Ц.МЯГМАРБАЯР 

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад чиглэсэн бодит төсөл, хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлийг нэгтгэн цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх Монголын санаачилга юм.  Нэг үгээр илэрхийлбэл "Тал хээрийг хамгаалж, нөхөн сэргээх бодит үйл ажиллагааг хөрөнгө оруулалт, инновац, олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх Монгол Улсын дэлхийд дэвшүүлж буй санаачилга юм.  COP17-ийн хүрээнд Монголын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө" нь бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван үндсэн асуудалд төвлөрч байгаа. Үүнийг статистик болон бодит жишээгээр илэрхийлье.

 

100 га бэлчээрт ногдох хонины тоо нэмэгдэж 105-147-д хүрсэн

Мал аж ахуйн үндэс болсон бэлчээрийн экосистем доройтож байна. Монголын нийт бэлчээрийн 70 гаруй хувийн ургамлын бүрхэвч доройтсон. Экологийн даацын тухайд 100 га-д 62 хонь ногдох ёстой. Тэгвэл энэ үзүүлэлт 2019 онд 100 га-д 105-147 хонь хүрсэн нь бэлчээрийн даац хэтэрсний гол шалтгаан болжээ. Үүний улмаас өвс тэжээлийн гарц буурч, мал тарга хүчээ авч чадахгүй болсон нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.

Усны хомсдол уур амьсгалын эрсдэлийг улам даамжруулж байна. Хур тунадасны хэлбэлзэл, температурын өсөлтөөс шалтгаалан гол, горхи ширгэх, булаг шанд хатах үзэгдэл нэмэгдэж, малчдын усны хүртээмж мууджээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлснээр усны хомсдол нь бэлчээрийн доройтол, цөлжилттэй хавсарч малчдын амьжиргаанд хамгийн хүчтэй дарамт болж байгаа нь тогтвортой усны менежмент нь сэргээн засах ажлын гол шийдэл гэж үздэг.

 Цөлжилтөөр  Монгол Улс дэлхийн хамгийн эмзэг орнуудын нэгээр тооцогдсон. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 хувь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Энэ нь 120.3 сая га газар гэсэн үг. НҮБ-ын мэдээлснээр Монгол Улс цөлжилтөд хамгийн их өртсөн орнуудын нэг бөгөөд энэ шалтгаанаар 2026 оны UNCCD COP17-ийг зохион байгуулж байна.

2023–2024 оны зудын үеэр 7.1 сая гаруй мал хорогдсон нь нийт сүргийн 10 гаруй хувийг эзэлсэн.Судлаачид энэхүү гамшгийг зуны ган, өвлийн хэт хүйтрэл зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон бэлчээрийн доройтол хавсарсантай холбон тайлбарладаг.

Эдгээр тоо баримт нь Монголын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө" нь зөвхөн байгаль хамгаалах бус, бэлчээрийг сэргээх, усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг сааруулах замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малчдын амьжиргааг хамгаалах бодит шийдэл болохыг харуулж байгаа.

 

Дэлхийн дулаарал 1.1 хэмээр нэмэгдэхэд  дэлхий  хөвөнтэй хөнжилтэй болсон мэт болдог

 

Цөлжилттэй тэмцэхэд хүн бүрийн ухамсартай үйлдэл, малчдын туршлага, хамтын ажиллагаа л эрүүл, үржил шимтэй газрыг ирээдүй үедээ өвлүүлэх үндэс болно.

Дэлхийн дулаарал цельсийн 1.1 хэмээр нэмэгдсэн. Хүний бие 04 хэмээр нэмэгдэхэд халуурч, эвгүй мэдрэмж төрдөг. Үүнтэй ижил дэлхийд мөн эвгүй мэдрэмж, дулааралтын эрчим нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр Арктикийн мөсөн далай 1.0 тэрбум тонноор буурчээ. Монгол Улс хүлэмжийн хийн 0.1 хувийг бүрдүүлж буй ч дэлхийн 181 орноос уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буйгаараа эхний 10 -т эмзэг, эрсдэл өндөрт орж байна.

 Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө нийт  газрын нутгийн 67 хувь нь өртөж байна. Монгол орны мөнх цэвдгийн талбай  2020 оноос эрчимжиж 2050,2080 он гэхэд улам эрчимжинэ гэж Газар зүй гео экологийн хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл цэвдгийн хэмжээ багасаж, буурна гэсэн үг.

Монгол оронд 1940-2016 оны хооронд тасралтгүй хийгдсэн ажиглалт судалгаанаас үзэхэд манай улсын агаарын дундаж хэм 2.2°С-ээр нэмэгдсэн. 1988 оноос эхлэн дулааралт эрчимжсэн. Малын гаралтай хүнсний хэт их хэрэглээнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн асуудал, мал сүргийн байгаль орчин, эдийн засгийн тэгш бус байдал, тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэхүү тэгш бус байдал, тодорхойгүй байдал нь алслагдмал нутагт амьдардаг малчдын ган зуд, байгалийн нөөц ашиглалттай холбоотой зөрчил маргааныг улам бүр нэмэгдүүлж мөн эдгээрээс шалтгаалж бэлчээрийн доройтлын шалтгаан болж байгаа аж.

 

Хангалттай өвсгүй учраас говийнхон бид байнга л нүүж амьдардаг

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн малчин Б.Баянжаргал "Манайх Хэрмийн худаг хэмээх газар зусаж байна. Энэ жилийн тухайд хур тунадас муу байна.  Мал өнгөрсөн намрын жаахан чийгээр ургасан бут, боргоо идэж, сая орсон борооноор хөмүүл идлээ. Зуд 10 жилд нэг тохиолддог байсан бол одоо 3-4 жилд нэг тохиолддог болсон. Хур тунадас орох нь багассан учраас ургамлын гарц муудсан. Говьд үндэс цөөтэй, бут, бударгана гэх мэт модлог ургамал их ургадаг, тэмээний орон. Бод мал бутлаг ургамал иддэг  учраас одоохондоо болж байна. Харин нарийн ургамал ургахаа больсон болохоор бог малд идэх ургамал ховордсон. Мал ашиг, шимтэй сүү сааль арвин байх нь хур бороо хэр орохоос хамаардаг. Хоёр жилийн өмнө нэлээн хүнд үед тохиосон юм. Тэр үед бид эр сувайгаа цөөлөөд хил дагуу амьдрахаар  нүүсэн. Нэг өвөлжөөндөө 10-20 хоноод л нүүдэг байсан. Өвс сайтай газар байвал 5-20 км нүүнэ. Хангалттай өвс байхгүй учраас говийнхон бид байнга л нүүж амьдардаг. Манайх тэндээ 2023 оны өвөл хаврыг даваад 2024 онд гарч ирсэн. Ирэх өвөл залуу, онд орох малаа авч үлдээд бусдыг эргэлтэд оруулна. Манайх өвөлжөө, хаваржааныхаа хажууд худагтай. Хөрсний ус их доошилсон учраас шинээр худаг гаргах хэцүү. Тиймээс хуучин худгуудыг додомдож сэргээдэг. Говийнхон худгаа цоожлохын оронд сайн бөглөж орхидог. Нүүдлийн айл таарвал өөрсдийн мотороороо ус татаж, малаа усалдаг юм. Хэдий худагтай байсан ч бэлчээр муудвал худгаа орхиод л нүүдэг” гэсэн юм.

Монгол малчдын дасан зохицлын сайн туршлага нь малаа олшруулахад бус, бэлчээрээ хамтран сэлгэж ашиглах, хадлан тэжээлийн нөөц бэлчээрээ урьдчилан бүрдүүлэх, малын чанар, хоршоо, даатгалд тулгуурлан эрсдэлээ тараахад чиглэж байна. Эдгээр арга нь ган, зудыг зогсоохгүй ч малын хорогдол, өрхийн орлогын алдагдал болон бэлчээрийн доройтлыг багасгах бодит боломжтойг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Манай улсын дулаан байх хугацаа 15 хоногоор багассан бол өвөл нь хүйтэн байх хоног 15 хоногоор нэмэгдсэн болохыг НҮБ-ын судалгаа харуулдаг. Тиймээс малчид, нэгдэж нийлснээрээ бэлчээрээ зохистой ашиглаж уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах боломжтой гэж  “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон”-ы тэргүүн, доктор Н.Ганхуяг ярьж байна.

 

Малчин Б.Алтантуяа: 3-5 өрх нэгдэж малаа маллахаар болсон

 

Ховд аймгийн Мөнх-хайхран сумын “Цаст ундарга” ТББ-ын тэргүүн, малчин Б.Алтантуяа ярихдаа” Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж манай нөхөр бид хоёр ярилцаад цаашдаа бог малын тоогоо нэг хэмжээнд тааруулж бод мал болох сарлаг, адуу хоёртоо түшиглэн орлогоо олох зорилт дэвшүүлсэн. Нэг айл 100-150 бог малтай байхаар шийдвэрлэж 3-5 өрх  нэгдэн малаа ээлжлэн хариулах, маллах хэлбэрт шилжиж байна. Ингэснээр, малчин эмэгтэйчүүд  бидэнд бусад ахуй амьдрал, эрүүл мэнд, нийгэмших,хүүхдүүддээ анхаарал хандуулах, халамжлах  цаг, зав их гарах боломжтой болно. Нэг, нэгээрээ олон тооны мал малласнаар маш завгүй амьдарсаар ирсэн. Сүүлдээ эрүүл мэндийн байдал муудаж нэмээд бэлчээрийн доройтол явагдаж мал уух ус, идэх ургамал хомс болж байна. Ер нь цаашид цаг агаарын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт нэг айл таван хошуу малыг олноор нь маллах боломжгүй болж буйг анхааруулж байна. Тиймээс малыг төрөлжүүлж маллах цаг үе ирсэн гэж бид бодож шийдвэрээ гаргаж байлаа” гэсэн юм.

Монголын малчид уур амьсгалын өөрчлөлтөд энэ мэтээр дасан зохицох төрөл бүрийн арга, хэлбэрийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн бэлчээрээ бүлгээр ашиглаж, сэлгэн амраах хэлбэр үр дүнтэй аж. Малчид бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг байгуулж, улирлын нүүдэл, отор, хадлангийн талбай, өнжөөх болон нөөц бэлчээрээ хамтран төлөвлөж байна. Ингэснээр нэг газарт удаан төвлөрөхөөс зайлсхийж, доройтсон бэлчээрийг тодорхой хугацаагаар амраан нөхөн сэргэх боломж олгодог. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хүрээнд 2017 он гэхэд 130 сумын 40 мянга орчим малчин 1400 бэлчээр ашиглагчдын хэсэгт нэгдэж, орон нутгийн захиргаатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулжээ. Дараагийн жилүүдэд ийм бүлгийн тоо 1500-аас давж, хамрагдсан нутаг Монголын нийт бэлчээрийн 34.3 орчим хувийг эзэлжээ. Дасан зохицлын үр нөлөөгөөр гантай жилд нөөц бэлчээр ашиглах, өвөл, хаврын бэлчээрээ хамгаалах, малын хорогдлын эрсдэлийг бууруулах боломж сайжирдаг ажээ.

 

Малчин Ч.Болормаа: Тэжээллэг чанар сайтай судан  өвс тариалсан

Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант II багийн малчин Ч.Болормаа “Бэлэн юм хүлээж суулгүй, боломжийг эрэлхийлж гантай өвлийг давсан. Бид энэ оны долоодугаар сараас эхлэн өвөлжөөнийхөө газарт малын тэжээлийн ургамал тариалсан. Халгайг даршлан малын тэжээл болгон бэлтгэж, малдаа хэрэглэдэг” гэж байв. Эднийх ам бүл зургуулаа. Бод бог нийлсэн нийтдээ 900 гаруй малтай. 50 гаруй үхэртэй, 700 гаруй хонь ямаатай, 30 гаруй адуутай. Уур амьсгалын өөрчлөлт тариаланчид, малчидад хамгийн их мэдрэгддэг гэлээ. Бороо сайн орвол мал идэх өвстэй, сааль сүүтэй байдаг. Харин бороо орохгүй бол салхи шуурч, гол ус ширгээд хүндхэн жил болдог. Манай нутагт байгалийн хадлан бага гардаг болсон. Хадсан өвс нь тэжээллэг чанар багатай учраас өөрсдөө өвс ургамал тарихаар шийджээ. Тэжээллэг чанар сайтай ямар ургамал тарьж болох вэ гэдгийг судалж өндөр ургадаг судан гэж өвс тариалжээ. Өтөг бууцаа асгадаг байсан хоёр га гаруй талбайд үрээ тарьсан. Одоогоор 14 хоног болоход 10 гаруй сантиметр ургасан байна. Наймдугаар сарын 20-ноос хурааж авна гэж ярив.

Мөн өвс, тэжээлийн нөөц болон өвөлжөөний бэлтгэлийг сайжруулахад анхаардаг. Туршлагатай малчид зун, намрын ургацыг зөвхөн бэлчээрлүүлэх бус, хадлан авах, гар тэжээл бэлтгэх, худалдан авсан тэжээлээ нөөцлөх, малын тарга хүчийг эрт авхуулах замаар зудын эрсдэлийг урьдчилан бууруулдаг. Мөн өвөлжөө, хашаа хороогоо дулаалах, бууцыг хатааж түлш болгох, шаардлагатай үед отор нүүдэл хийх нь дасан зохицлын уламжлалт үр дүнтэй арга гэлээ.

Дэлхийн банкны Монголын зудын судалгаанд малын тарга хүч, хадлан, гар болон үйлдвэрийн тэжээл, нөөц бэлчээр нь малчин өрхийн зудыг даван туулах хамгийн чухал “нөөц хадгалах” стратеги гэж тэмдэглэсэн. Мөн нэг төслийн хүрээнд найман аймагт 34 хадлан, тэжээлийн агуулахыг сэргээн зассанаар туршилтын аймгуудын хадлан хадгалах хүчин чадал хоёр дахин, тэжээлийн багтаамж гурав дахин нэмэгдсэн байна. Ингэснээр цас, мөсөн бүрхүүлээс болж мал бэлчээрлэж чадахгүй үед тэжээлийн тасалдлыг нөхөж, малын хорогдлыг багасгадаг байна.

 

Малын тооноос илүү чанар, орлого болон даатгалд түшиглэх

 

Зарим малчин, хоршоод олон тооны мал өсгөхийн оронд ашиг шим өндөртэй, эрүүл сүрэг бүрдүүлэх, чанартай ноолуур, мах, сүүгээ хоршоогоор борлуулах арга руу шилжиж байна. Ингэснээр орлогоо хадгалахын тулд малаа тасралтгүй өсгөх шаардлага багасаж, бэлчээрийн дарамт буурна. “Ногоон алт” хөтөлбөр малчдын хоршоог боловсруулах үйлдвэртэй шууд холбож, зуучлагчийг цөөрүүлэн бүтээгдэхүүний чанар, орлогыг нэмэгдүүлэхийг дэмжсэн. Үүнтэй зэрэгцэн  Монголд хэрэгжүүлсэн индекст суурилсан малын даатгал нь тухайн сум, бүсийн малын хорогдол тогтоосон босгоос давахад нөхөн төлбөр олгодог. Ингэснээр малчин өрх гамшгийн дараа бүх хөрөнгөө зарж, зах зээлд орох эсвэл мал аж ахуйгаа орхих эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалагдана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 146 (7888)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn