А.ЭНХ-УЧРАЛ
Хотын чимээ, машины түгжрэл, өдөр тутмын яаруу хэмнэлээс түр холдож, уулын жимээр алхах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тэдний хувьд явган аялал нь спортоор хичээллэх, байгальд гарахаас илүү өргөн ойлголттой. Хаашаа хүрэхээс илүү хэрхэн туулах нь чухал байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор Монголын явган алхалтын холбооны гишүүн, явган алхагч Ш.Амаржаргалыг урьж, ярилцлаа.
Хотын яаруу хэмнэлээс байгалийн нам гүм рүү

Ш.Амаржаргал анх ууланд гарахыг салхинд гарах, байгаль үзэх нэгэн арга гэж боддог байжээ. Харин нэг удаа уулын аялалд оролцсоноор энэ ойлголт нь өөрчлөгдсөн байна. Хотод хүмүүс бүх зүйлээ төлөвлөж, цаг минуттай уралдан амьдардаг. Харин ууланд гарахад тэр бүх зүйл ард үлдэнэ. Тэнд ус, хувцас, цаг агаар, хамт явж байгаа хүмүүс хамгийн чухал нь. Ингэж уулын аялалд оролцсоны дараа түүнд явган аялал илүү сонирхолтой санагдаж эхэлжээ.
Хамгийн том өөрчлөлт нь энэ сонирхлоо ганцаараа биш, ижил сонирхолтой хүмүүстэй хуваалцдаг нь байв. Аяллын эхэнд бие биенээ танихгүй хүмүүс замд гардаг. Гэхдээ аяллын үед нэгийгээ ядарвал хүлээнэ. Хэн нэгэнд ус хэрэгтэй бол хуваалцана. Зам хэцүү үед “жаахан л үлдлээ” гэж урам өгнө. Ингээд аяллын төгсгөлд хүмүүс хоорондоо илүү дотно болчихсон байдаг тухайгаа ярьсан юм.
Монголд явган аялал хийх газар олон бий гэдгийг Ш.Амаржаргал хэлж байлаа. Тэрээр “Монголд явган аялал хийх газар маш их. Ууланд гарах бүрд өөр орчин угтана. Зарим газар хад асгатай, зарим нь ой модтой, зарим нь тал хээр, заримдаа ус гол дагаж алхана. Улирал бүр өөр өнгөтэй. Тиймээс нэг газар дахин очсон ч өмнөхөөсөө өөр мэдрэмж төрүүлдэг. Монгол Улс маань өргөн уудам газар нутагтай учраас энэ нь алхахад хамгийн сайхан нь байдаг. Хэсэг алхсаны дараа хотын чимээ бүрэн тасарч, эргэн тойронд зөвхөн салхи, шувууны дуу сонсогдох үе бий. Тэр үед хүн өөрийн эрхгүй тайвширдаг” гэлээ.
Явган аялалд хурд биш, тэсвэр хамгийн чухал

Аяллын үед ядрах үе байх ч үүнээс илүү сэтгэл зүйн тэсвэр чухал үе байдаг. Заримдаа уулын оргил харагдаж байгаа хэр нь очиход маш хол санагдана. Тэр үед буцаад явахын оронд бага багаар алхсаар байдаг. Тэгээд эцэст нь зорьсон газартаа хүрэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Алхаж эхэлснээр бодож байснаасаа илүү их зүйлийг тэвчиж чаддаг юм байна гэдгээ ойлгосон. Ядарсан үедээ “Би чадахгүй юм байна” гэж боддог. Гэхдээ хэсэг амраад, ус уугаад, дахин алхахад өмнө нь боломжгүй санагдсан газартаа хүрчихсэн байдаг. Энэ мэдрэмжээ ч амьдралд нь нөлөөлжээ.Мэдээж аялал бүр өөр өөр дурсамж бүтээнэ. Энэ тухайгаа “Цаг агаар гэнэт өөрчлөгдсөн, зам төлөвлөснөөсөө хэцүү болсон аяллууд хамгийн их санаанд үлддэг. Учир нь бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх үед аялал сайхан өнгөрдөг. Харин төлөвлөөгүй зүйл тохиолдоход хүн өөрийнхөө тэвчээр, бэлтгэл, хамт олныхоо үнэ цэнийг илүү сайн ойлгодог. Зарим аяллын дараа авсан зургаа харахаас илүү тухайн үед юу мэдэрч байснаа санадаг гэсэн юм.
“Байгальд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй”
Гадаадад явган аялал хийхэд байгаль мэдээж ялгаатай. Харин Ш.Амаржаргалын хувьд тухайн орны хүмүүс байгальтайгаа хэрхэн харьцаж байгаа нь илүү сонирхолтой санагджээ. Зарим оронд явган аяллын зам маш сайн тэмдэглэгдсэн байдаг. Аль замаар явах, хэдэн километр үлдсэн, ямар түвшний зам болох нь тодорхой. Зарим газар явган аялагчдад зориулсан тусгай орчин бүрдүүлсэн байдаг аж. Гадаадад хийсэн аяллаас нь хамгийн их сэтгэгдэл үлдээсэн зүйл нь хүмүүсийн аялж байгааг харах сонирхолтой байдаг гэв. Учир нь зарим хүмүүс хэдэн долоо хоногийн турш зөвхөн алхах аялал хийдэг. Өдөржин алхаж, орой нь жижигхэн буудалд амраад маргааш нь дахин замдаа гарна. Тэднийг хараад “Хүн заавал бүх зүйлийг амжуулах гэж яарах хэрэггүй юм байна” гэж боджээ. Бид заримдаа амьдралынхаа зорилгыг хүртэл хурдан биелүүлэх гэж яардаг. Харин явган аялалд хурд биш, тэсвэр хамгийн чухал. Энэ ойлголт түүний амьдралын хандлагад ч нөлөөлсөн байна.
Харин Монголд байгаль уудам. Заримдаа яг хаанаас хаашаа явахаа өөрөө мэдрэх хэрэгтэй болно. Тиймээс Монголд явган аялал хийх нь илүү адал явдалтай санагддаг гэлээ.
Ууланд гарч байгаа учраас эрсдэл үргэлж бий. Цаг агаар гэнэт муудах, замаа буруу сонгох, халтирч унах, харанхуй болох зэрэг асуудал гарч болно. Тиймээс явган аяллыг зүгээр л ууланд гарах гэж ойлгож болохгүй. Бэлтгэл маш чухал гэдгийг Ш.Амаржаргал онцолж байв. Тэрээр “ Хүн бүрийн аяллын онцлогоос шалтгаална. Гэхдээ хамгийн чухал нь ус, цаг агаарт тохирсон хувцас, зөв гутал, анхны тусламжийн хэрэгсэл, холбоо барих хэрэгсэл. Байгальд ямар нөхцөл үүсэж болохыг тооцоолж , бэлтгэлтэй байх хэрэгтэй.Хаашаа явах, цаг агаар ямар байх, ямар хувцас хэрэгтэй, ус, хоол хүнс хэр хүрэлцэх, холбоо барих боломж байгаа эсэхийг урьдчилан тооцох шаардлагатай. Байгальтай өрсөлдөж болохгүй. Байгальд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэсэн юм.
“Ууланд явж байхдаа хүн бүрийн алхах хурд амьдрал дээр ч өөр байдгийг ойлгосон”
Ш.Амаржаргал явган аяллаас тэвчээрийг илүү их мэдэрсэн байна.Хотод бид аливаа зүйлийг хурдан болохыг хүсдэг. Харин ууланд тэгж болохгүй. Өөрийн хурдаар алхана. Энэ нь ч түүний амьдралд ч хэрэгтэй ойлголт болжээ.
Энэ тухайгаа “Явган аяллаас олж авсан хамгийн том зүйлийн нэг бол тэвчээр. Хотод бид аливаа зүйл хурдан болохыг хүсдэг. Харин ууланд тэгж болохгүй.Тиймээс өөрийн хурдаар алхана. Энэ нь амьдралд ч их хэрэгтэй ойлголт болсон. Заримдаа би бусадтай өөрийгөө харьцуулаад “Би яагаад тэдэн шиг хурдан урагшлахгүй байна вэ?” гэж боддог байсан. Харин ууланд явж байхдаа хүн бүрийн алхах хурд өөр байдгийг ойлгосон. Нэг хүн түрүүлж хүрч болно. Нөгөө хүн арай удаан хүрч болно. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө замыг дуусгах. Би бодож байснаасаа илүү их зүйлийг тэвчиж чаддаг юм байна гэдгээ ойлгосон. Ядарсан үедээ “Би чадахгүй юм байна” гэж боддог. Гэхдээ хэсэг амраад, ус уугаад, дахин алхахад өмнө нь боломжгүй санагдсан газартаа хүрчихсэн байдаг. Энэ мэдрэмжийг амьдралдаа ч авч явдаг болсон” гэсэн юм.
Хэн нэгэн 20 км алхаж чаддаг байхад та 5 км алхаж чаддаг байж болно. Энэ бол асуудал биш
-Явган аяллыг сонирхож байгаа ч эхэлж чадахгүй байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Шууд хамгийн өндөр уул руу гарах хэрэггүй. Эхлээд богино зайд алхаад үзээрэй. Дараа нь арай урт аялалд оролц. Туршлагатай хүмүүстэй хамт яв. Биеийнхээ ачааллыг мэдэр. Хамгийн гол нь өөрийгөө бусадтай битгий харьцуул. Хэн нэгэн 20 км алхаж чаддаг байхад та 5 км алхаж чаддаг байж болно. Энэ бол асуудал биш. Өнөөдөр 5 км байсан бол дараа нь 7, 10 км болж болно.
-Ирээдүйд хаана явган аялал хийж үзэхийг хүсдэг вэ?
-Дэлхийн олон алдартай явган аяллын замаар алхаж үзэх хүсэл бий. Өөр өөр орны байгаль, соёл, хүмүүсийг алхаж байхдаа танилцахыг хүсдэг. Гэхдээ гадаад руу явахаас гадна Монголынхоо олон газрыг дахин нээж үзэхийг хүсдэг. Бид өөрсдийн орны байгаль ямар гайхалтайг заримдаа хангалттай анзаардаггүй. Нэг уулыг машинаар хажуугаар нь өнгөрөх нэг өөр, хэдэн цаг алхаж байж хүрэх огт өөр мэдрэмж.
-Нийтлэлийнхээ төгсгөлд явган аяллыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
-Явган аялал бол хаа нэг газар хүрэхийн тулд алхдаг зам биш, алхах явцдаа өөрийгөө таньж, ертөнцийг өөр өнцгөөс харах аялал гэж хэлнэ. Уулын замын төгсгөлд оргил байдаг. Харин хүний хувьд тэр оргил нь заавал очих газар биш байж болно. Заримдаа оргилд хүрэх замдаа өөрийнхөө доторх айдас, тэвчээр, хүсэл мөрөөдөл, хүч чадлыг олж харах нь хамгийн том аялал байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 152 (7894)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn