Ц.МЯГМАРБАЯР
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван гал” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, клиникийн профессор Жүгдэрийн Сүнжидмаа нь орон нутагт өрхийн анагаах ухааныг хөгжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол хүртсэн билээ. Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.
Бөхийн удамт эмч бүсгүй
-Оросууд хэмээх өндөр овогт Жүгдэрийн Сүнжидмаа 1965 онд Хөвсгөл аймгийн Галт суманд Луузаншаравын Жүгдэр болон Балжирын Долгорсүрэн нарын хоёр дахь хүүхэд нь болон мэндэлсэн. Аав нь Даншигийн Цэмбэл арслангийн тав дахь үе, их хүч тэнхээтэй, бяртай хүн байсан бол ээж нь мөн л уугуул нутаг Хөвсгөлийн Жаргалант сумынх. 94 насалсан, их энэрэнгүй зөөлөн, ажилсаг нэгэн байжээ.
Харин түүний төрсөн ах Чинчулуун сумын начин цолтой, Улсын өсөх идэр начин Батчулууны аав нь. Сүнжидмаа бага насаа уугуул сайхан нутгийнхаа Харгана, Бургаст хэмээх байгалийн үзэсгэлэнт газруудад ээж, аавынхаа гар дээр ах, дүүтэйгээ тоглож, наадаж, хонь хурга хариулж өссөн. Найман настайдаа Галт сумын сургуульд элсэн орж, эрдэм номд шамдан суралцаж эхэлсэн. Гэр амьтай хүүхэд байсан болоод ч тэр үү I ангид байхдаа хагас сайн өдөр хичээлээ тараад сумын төвөөс Харганад байдаг хаваржаа руугаа 20 гаруй км явган гүйчихдэг байсан. Гэртээ нэг хонож аваад маргааш нь ахаараа мориор сургуульдаа хүргүүлдэг байжээ. Ээж нь санаа зовж хичээл сурлагадаа ч сайн байгааг нь анзаараад дараа жилээс нь түүний боловсролын төлөө сумын төв рүү шилжиж ирсэн гэдэг. Ээж нь ахан дүүс, нутаг усныхаа бүх эхчүүд, эмэгтэйчүүдийг эсэн мэнд амаржуулан, тэнхрүүлж байсан ачтан. Тэдний гэр сумын эмнэлэгт ойрхон учраас ээжийнхээ ажлыг тэрээр илүү мэдэрсэн гэдэг. Тиймээс ч эх барих, эмэгтэйчүүдийн эмч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшихэд түүнд нөлөөлжээ.
Амь дүйсэн шалгалт

-Сурагч байхдаа бүх хичээлдээ ялангуяа математикийн хичээлд үеийн сурагчдаа тэргүүлж аймгийн олимпиадад амжилттай оролцож манлайлдаг. Багш болгон өөрийнхөө мэргэжлийг түүнд өвлүүлэх гэдэг байсан ч аавыгаа хар багадаа аварч болох өвчнөөр алдсан учраас сайн эмч болохоор зориг шулуудан аймгийн хэмжээнд гурав ирсэн Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийн хуваарийг авчээ. Энэ хувиараа авахдаа тэрээр нэлээн амь дүйсэн мөчийг давсан гэдэг. Тэр жил Галт сумын төгсөгчид конкурс өгөхөөр аймгийн төвийг зорих үеэр хүчтэй аадар бороо орж Идэрийн гол үерлэн гүүр нь нуржээ. Азаар голын цаанаас банз ачсан ачааны машин ирж таарчээ. Гүүрний нурсан хэсэгт хэд хэдэн банзыг бэхлэн тэд нэг, нэгээрээ мөлхөж гарч байхад дээрээс бороо асгарч, доороос Идэрийн гол эрчлэн хуйларч байсан юм билээ. Гэвч амьдралынхаа хамгийн чухал мөчөөс хоцрохгүйн тулд бүгд хичээж зориг, зүрх гаргасандаа одоо санахад айдастай бас бахархалтай байдаг гэж тэрээр хуучилсан юм.
Бүх шалгалтдаа аймагтаа тэргүүлж ЗХУ-ын Ленинградын Анагаахын хүүхдийн ангийн хуваарь нэг ирсэн ч хүүхдийн биш эмчилгээний ангийн хуваарь авна гэж шийдсэн байсан учир өөрийнхөө мөрөөдөлдөө үнэнч байж Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид элсэн оржээ. Тэр сургуулиа төгсөөд төрөлх сумаасаа ажлын гараагаа эхэлжээ.
Тэрээр энэ тухайгаа “Намайг төгсөх үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн жилүүд таарч эм тариагүй, эмнэлгийн дуудлагын машин тэрэггүй, бензин тосгүй, картын бараатай амьдрал намайг угтлаа. Үүгээр зогсохгүй өмнөх жилүүдэд нь бага насны хүүхдийн дархлаажуулалтын хамрагдалт муу байснаас улаан бурхны халдвар дэгдэж, өвчний оргил үед бүтэн сар гэртээ ч оролгүй эмнэлэг дээрээ хонож, ядарч байсан ч ачааллыг дааж эрсдэл багатай даван туулсан” гэлээ. Төрөлх сумандаа хоёр жил ажилласны эцэст өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшин аймгийнхаа Их-Уул сум дундын эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж улмаар 1999 онд Монгол Улсад анхны өрхийн эмнэлгийг байгуулах ажилд гар шамдан орсноор түүний ажил, амьдралын шинэ бүлэг эхэлсэн юм.
Түүний хань инженер хүн хэдий ч байгалийн ачтан
-Аймгийн төв Мөрөн суманд шилжиж ирсэн энэ үедээ ханьтайгаа гэр бүл болж хоёр сайхан хүү төрүүлж өсгөжээ. Түүний хань Монгол Улсын аварга малчин Цэрэндоржийн хүү Загдсүрэн гэж хөдөлмөрч, хичээнгүй хүн бий. Тэрээр Хөдөө аж ахуйн дээд сургуулийг инженер-багш мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн хөдөө аж ахуйн ерөнхий инженер, Дэлхийн банкны Ядуурлыг бууруулах төслийн зохицуулагч, ХААН банкинд тооцооны төв хариуцсан менежерээр ажиллахын зэрэгцээ хашаандаа гацуур, шинэс, хуш, нарс, хус, хайлаас, шар хуайс, монос, үхрийн нүд, чацаргана, интоор, алим зэрэг 10 гаруй төрлийн 300 мод тарьж ургуулсан ачтан. Энэхүү хөдөлмөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал хүртэж үнэлүүлжээ. Тэдний хашааны хажуугаар өнгөрөх хүн зон гайхаж магтана. Улмаар төгөл болгон хөгжүүлж, хашаандаа бойжуулсан мөнхийн ногоон гацуур модноосоо аймгийн төв цэцэрлэгт хүрээлэн болон ХААН банкинд бэлэглэжээ. Түүнчлэн ханийнхаа төрөлх Галт сумын сургууль болон ажлын гараагаа эхэлсэн сумын эмнэлэгт мөн мөнхийн ногоон мод бэлэглэх гэж байгаагаа тэд хуучилсан. Ууган хүү нь дэлхийн топ-10 сургуулийн нэг Лондоны Эдийн засгийн сургуулийг (LSE) Эдийн засгийн ухааны мастерын зэрэгтэй төгсөөд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багшилдаг. Отгон хүү нь Олон улсын мэдээлэл зүй олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан бөгөөд компьютерын ухаан, программ хангамжийн инженер мэргэжил эзэмшин амжилттай ажиллаж байгаа юм билээ.
Монгол Улсын анхны “өрхийн гавьяат эмч” Ж.Сүнжидмаатай Хөвсгөл аймгийн Үндэсний их баярын наадмын үеэр уулзаж ярилцсанаа хүргэе.
-Та салбартаа хэдэн жил ажиллаж улс, эх орондоо оруулсан хамгийн чухал хувь нэмэр нь юу байв ?
-Би 1990 онд анагаах ухааны их сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Галт буюу төрлөх сумандаа хүүхдийн их эмчээр хуваарилагдан очиж байсан. Улмаар өөрийн хүссэн мэргэжил болох эх барих эмэгтэйчүүдийн эмчээр дахин мэргэшиж төгсөөд “Их уул” сум дундын эмнэлэгт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр таван жил ажилласан. Энэ хугацаанд олон сайхан ээжүүдийг эх барьж, эрүүл саруул төрүүлсэн. 1999 онд Монгол Улсад анх удаа “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн шинэ тогтолцоог үүсгэж хөгжүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хувийн хэвшлийн хэлбэрээр хөгжсөн. Ингэснээр өрхийн эмнэлэгт сонгон шалгаруулалт явуулж өрхийн эмчийн мэргэжлийг эзэмшиж анхан шатны эрүүл мэндийн төвд ажлын гараагаа эхлүүлсэндээ их талархалтай байдаг. Өдгөө улсад 37 үүнээс өрхөд 27 дахь жилдээ ажиллаж байна. Өрхийн анагаах ухааны анхны үндэс суурийг Монгол Улсад тавьсан үе үеийн эрдэмтэн багш нар, ахмад эмч нар, бидний залгамж халаа болсон залуучуудтайгаа хамтран ажиллаж энэ сайхан гавьяаг хүртсэндээ туйлын их баяртай байна.
-Анхан шатны тусламж үйлчилгээ маш чухал байдаг. Ялангуяа хөдөө орон нутагт хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах, эх барих чиглэлээр ажиллахад илүү их сорилт бэрхшээл тулгарлаг байх?
-Анх төгсөөд суманд очиход олон тулгамдсан асуудалтай нүүр тулж байсан. Одоо яах билээ гээд онолын номоо уншаад л асуудлыг шат дараатай шийддэг байлаа. Мөн эрдэмтэн багш нар, аймгийн төрөх тасгийн эмч нартайгаа утсаар холбогдоод зөвлөгөө авна. Ямар ч байсан залуу насны эрч хүчээр олон зүйлийн ард гарсандаа бахархаж явдаг. 1993 онд намайг “Их уул” сум дундын эмнэлэгт ажиллаж байхад эмнэлгийн төсөв хомсдолтой, бензин байдаггүй үе байсан. Нэг өвчтөнийг аймгийн төв рүү хүргээд эргээд ирэхэд баталж өгсөн шатахууны ихэнх нь зарцуулагдаг. Тиймээс төсөв хэмнэхийн тулд аймгийн мэс заслын гавьяат эмч нараасаа арван дөрөв хоногийн сургалт авч хөдөө орон нутагтаа олгойн хагалгааг анх гардан хийж байв. Улмаар гардан ажилбар, мэс засал, эх барих чиглэлдээ гаршсан байсан нь давуу талтай байлаа. Одоогийн залуучуудад үүнийгээ яривал итгэх болов уу гэдэгт эргэлздэг. Гэхдээ би энэ сайхан дурсамжаа бичиж ном болгоно гэж бодож байгаа.
-Хөвсгөл аймаг, хүн ам олонтой. Үүнийгээ дагаад эх хүүхдийн эндэгдэл ихтэй гэж тухайн үед яригддаг байсан. Тэр эндэгдлийг бууруулахад гардаж ажилласан өрхийн эмч нарын үүрэг, оролцоо их байсан гэж би боддог. Үүн дээр таны бодол юу вэ?
-Миний мэргэжил эх хүүхэдтэй салшгүй холбоотой. Анх хүүхдийн эмчээр төгссөн. Дараа нь эх барих эмэгтэйчүүдийн эмч болсон. Гурав дахь давлагаан дээрээ өрхийн эмч гэдэг сайхан мэргэжлийг эзэмшсэн. Өрхийн эмчийн мэргэжил бахархаад баршгүй сайхан мэргэжил гэж би боддог. Өрхийн эмч бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг шүү дээ. Одоо Хөвсгөл эх хүүхдийн эндэгдэлгүй аймаг болсон. Алслагдсан сумын хүн зонд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэнэ гэдэг ганцхан эмчээс шалтгаалахгүй, сум орон нутгийн удирдлагуудаас хүртэл шалтгаалдаг зүйл шүү дээ. Хүнд хэцүү даваа, бэрхшээлүүдийг туулж байсан үе зөндөө. 2000 аад оны үед өрхийн эмч нар өдөр нь ажлаа хийж орой болон амралтын өдрөөр өрхийн эмнэлгийн менежмент, эмнэл зүйн сургалтад таван сарын турш сурч онол, дадлагын шалгалт өгч өрхийн эмч гэсэн цоо шинэ нарийн мэргэжлийг эзэмшсэн. Манайд анх зургаан өрхийн эмнэлэг байгуулагдан 20 эмч, 20 сувилагч эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг 6000 өрхийн 27 мянган хүн амд үзүүлж байсан. Тэгвэл өнөөдөр 12 мянган өрхийн 40 мянган иргэнд эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, вакцинатор, статистикч, лаборант зэрэг мэргэшсэн чадварлаг баг нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож анхан шатны тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, чанарын үзүүлэлтүүд жилээс жилд дээшлэн эхийн болон 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй хамт олон нэмэгдэж, эмч сувилагч нарын мэргэжил ур чадвар сайжран, иргэдийн сэтгэл ханамж дээшлэн өрхийн эмнэлэгтээ итгэх итгэл нэмэгдсэн нь энэ 30 шахам жилийн амжилт гэж бодоход сэтгэлд таатай байдаг.
- Ер нь өрхийн эмчийн ажил, мэргэжил бусад эмч нараас ялгарах онцлогтой шүү?
-Тийм шүү. Өөр нэг тулгамдаж байсан асуудал санаанд орлоо. Анх Галт суманд хүүхдийн эмчээр ажиллаж байх үед Идэрийн гол тэр жил жигтэйхэн их үерлэсэн Тэр үед машин, бензин ховор. Энэ асуудлыг шийдэж өгөөч гээд сумын Засаг даргадаа хандтал “Сүнжээ эмчээ танд унаа байна шүү дээ. Өвчтөний ар гэрийнхэн эмч авах гээд морь аваад ирсэн байна” гэж хэлсэн. Улаанаараа эргэлдсэн Идэрийн голыг морьтой гаталж гарч чадна гэдэгт эргэлзсэн учраас даргаа “хоёулаа хамт явъя. Та морио уна, би ард чинь суугаад голыг хамт гаталъя” гээд. Энэ сайхан дурсамжийг саяхан юм шиг тод санаж байна. Мөн Монгол Улсад анх өрхийн эмнэлгийг үүсгэн байгуулахад хүүхдийн эмнэлэг, хэсгийн эмнэлэг л гэж байсан. Нэг гэр бүлээс зөвхөн хүүхдийг нь хянадаг байсан гэсэн үг. Тэгээд нотолгоонд суурилсан өрхийн анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд өрхийн бүх гишүүдийг хянах тогтолцоог бий болгох шаардлага үүссэн. Энэ тогтолцоог хэрэгжүүлэхэд санаачилга гаргаж ажилласнаараа бахархдаг. Ингэснээр өрхийн эмч хүүхэд, эх барих, дотор, мэс засал гэх мэт олон төрлийн үндсэн мэргэжлийг эзэмшсэн байх шаардлагатай болж байгаа юм. Өрхийн анагаах ухаан хөгжөөд 27 дахь жилдээ хүрсэн байна.
-Та хэдэн хүүхэд эх барьж авсан гэдгээ тооцож үзсэн үү?
-Галт суманд гурван жил, сум дундын эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллахдаа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Их Уул, Тариалан, гэсэн таван зүүн бүсийн сумдын эх барих асуудлыг хариуцаж байсан. Энэ гурван жилийн 200 гаруй хүүхдийг эсэн мэнд эх барьсан. Хорвоод мэндлэн анхны эргэлтээ хийлгэж байсан охид, хөвгүүд өнөөдөр өөрсдөө аав, ээж болоод үе дамжин үйлчлүүлж, нялх бяцхан жаалаас настан буурлууд хүртэл “манай өрхийн эмнэлэг”, “манай эмч” гэж бахархан ярихыг сонсож, анхны алтан хараацайнууд, өрхийн эмнэлгийн түүхүүд гэж биднийг дууддаг Б.Оргил багшийнхаа үгэнд үргэлж урам зориг орж, “Өрхийн эмч” гэсэн мэргэжлээрээ бахархан энэ 27 жилийн ажил хөдөлмөр, сонголт зүгээр ч нэг өнгөрөөгүй юм байна гэж боддог.
-Өрхийн эмнэлгийн тогтолцоог бий болгож, өрхийн эмнэлгүүд тодорхой хэмжээнд аж ахуйн тооцоо буюу менежментийг өөрсдөө авч явдаг байсан. Тэгэхээр жишиг өрхийн эмнэлгүүдийг бий болгохыг салбарын зүгээс дэмждэг байсан шүү дээ. Өнөөдөр өрхийн эмнэлгийн салбар стандартын дагуу хөгжиж чадаж байна уу? Та юу гэж дүгнэдэг вэ?
- Өрхийн эрүүл мэндийн төв өнөөдөр Эрүүл мэндийн салбарын малгай хууль болох “Эрүүл мэндийн тухай хууль”-д “Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” гэсэн статустай. Тэгэхээр өрхийн эмнэлгүүд 6-15 15 мянган хүн амыг бүртгэж тэнд ажиллах эмч, сувилагч, нийгэм эрүүл мэндийн ажилтны тоог “Нөхөрлөлийн гишүүдийн хурал”-аар шийдэж төсөв санхүүг тооцдог. Бид төсөв санхүү, хүний нөөц, удирдах арга барил, менежмент хийх бүрэн боломжтой байдаг.
Ер нь өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн асуудлууд их тулгамдаж байсан. Гэвч жил бүр энэ асуудал шийдвэрлэгдэнэ хэмээн хүлээж хугацаа алддаг байсан. Гэхдээ өөрсдийн шаардлага, хүсэл санаачилга, хөөлдөцгөө чухал байдаг. 2026 оны тухайд нэг иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нэмэгдсэн.
-Хүмүүс ихэвчлэн анхан шатны эмнэлэг буюу өрхийн эмнэлгийг тоолгүй шууд хоёр, гурав дахь шатны эмнэлгүүдийг илүүд үздэг байсан шүү дээ. Одоо хэр өөрчлөгдсөн бол?
-- Шинэ сайд гарч ирсэнд өрхийн эмч бид талархалтай байгаа. Учир нь өрхийн эмч нар бүхэн хүн төвтэй тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хүндээ хүрч үйлчилье гэхээр дэндүү олон маягт хөтлөх шаардлагатай байдаг. Өвчтөнөө үзэхээсээ илүү судалгаа авах, бичих, шивэх ажил нь их байдаг. Харин шинэ сайд 30 гаруй төрлийн маягтыг хүчингүй болгосон. Мөн 13а маягт байхгүй болсонтой уялдан тусламж үйлчилгээ авах иргэдийн тодорхой хувь нь Өрхийн эрүүл мэндийн төвийг алгасаад аймгийн нэгдсэн эмнэлэг эсвэл улсын шатлалын эмнэлэг рүү шууд явдаг. Ингэснээр иргэдэд өөрсдөд нь чирэгдэл учруулна. Учир нь хүндэрсэн, яаралтай тусламж, хагалгаа хэрэгтэй үйлчлүүлэгчдээр дүүрэн эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээ авах хүмүүс очихоор тухайн эмнэлгийн ачааллыг улам нэмэгдүүлнэ шүү дээ. Харин “13А” маягт сэргэсэн нь угаасаа өрхийн эмчийн хийх ёстой ажил байсан. Харин яах аргагүй яаралтай тусламж хэрэгтэй, хүндэрсэн өвчтэй хүнийг улсын эмнэлэгт илгээнэ.
-Таны хувьд хоёр, гурван нарийн мэргэжлийг давхар эзэмшсэн. Үүнтэй адил өрхийн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулах шаардлагатай байна. Хүн өвдөхөөрөө эхлээд өрхийн эмчдээ л ханддаг шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Улс орны баримталж байгаа хамгийн гол эрүүл мэндийн салбарын бодлого бол өрхийн эмнэлэгт бүртгэлтэй хүн амдаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг цогцоор нь үзүүлэх ёстой. Харин хүндэрсэн, нарын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүмүүсийг шатлалынх нь эмнэлэгт илгээх хууль дахин хэрэгжих гэж байгаад баяртай байгаа.
-Одоо эмчийн мэргэжлийг сонгож байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Сүүлийн үед Анагаах ухааны сургуулиуд олширсон байна. Олон чадварлаг эмч нар төгсөж байна. Шинэ үеийн залуучууддаа хандаж хэрэхэд эмчийн мэргэжлийг сонгохдоо ажил мэргэжлийн онцлогийг нь судлаарай. Чадвар, мөн сэтгэл зүй чинь бэлэн байна уу гэдгийг сайн харж харьцуулаарай. Сүүлийн үед зарим залуу эмч нар шантраад өөр мэргэжлийн ажил хийх тохиолдлууд байна. Эмчийн мэргэжил орчин үеийн техник технологи, олон ололт амжилт хөгжиж буй энэ цаг үед улам нарийн болж байна. Өрхийн эмчийн мэргэжлийг сонгон эзэмшиж, цоо шинэ анхдагч салбарт хүчин зүтгэж байсан үе үеийн ахмадууд, шантраагүй яваа үеийн мэргэжил нэгт нөхөд, залуу хойч үе, эрхэм үйлчлүүлэгч нартаа баярлаж явдгаа илэрхийлье.
-Өнөөдөр та аймгийнхаа баяр наадмын тугийг мандуулж, хүндэтгэлийн асарт морилжээ. Арван жилийн өмнө мөн энэ өдөр ажил үйлсээрээ шалгарч туг өргөж байсан гэдэг?
-Өнөөдөр Хөвсгөл аймгийнхаа 95 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд аймгийнхаа тугийг өргөх ёслолд оролцлоо. Арван жилийн өмнө би аймгийнхаа тугийг өргөж байсан дурсамж сэргэлээ. Надтай хамт гавьяатуудын эгнээнд уригдаад сууж байгаа Монгол Улсын гавьяат хуульч Нямдорж ах маань арван жилийн өмнө шинэхэн гавьяат болоод бид хоёр хамт туг өргөж байсан юм. Тэгсэн энэ жил гавьяат болж хамт өргөлөө. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Дэлгэрмөрөнийхөө хөвөөнд Хөвсгөл аймгийн маань зон олон дэнж хотойтол сайхан наадаж байна. Гавьяатуудынхаа дунд алдар нэрээ дуудуулж суух нь бахархалтай. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн өнцөг булан бүрд “өрх”-өөр овоглосон, 2.4 сая хүн амд хүрч үйлчилдэг 4000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд, өрхийн эмнэлгийн тогтолцоог хамт үүсгэн байгуулалцсан үе, үеийн өрхийнхөндөө чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Төрийн минь сүлд өршөөг!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 147 (7889)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn