалийн гол зорилго нь өдөр тутмын энгийн амьдралаас өөр ертөнцөд очиж, шинэ, онцгой мэдрэмж авах юм.Тиймээс та бүхний идэвхтэй оролцож, Монгол залуусынхаа ондоошлыг харуулахыг уриалж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 148 (7890)