Т.ХАЛИУНАА
Мопед, скүүтерийн хөдөлгөөнд тавьсан хуулийн шинэ зохицуулалт долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч нийслэлийн замд хууль зөрчсөн хөдөлгөөн, осол гэмтэл буурахгүй байна. Хуулиар нас, жолооны үнэмлэх, бүртгэл, сургалт, зорчих замыг тодорхой заасан ч эдгээр шаардлагыг хэн, хэрхэн хянаж, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй хэвээр. Хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдээгүй байхад иргэдийн аюулгүй зорчих эрхийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал ийнхүү анхаарал татаж байна.
ХУУЛЬ БАТАЛСАН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭН ХАНГАХ ВЭ?
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг парламент хавтын зургадугаар сарын 12-нд батлагдаж, долоодугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн гол зорилго нь сүүлийн жилүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд олноор нэмэгдсэн мопед, скүүтер болон түүнтэй адилтгах бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг зохицуулж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах явдал.
Шинэ зохицуулалтаар мопед, скүүтерийг замын хөдөлгөөнд жолоодон оролцох хүн 18 нас хүрсэн байх, холбогдох сургалтад хамрагдсан байх, тээврийн хэрэгсэл нь бүртгэлтэй байх шаардлага тавьсан. Мөн эдгээр тээврийн хэрэгслээр авто зам болон дугуйн замаар зорчих бөгөөд явган хүний замаар зорчихыг хориглосон.
Харин суррон төрлийн тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн жолоодохоор зохицуулжээ. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй болсон.
Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгчид ч шинэ хуулийн хүрээнд тодорхой үүрэг хүлээж байна. Тэд аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ бүртгүүлэх, даатгалд хамруулах үүрэгтэй. Мөн 18 нас хүрээгүй хүүхэд болон холбогдох сургалтад хамрагдаагүй, бүртгэлгүй хүнийг жолоодохоос сэргийлэх технологийн арга хэмжээ авах ёстой.
Мопед, скүүтерийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн зогсоол, байршлаас бусад газарт байрлуулахыг ч хориглосон байна.
Өөрөөр хэлбэл, хуульд бичил тээврийн хэрэгслийг хэн жолоодох, хаагуур зорчих, ямар тохиолдолд үйлчилгээ үзүүлэх, хаана байрлуулах, зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээлгэхийг нарийвчлан тусгажээ.
ХЯНАЛТ НЬ ХААНА БАЙНА?
Шинэ зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр болсон.
Мопед, скүүтер жолоодож байхдаа замын хөдөлгөөний зөрчил гаргасан иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 18 нас хүрээгүй хүүхдийг эдгээр тээврийн хэрэгслээр жолоодуулсан эцэг, эх, асран хамгаалагчийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүй бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаагүй хүнийг жолоодуулахгүй байх технологийн арга хэмжээ аваагүй бол мөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ. Мөн зөвшөөрсөн байршлаас бусад газарт мопед, скүүтер байршуулсан тохиолдолд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Гэвч хуульд хариуцлагын хэмжээ тодорхой болсон ч түүнийг хэрэгжүүлэх хяналтын механизм бодит байдал дээр хангалттай бүрдээгүй байна.
Энэ хуулийг хэрэгжүүлэх үндсэн субъект нь Засгийн газар, Хууль зүйн яам, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Засаг дарга юм.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва наймдугаар сарын 1-нд хийсэн мэдэгдэлдээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гарсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангахад нөхцөл байдлыг бүрдүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй байна” гэж мэдэгдэж хэрэглээг нь хязгаарласан.
Энэ нь хууль хэрэгжиж эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалт, дэд бүтэц, хяналтын тогтолцоо бүрэн бүрдээгүй байгааг харуулж байна.
ХУУЛЬ ХЭРЭГЖСЭН Ч ОСОЛ ГЭМТЭЛ БУУРСАНГҮЙ
Хуулийн хэрэгжилтийн бодит үр дүнг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаас харж болох юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2026 оны зургаадугаар сарын 1-нээс долдугаар сарын 31-ний хооронд суррон, скүүтер, мопед зэрэг бичил моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн нийт 1235 тохиолдол бүртгэгд нэг хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон.
Үүнээс мопедтой холбоотой осол 774 тохиолдлоор хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин суррон болон цахилгаан дугуйтай холбоотой 171, явган зорчигч мөргүүлсэн 154, скүүтертэй холбоотой 136 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Насны хувьд 20-иос дээш насныхан 703 тохиолдлоор хамгийн олон байгаа бол 15-19 насныхан 431, 10-14 насныхан 71, 0-9 насныхан 30 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эндээс хамгийн анхаарал татах зүйл нь 15-19 насныхны 431 тохиолдол юм. Учир нь шинэ хуулиар 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. Гэтэл хуулийн хэрэгжилтийн эхний саруудад 18 нас хүрээгүй насны бүлэгт хамаарах осол, гэмтлийн тохиолдол өндөр хэвээр байна.
Бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд мөн анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Тухайлбал, 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2792 хүн суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэн гэмтэж, бэртсэн байна.
Хуулиар хориг тавьсан ч осол гэмтэл буурахгүй байгаа нь нэг зүйлийг тодорхой харуулж байна. Энэ нь асуудал зөвхөн хууль батлахад бус, баталсан хуулийг өдөр тутмын амьдрал дээр хэрэгжүүлэхэд оршиж байна.
КАЗАХСТАНД ХЭРХЭН БОДИТ АЖИЛ БОЛЖ ЧАДСАН БЭ?
Монгол Улс бичил тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуулиар зохицуулж эхэлсэн нь шинэ зүйл биш. Харин хууль хэрэгжихийн тулд түүнийг дагасан хяналт, технологи, дэд бүтэц шаардлагатайг бусад орны туршлага харуулж байна.
Казахстан улс 2026 оноос цахилгаан скүүтерийн хэрэглээг Замын хөдөлгөөний тухай хуулиараа зохицуулж эхэлсэн. Тус улс ухаалаг “Сергек” камерын системээр дугаар таних, зөрчлийг цахимаар бүртгэх, аппликейшнээр хэрэглэгчийн насыг шалгах зэрэг технологийн шийдлийг ашиглажээ.
Ингэснээр скүүтертэй холбоотой осол, гэмтлийг хагас жилийн дотор 25 хувиар бууруулсан гэх үзүүлэлт гарсан байна.
Харин Монгол Улсад үүнтэй төстэй насны хязгаар, жолооны үнэмлэх, бүртгэл, зорчих замын шаардлагыг хуульчилсан боловч хэрэгжилтийг технологийн системтэй уялдуулах ажил хангалтгүй байна.
ХУУЛЬТАЙ БОЛСОН НЬ ХАНГАЛТГҮЙ
Мопед, скүүтерийн хэрэглээг зохицуулсан шинэ хууль батлагдсан нь иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бичил тээврийн хэрэгслийн хэрэглээг эмх цэгцтэй болгох чухал алхам болсон. Гэвч хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэггүй. Хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудын уялдаа, хяналтын механизм, бүртгэл, технологийн шийдэл, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйл бодитоор бүрдсэн үед л хууль амьдралд хэрэгжинэ.
Өнөөдөр 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер жолоодох ёсгүй гэсэн заалт байна. Явган хүний замаар зорчих ёсгүй гэсэн заалт байна. Тээврийн хэрэгслээ бүртгүүлэх, даатгуулах ёстой гэсэн шаардлага ч байна. Түрээсийн компаниуд хэрэглэгчийн нас, эрхийн байдлыг шалгах үүрэгтэй.
Харин эдгээрийг хэн тогтмол шалгах вэ, зөрчил гаргасан хүнийг хэрхэн шууд тогтоох вэ, явган хүний зам дээрх хөдөлгөөнийг ямар аргаар хянах вэ, бүртгэлгүй тээврийн хэрэгслийг хэрхэн илрүүлэх вэ гэсэн асуултын хариу тодорхой болох шаардлагатай байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бүртгэлд хоёрхон сарын хугацаанд 1235 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн нь асуудлыг зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхээр хэмжих боломжгүйг харуулж байна. Цаана нь гэмтэж бэртсэн иргэн, аюулгүй зорчих эрх нь зөрчигдсөн явган зорчигч, хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй үлдсэн зөрчил бий.
Иймээс “хууль нь энд байна, хэрэгжилт нь хаана байна?” гэсэн асуултад холбогдох байгууллагууд бодит тоо, хяналтын үр дүн, хэрэгжүүлсэн арга хэмжээний хамт хариу өгөх шаардлага тулгарч байна.
Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хууль зөвхөн УИХ-ын чуулганы танхимд батлагдсанаар зорилгодоо хүрэхгүй. Харин зам дээр, явган хүний гарц дээр, дугуйн зам дээр, түрээсийн аппликейшн дээр, хяналтын камерын системд бодитоор хэрэгжиж байж сая хууль амьдралд хэрэгжсэнд тооцогдоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 151 (7893)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn