Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгсөж Монголын сэтгүүл зүйд хүнд гарз, уй гашуу тохиолоо.

Дуламын Цэрэннадмид 1945 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Гашуун хар гэдэг газар, нутаг усандаа “бичээч” хэмээн алдаршсан Дашнямын бага хүү болж мэндэлсэн. Есөн нас хүртлээ эцэг, эхийн гар дээр өсөж өндийсөн тэрээр 1955 онд Дэрэн сумын бага сургуульд элсэн суралцаж, 1965 онд аравдугаар ангиа төгсжээ.

1965 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж, дараа нь тус аймгийн Намын хороо, АДХ-ын дэргэдэх захиргааны хэвлэл “Улаан туг” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар ажиллаж сэтгүүлч болох замдаа анхлан оржээ. 1968-1970 онд “Улаан туг” сонинд сурвалжлагчаар ажиллаж байгаад 1970-1973 онд цэргийн алба хаасан. Улмаар 1973-1978 онд мөн “Улаан туг” сонинд сурвалжлагч, Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ үед “Улаан туг” сонин орон нутгийн загвар сонин гэгдэж, редакцын туршлагыг бусад аймгийн сонинд дэлгэрүүлэх ажил зохиогдож байжээ. Мөн Дундговь аймаг 1975, 1976 онд социалист уралдаанд шалгаран шагнал авахад аймгийн сонины нийтлэл, чанар чансаа чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж байв. Тэдгээр жилүүдэд сэтгүүлч Д.Цэрэннадмидын бичиж нийтлүүлсэн “Малчин хүнд чөлөө цаг бий юу”, “Агь нүдэлсэн хавар”, “Тэмээчин баатар Д.Цэнд”, “Малчин хүн гэж хэнийг хэлэх вэ” зэрэг асуудал дэвшүүлсэн нийтлэл, хөрөг найруулал, тэмдэглэл уншигчдын хүртээл болж, шилдэг нийтлэлийн шагналыг олон удаа хүртжээ.

Тэрээр 1978 онд буюу өөрийнх нь хэлдгээр хожуу оюутан болж, МУИС-ийн сэтгүүлчийн ангид элсэн суралцсан юм. 1982 онд МУИС-ийг төгсөөд тэр үеийн Намын төв хорооны томилолтоор Булган аймгийн “Дэвшилт” сонинд Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллахаар очжээ. Тухайн үед “Дэвшилт” сонины загвар, өнгө төрх төдийлөн сайн биш, шүүмжлэлт материал ховор байж. МУИС-ийг төгссөн шинэ боловсон хүчин сониныхоо макет чимэглэлийг асар богино хугацаанд сайжруулж нийтлэлийн чанарт ч их анхаарсан байна. Өөрөө ч бичихийн хажуугаар гэрэл зургийг сайжруулахад ихэд анхаарч олон арван зураг авч нийтлүүлжээ. Нэг жил өнгөрөхөд сонины захиалгын тоо нэмэгдэж, “Дэвшилт” сонины идэвхтэн бичигчдийн эгнээ өргөжиж, шүүмжлэлт материал тогтмол нийтлэгдэх болов.

Сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын бичиж нийтлүүлсэн “Ай хөөрхий Сүнжидмаа минь” шог найруулал энэ үеийн шүүмжлэлт нийтлэлийн гол төлөөлөл болж, түүнийг хэвлэсэн сонин ихээхэн эрэл сурал болж байжээ. 1984 онд Булган аймаг улсын хэмжээнд социалист уралдаанд түрүүлэхэд “Дэвшилт” сонин салбартаа тэргүүлж Монголын сэтгүүлчдийн холбооны шагнал авахад түүний оролцоо багагүй байлаа.

Сэтгүүлч Дуламын Цэрэннадмид орон нутгийн сонинд ажилласан жилүүддээ төвийн сонин “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд идэвхтэн бичигч, орон тооны бус сурвалжлагчаар ажиллаж байв. Тэдгээр сониноос зарласан тэргүүн бичлэгийн уралдаанд удаа дараа шалгарч өөрийн гэсэн бичлэгийн өнгө төрхөөр ялгарах болов. Тэр дотор “Үнэн”, “Залуучуудын үнэн” сониноос зарласан гэрэл зургийн уралдаанд хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Дараа нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв хэвлэл “Хөдөлмөр” сонинд сурвалжлагчаар ажиллахын зэрэгцээ Монголын сэтгүүлчдийн холбоонд референтээр ажиллаж байлаа. Энд ажиллахдаа орон нутгийн сониныг хариуцдаг ажилтны хувиар аймгуудын сонины нийтлэлийн талаар олон талын судалгаа хийж заавар зөвлөмж өгч байсны дээр Хэнтий, Архангай, Төв, Өмнөговь зэрэг хэд хэдэн аймагт томилолтоор ажиллаж аймгийн сонины нийтлэлийг шинэ шатанд гаргахад томоохон хувь нэмэр оруулсан юм. Мөн тус холбооноос эрхлэн гаргадаг “Сэтгүүлч” сэтгүүлийг гаргалцаж өнгө төрх, нийтлэлийн чанарыг сайжруулахад ихэд анхаарсан байдаг.

Сэтгүүлч Дуламын Цэрэннадмид 1982-1985 онд Булган аймгийн “Дэвшилт” сонинд Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1985-1986 онд МҮЭ-ийн Төв хэвлэл “Хөдөлмөр” сонинд сурвалжлагч, 1986-1987 онд Монголын Сэтгүүлчдийн холбоонд референтээр ажиллаад 1987 оноос Улаанбаатар хотын төв хэвлэл “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа үйлдвэрлэл, хот тохижилтын ажилд тус нэмэр болохуйц олон нийтлэл бичиж байжээ. Мөн фото сурвалжлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байв. Д.Цэрэннадмидын ажилласан жилүүдэд “Улаанбаатарын мэдээ” сонин нэрээ өөрчилж “Нийслэлийн сонин бичиг” болох үед тус сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа реклам сурталчилгааг анх нийтэлж, бие даасан олон нүүр, хуудастай болгож сонины өнгө төрхийг эрс өөрчилж шинэчилж байв. 

1987-1993 онд “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, хэлтсийн эрхлэгч, 1993-2001 онд Монгол Улсын Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, 2001 оноос хойш 25 жил “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч, албаны дарга, тоймчоор ажилласан юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дуламын Цэрэннадмид цэргийн алба хаасан гурван жил, МУИС-ийн сэтгүүл зүйн ангид дөрвөн жил суралцсанаас бусад ажил амьдралын 48 жилээ Монголын төв, орон нутгийн сонин хэвлэлд ажиллахад зориулж, сэтгүүлч мэргэжилдээ тууштай, үнэнч хичээнгүйлэн ажиллаж иржээ

Түүний сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр их. Тэр дундаа залуу сэтгүүлчдэд үлгэр дууриалал болж, тэдэнд мэргэжлийн үнэт зөвлөгөө өгч, мэргэшүүлэхэд байнга анхаардаг ахмад сэтгүүлч байлаа. “Улаанбаатарын мэдээ”, “Нийслэлийн сонин бичиг”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинд ажилласан жилийнхээ хугацаанд олон арван залуу сэтгүүлчдийг дагалдуулан сургаснаас одоо төвийн болон орон нутгийн хэвлэлд олон сэтгүүлч амжилттай ажиллаж байна.

Монголын сэтгүүлчдийн дунд бичих, зураг авахыг амжилттай хослуулж ажилладаг мэргэжлийн сэтгүүлч хуруу дарам цөөн. Харин сэтгүүлч Дуламын Цэрэннадмид мэргэжлээрээ ажилласан бүх хугацаандаа нэг гартаа үзэг, нөгөө гартаа фото аппараттай “хос морьтон” байлаа. Тиймээс сэтгүүл зүй, гэрэл зургийн салбарынхан түүнийг “жинхэнэ сэтгүүлч” хэмээн хүндэтгэдэг төдийгүй, залуу сэтгүүлчид “Надиа ах”, “Надиа багш” гэх нь бий.

Тэрээр сэтгүүл зүйн бичлэгийн олон төрлөөр бичдэг байлаа. Тэр дундаа сурвалжлага, тэмдэглэл бичих өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан авьяаслаг сэтгүүлч байв. Сүүлийн жилүүдийн нийтлэлээс дурдахад, зудтай өвөл томилолтоор яваад бичсэн “Цөхсөн малчид эм хонио 3000, төлгөө 1000 төгрөгөөр зарж байна” сурвалжилга, “Цастай өвлийн дуулал”, “Наранд ойрхон говь минь”, “Домын орон буюу Ноён хангайн рашаан”, "Хорьдугаар зууны зэрлэг хүнтэй уулзсан минь" гэх зэрэг олон тэмдэглэл, сурвалжилга уншигчдын сэтгэлд хүрчээ. Мөн  “Монголын тэмээ улаан номонд орох нь ээ”, “Мантуушийн маапаан”, “Алдаж асгасан газрын тос”, “Дотоод үйлдвэр”-ийн цолтон төрүүлсэн аймгийн наадмууд зэрэг томоохон нийтлэл, Энэтхэг улсад явж ирээд “Жагарын оронд бичсэн цуврал тэмдэглэл” гээд уншигчдын таашаалд хүрсэн бүтээл олон бий. Мөн зохиолч, уран бүтээлчдийн ажил амьдралын замнал, үзэл бодол, бүтээлийн талаар эсээ тэмдэглэл олныг бичжээ. Бас “Зууны мэдээ” сонины нийтлэлийн цар хүрээг өргөжүүлсэн “Бөхийн мэдээ” хавсралт сониныг 20 шахам жил эрхлэн гаргаж, сониныхоо спортын сурвалжлагчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан билээ. 

Сэтгүүлч Дуламын Цэрэннадмид шилдэг бүтээлээ дээжлэн эмхэтгэж “Монголын Сэтгүүлчдийн шилдэг нийтлэл” цувралын 90 дэх боть болгон уншигчдад хүргэсэн юм. Сүүлийн жилүүдэд “Зууны мэдээ” сонинд  “Хүмүүн судар” нэртэй булан хөтөлж нийгэм, соёлын олон нийтлэлээрээ уншигчдын талархал хүлээж байв. Эдгээр бүтээлээ нэгтгэн “Хүмүүн судар” хэмээх ном хэвлүүлсэн нь түүний хоёр дахь уран бүтээлийн эмхэтгэл байлаа. Мөн эгэл атлаа энгүй үйлс бүтээлтэй хүмүүсийн тухай хөрөг нийтлэлүүдээ “Эгэл монгол” ном болгон түмнээ толилуулсан үүц ихтэй ахмад уран бүтээлч байв.

Сэтгүүлч Дуламын Цэрэнннадмид нь Монголын Гэрэл зургийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа олон удаагийн уран бүтээлийн сурвалжлах аялалд явж хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцжээ. Түүний Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрээс цухас дурдахад ийм баялаг жагсаалт хөвөрнө.

Мөн тэрээр нэгэн үе сэтгүүлчдийн төв байгууллагад ажиллаж байсны зэрэгцээ төв, орон нутгийн сонинд ажилласан 30 гаруй жилдээ сэтгүүлчдийн салбарын дарга, нарийн бичгийн даргын ажлыг нэр төртэй гүйцэтгэж ирсэн.

Тэрээр ‘Зууны мэдээ” сонины дэргэдэх Монголын сэтгүүлчдийн эвлэлийн салбарын даргаар 10 гаруй жил ажиллахдаа Монголын сэтгүүлчдийн Их хуралд долоон удаа төлөөлөгчөөр оролцжээ.

Түүний эрхэмлэж явдаг нэгэн зарчим нь залуу сэтгүүлчдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, өөрийн туршлагыг харамгүй хуваалцах бусдын төлөөх сайхан чанар байлаа.

Сэтгүүлч Дуламын Цэрэннадмид 10 гаруй удаа “Зууны мэдээ” сонины тэргүүн бичлэгийн шагналын эзэн болж байв. Мөн Монголын сэтгүүлчдийн байгууллагын шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн”, “Хүндэт тэмдэг”, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” зэрэг шагналыг хүртэж байсан бөгөөд 2013 онд шилдэг нийтлэлээрээ “Ц.Балдорж шагнал” хүртсэн юм.

Сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын хөдөлмөр бүтээлийг төр, засгаас үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одон "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнаж байв. Улмаар 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн юм.

Дуламын Цэрэннадмид нь Монголын сэтгүүл зүйн салбарт 48 жил, түүнээс “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинд тасралтгүй 33 жил ажиллахдаа өдөр тутмын сонины гал тогоонд ажиллаж буй үе үеийн сэтгүүлчдэд өөрийн биеэр үлгэрлэн, зааж зөвлөж, түшиж тулсаар ирсэн авьяаслаг, хөдөлмөрч, ясны сэтгүүлч, жинхэнэ уран бүтээлч байлаа.

“Мэргэжил бүхэн сайхан. Тэр дотроос сэтгүүлч мэргэжил улс орон даяар болж буй үйл явдалд оролцож гэрч болж явдаг сайхан ажил. Хэрэв энэ мэргэжлийг сонгосон бол өөрийгөө боловсруулж, улс төр, эдийн засаг, нийгэм, философийн мэдлэгтэй байж, төрөл бүрийн ном уншдаг маш сайн уншигч байх хэрэгтэй. Зогсолтгүй, шантрахгүй бичиж байгаарай гэж залуу сэтгүүлчдэд захимаар байдаг. Өдөр тутмын ажлаас гадна заавал сэтгүүлчийн ур чадвараа гайхуулсан сэтгүүл зүйн бүтээл хийдэг байх хэрэгтэй. Энэ ажил мэргэжилд нас, хүйс хамаагүй. Бусад мэргэжил шиг тэтгэвэртээ гарах цаг хугацаанд баригдахгүй өөрөө л хүсэж, хичээж, хөдөлмөрлөж чадвал хэдэн ч нас хүртлээ ажиллах боломжтой гэдгийг би өөрийн биеэр харуулж явна”  хэмээн хуучлан суусан Та минь биднийхээ эрхэм багш, гүн хүндэт ах, үзэг нэгт нөхөр, хамт олныхоо өмөг түшиг байлаа.

Таны минь гэгээн дүр, үлдээсэн бүтээл туурвил, үнэт сургаал, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

 

“Зууны мэдээ” сонины хамт олон