Р.Буянжаргал 
Судлаач, магистр

Нийтлэл бичигчийн “Хэлэх үг” энэ долоон сургаал
Сургаал дага -Сувдан хэлхээ үл тасарна.
Сурч мэд- Суга үсрэн цойлох арга ухаан
Тэвчиж зүтгэ-Тэнгэрийн уудмаар зорчино.
Тив дэлхийг хэсэн тойр-Эрснээ олно.
Итгэл дүүрэн-Ирээдүйд хандаж зүтгэн яв.
Олз дотор сэтгэлд-Бөөгнөрч гэгээрнэ.
Аз хийморь-Түгэн дэлгэрч алдаршина.
Үтэр түргэн-Дагаж мөрдөх үнэн-ҮНЭН.

             *        *        *
Харин О.Батнайрамдалын энэ номд дээр дурдсан долоо сургаалын гүн утга агуулга нэвт шингэжээ. Унш бүрэн танигдана, ойлгогдоно оо. Зохиогчийн бичсэн санаа ариун сэтгэлийн өчигт ямар нэг юм хавчуулаагүй өөрөө өөрийгөө захирч чаддаг гишүүн тул өөрийн итгэл үнэмшил,зорилгоо хэрэгжүүлж үр дүнд хүрсээр яваа нь гайхмаар байна. Монголын нэрт нийтлэлч Б.Цэнддоо, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг нар сэтгэлийн гүнээсээ үнэлж дүгнэжээ.

Нэг. 
Сэтгэлийн үр шим:

Үнэмлэхүй чанарыг эзэгнэн оршсон
 Бурхад, бодьсадын өлмийд мөргөе. 
Үнэний замд түшээ болсон 
Хэн бүхнийг дээдлэн биширье.
Авралт бурхдын үрс болох
 Бодь сэтгэлтний замд орох 
Арга ухааны товч утгыг 
Ариун судрын дагуу өгүүлсүгэй.[х-1]

Ухамсар нээгдэх хүртэл:
Төдийлөн нэг бүрчлэн сайн санадаггүй, тэгсэн мөртөө ой дуртгалд хамгийн их орон зайг эзэлж, бусдаасаа тодоор, өнгөтөөр оршдог дурсамжуудаа цуглуулдаг үе бол хүний балчир нас. Эцэг эхийн хайранд өлгийдүүлж, эмээ өвөөгийн энхрийлэлд өсөн торниж, ах эгчийн халамж нөөлгөн дор хүн болно гэдэг үнэхээр сайхан. Тэдгээр дурсамжаараа насан туршдаа тэжээгдэж, өөрийн амьдралыг алаглуулан будаж, өөрийн мөрөөдөлдөө хүрэх гүүрийг сэтгэл зүрхэндээ бүтээн босгох хүчийг балчир насны гэгээн бас гэнэн томоогүй тэр л үеэсээ хүн олж авдаг болов уу гэлтэй. 

            *        *        *

Миний эргэн тойронд:
 Гэр бүл гэдэг хувь заяагаараа салшгүй холбогдсон хүмүүс.
Миний хувьд аав маань мэс заслын эмч. Ээж аймгийн техникумд багшаар ажилладаг. Энэ хоёр хүний дөрөв дэх буюу отгон хүүхэд болж мэндэлсэн юм. Айлын бага хүүхэд болгоноо авах гэдэг, зорьсон болгоноо гүйцэлдүүлж байж учраас их л эрх танхи өссөн юм шиг. Санаандаа таарсан нэг юм санаа нь амардаг тийм хүүхэд байсан юм шиг. (Энэ зангаа одоог хүртэл тавьж чадаагүй байгаа гэдгийг та энэхүү номыг цаашид уншаад ойлгох биз ээ).
Миний нэрээс л ойлгомжтой. Би социализмын үед төрсөн хүүхэд. Намайг төрөх үеэр Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын аян явагддаг уламжлалтай байж. Тийм учраас л надад түүнийг бэлгэшээн Батнайрамдал нэрийг аав маань өгсөн юм билээ. Гэвч хүүхдэд социализм, социалист лагерь, капиталист, хөрөнгөтөн гэх мэт үзэл суртлын сүүдрийн талаар мэдэх, мэдрэх боломж төдийлөн байгаагүй. Тэр үед хүүхдүүд ямар орчинд өсөж байсан тэр жишгээр амьдралын зам мөр минь эхэлсэн. Бүгд адилхан хувцас өмсөж, бүгд ижилхэн орон байранд амьдарч, эцэг эхчүүд нь ялгаагүй цалин авцгааж, бүгдийг тэгшитгэж тэнцүүлсэн тийм л нийгэмд миний бага нас өнгөрсөн. Хэн нь ч хэнээсээ илүү гарч, бас хэнийгээ ч заяа нь мэдэг гээд орхидоггүй тийм л нийгэм. Нэг үгээр, өөрт нь өгснөөс илүүг хүсэж болдоггүй нийгэм байсан аж. Хэрвээ тэр нийгэм одоог хүртэл оршсоор байсан бол над шиг хүссэнээ авах гэж зүтгэдэг хүнд бол тийм ч ээлтэй хандахгүй л байсан болов уу. Хүүхэд нас минь л намайг тэр нийгмээс аварсан юм.[т-4]

Хоёр
Наманчлал:

Эрдэнэт сэтгэлийг үүсгэхийн тулд 
Энэрэлт бурхад, номын далай, 
Эрхэм дээд буяны садан, 
Эрдмийн чуулганд тахил өргөнөм.
Ая зохист ургамлын шим, 
Анагаах чадалт эмийн охь, 
Асар гайхамшигт эрдэнийн сан, 
Ариун цэнгэг усны ундраа [х-13]

Баруунд мордсон аав:
1990-ээд оны эхэн үеийн дэлгүүр хоршооны хоосон лангуунаас өөр юу ч үгүй хүнд хэцүү цагт тэдгээр лангууг овсгоо самбаагаар гэрээсээ хоосон ганзага мөрөвчлөн дүүргэхийн тулд монголчууд бүгд өөрсдийн санаачилга, харь орныг зорьцгоож байлаа. Тэдний нэг нь миний аав. Гэвч аав минь ганзагын наймаа хийсэнгүй. Холын холд орших Польш улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллах гээд явсан юм. Манай аав Ховдын тоотой хэдхэн мэс заслын эмч нарын нэг байсан. Эмчээр ажилласан нийт хугацааныхаа эхний 30 гаруй жилийг мэс заслын эмчээр, үлдсэн хугацаанд нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд бараг 10 мянга гаруй хүмүүст хүнд, хөнгөн мэс засал, эмчилгээ хийсэн түүхтэй Монгол Улсын Гавьяат эмч хүн. Энэ төрийн өндөр дээд шагналыг Ховд аймгийн уугуул, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос аймгийнхаа Хөгжимт драмын театрын тайзан дээр гардаж авч байлаа. Тэр шагналыг гардуулах ёслолын үед тэнд хуран цугласан хүмүүс манай аавыг гавьяатынхаа цол, тэмдгийг авах үед бараг арван минутын турш тасралтгүй алга ташиж, хүндэтгэл үзүүлсэн маш сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон юм.
Аав маань намайг мэдээ орох үеэс л гэртээ тогтдоггүй, байнга л ийш тийшээ дуудлагаар явдаг, ажил мэргэжил, өргөсөн тангараг, нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн төлөө өөрийгөө бүхэлд нь зориулсан хүн. Тэдгээр түм буман өвчтэй зовлонтой хүмүүсийг илаарьшуулж, амь насыг нь аварсан тохиолдлуудаас одоог хүртэл домог болон яригддаг нэг үйл явдлыг энд дурдах ёстой. Тэр бол социализмын үед манай аав осгож хөлдөөд амьсгал нь тасраад, нэг ёсондоо ямар ч найдваргүй болсон гэх оноштой байсан хүүхдийг амилуулсан түүх билээ. Уг онцгой түүх нь тухайн үедээ олон улсын сэтгүүл дээр нийтлэгдээд нэлээн шуугиан тарьж байсан юм. Түүн дээр нь үндэслээд гаднаас кино баг ирээд баримтат кино хүртэл хийсэн удаатай.
Хувь хүнийхээ хувьд маш зарчимч, хөдөлмөрч, нэг эхлүүлсэн зүйлийнхээ ард заавал гардаг, боловсролд маш их ач холбогдол өгдөг тийм хүн. Биднийг багаас маань өсгөж хүмүүжүүлэхдээ бүх хүч чадлаа өөрсдийн боловсрол, хөгжилд зориулдаг, түүнийг өөрсдийн гол үнэ цэнээ болгосон хүмүүс болгохыг хичээдэг байсан. Хэдий гэр бүлээсээ алс хол Польшид байсан хэдий ч бидний төлөө бүхнээ зориулж, хүний газар хүнд хэцүү ажил эрхэлж, олсон мөнгөө ар гэрийнхэндээ илгээж, зах зээлийн эхэн үеийн тарчиг үеийг даван туулахад нэмэр болж байлаа. Аавын явуулсан мөнгийг боловсролд зарцуулж, манай том ах Монгол Улсын Их сургуульд суралцах төлбөрөө төлж байсан жишээтэй. Энэ мэтээр тэр үед ч, түүнээс хойш ч манай аав, ээж үр хүүхдүүдийнхээ боловсролд байгаа бүхнээ зориулж, гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж зөв бодолтой, ёс суртахуунтай, нийгэмдээ гэрэл гэгээ болсон хүмүүс болгохыг чармайж, хамгийн гол нь өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлэн биднийг өсгөсөн ачтанууд билээ.

Гурав
Бодь сэтгэл үүсгэх:

Адаг муу заяаны зовлонгоос 
Ангижрах чөлөөг эрэн олоод, 
Амар заяанд дэвшигч бүхнээ 
Атгаггүй сэтгэлээр даган баясму.
Сайн, муу алинд ч хүлэгдэлгүй 
Сансрын орчлоос магад гэтлэх 
Сахил суртлын буян бүхнээ 
Сааршгүй сэтгэлээр даган баясму[х-29]

Ачаа нь хүндэдсэн ээж:
 Бидний хэдэн ах дүүс, ээжтэйгээ голомтоо сахиад хоцорлоо. Хэдийгээр аав маань бидэнд мөнгө явуулдаг байсан ч,аавын эзгүй голомт гэдэг нурамдаа орсон гал шиг илчгүй байх нь тодорхой.
 Гэвч миний ээж хэдэн хүүхдүүдээ өөрийн сэтгэлийн бүлээн илч, хайр энхрийлэл, хэн ч төсөөлж чадамгүй шаргуу хөдөлмөрөөр биднийг юугаар ч дутаалгүй өсгөж чадсан билээ. Тэр л үеийг дурсахад хүнд хэдий ч, санаанд тодрох үедээ надад өөртөө итгэх урам зориг, хийж бүтээх хүч чадлыг өгдөг зурвас үе болж ой тойнд маань тодоос тод өнгөт зураг шиг үлдэж хоцорч дээ.
Аавыг гадагшаа явах үед ээж маань ажлаасаа гараад тэтгэврээ тогтоолгосон юм. Уг нь тэтгэвэрт гарах нас яагаа ч үгүй байсан юм билээ. Дөнгөж 40 гаруй настай байжээ, тухайн үед ээж маань. Тэтгэврийн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Дөрвийн дөрвөн балчир хүүхдийг тэжээхийн тулд аргагүйн эрхэнд наймаа хийж эхэлсэн. Манай өвөө эмээгийн нутаг, миний нялх балчир үедээ тоглож өссөн Ховдын Булганд байх хилийн боомтоор гарч хятадаас бараа аваад, аймгийн төвийн зах дээр авчирч зардаг байлаа. Мэдээж энэ нь нэг өгүүлбэр, хэдхэн үгэнд багтааж бичсэн шиг амар хялбар ажил байсангүй. Аймгийн төвөөс хилийн шугам хүртэлх 300 гаруй километр замын уртад оросын Камаз маркийн ачааны машинд хэд хэдээрээ сууж явдаг. Зүгээр ч нэг замаар яваад өнгөрөх биш, Монгол Алтайн даваагаар, эсвэл Бодончийн хавцлаар хад асгатай, халтиргаа, гуу жалга, бартаа саад ихтэй, хүйтний цагт мөстчихдөг маш хэцүү замаар хоёр өдрийн турш дотор эрхтнүүдийнх нь байр солигдтол савчуулж, айдас түгшүүртэй, халуунд халж, хүйтэнд хөрж явдаг тийм л зам. Тэрхүү замаар явсаар нэг юм хятадаас цөөн хэдэн бараагаа дараад эргээд л нөгөө замаар сэгсчүүлнэ. Гэхдээ очихоос буцах нь илүү хэцүү. Учир нь ганц өөрийгөө биш, эд бараагаа харж явна. Замдаа ачаагаа хулгайд алдах, машины татлага уяа муугаас замдаа гээх явдал цөөнгүй тохиолдоно. Энэ нь наймаачдад маш хүндээр тусдаг. Тэгж зовж зовж дарсан бараагаа хулгайд алдах, хээр гээчих юм бол... ёстой л нөгөө тэнгэр хол, газар хатуу гэдэг нь болно. Үүнээсээ болж сэтгэл санаагаар унах, улмаар өвчин эмгэг ороох энүүхэнд. Хамгийн гол нь голомтоо сахиад үлдсэн үр хүүхэд нь дагаад шанална…[т-9]

Дөрөв:
Ухамсар:

Сахил суртлыг мөрдье гэвэл
 Санаа сэтгэлээ л сахин хамгаал. 
Санаа сэтгэлээ сахиж чадвал 
Сахил суртлыг мөрдөж чадна.
Сэтгэлийн заанаа зоргоор нь тавивал Сэхэлтгүй тамын хорлол амсана. 
Архинд согтсон эмнэг заан ч 
Агсам сэтгэл шиг аюул тарихгүй.[х-55]

Албан ажлын гараа:
Би их багаасаа хөдөлмөрийн зах зээл дээр гарсан хүн. Монголчууд хүүхдийг эрхийг сурахаар бэрхийг сур хэмээн хэлэлцдэг ард түмэн. Хар бор ажлын үзүүрт хүүхдээ хэрсүүжүүлж, хатуужуул л гэсэн утга. Гэвч миний анхны ажил хар бор ч биш, хэцүү бэрх бүүр биш, харин ч дуртай нь аргагүй, туйлын сэтгэл ханамжтай хийдэг хөдөлмөр байлаа. Учир нь би нөгөө хөөгдөж гарсан насанд хүрэгчдийн танхимдаа орон тооны бус туслах "номын санч"-аар орох аз надад тохиосон юм. Одоо намайг хэн ч доошоо буу гэх мэтээр хөөж чадахгүй. Хамгийн чухал нь би тоо томшгүй номоос хүссэнээ авч унших боломжтой. Өөрийн бяцхан ертөнцдөө эрх дураараа тонгочиж, хил хязгаараа тэлэх үүд хаалга нээгдлээ.
Намайг энэ ажилд тохоон томилсон хүн бол насанд хүрэгчдийн танхимыг хариуцсан номын санч. Сайхан ааштай, нүүр дүүрэн мишээл цацруулсан эгч. Яг л хүүхдийн номын танхимд уншсан үлгэр дотроос нэгэн сайхан сэтгэлтэй шидтэн амилаад ирэв үү гэлтэй. 

       

 *        *        *

 

ГАДААД ЕРТӨНЦИЙН ҮҮД ХААЛГА

Гадаадын сургуульд сурах, тэр тусмаа европ, америк руу сургуульд явах гэдэг манай үеийнхний ой тойнд төдийлөн сайн бууж өгөөгүй, харь холын зүйл байлаа. Энэ талаар мөрөөдөх нь хүртэл өөрөө бараг мөрөөдөл байсан цаг. Бидний эцэг эхийн гадаад орон руу сургууль соёлд явах гэдэг нь хуучин ЗХУ болон зүүн европын социалист хамтын нөхөрлөлийн орнуудад суралцах боломж л байсан юм. Харин манай үеийнхэнд гадаад гэдэг нь бүх дэлхий тэр чигтээ. Хэрвээ чи хүсвэл, тэнд чинь сургууль байвал хойд туйлд ч сурах бололцоотой. Гэвч нэг талаас бидэнд интернэтийн өргөн сүлжээ, чанартай сургалт, боловсрол зуучлалын байгууллага, тэтгэмж олгох сангууд гэх зэрэг материаллаг суурь одоогийнхныг бодвол харьцангуй ядмаг байсан юм. Ингэж ярих нь зөв эсэхийг хэлэхэд төвөгтэй. Нийгмийн үе болгон л өөрийн гэсэн давуу болон сул талуудтай цаг үед амьдардаг. Хэдий тийм ч, хүн болгон өөрийн хувь заяагаар олгогдсон нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзэх, санамсаргүй тохиолдох аз гэмээр ч зүйлсийг алдалгүй ашиглах овсгоотой байх ёстой гэдэгтэй маргахгүй биз. Би бол өмнө минь тохиолдсон боломж бүрийг л үнс биш, чулуу болгох гэж хичээсэн хүн.[х-57]

       

   *        *        *

 

ХОВДООС ХАРВАРД РУУ

Хил давах "шаанс":
Миний хувьд гадаад явж сурна гэх санаа хувьсгалт шинжтэй, цоо шинэ зүйл байлаа.
Би өмнө нь хүн гадагшаа явж сурч болдог талаар огт төсөөлж байсангүй.Гэтэл  намайг Туркэд сурч байхад манай ангийнхан нэг зүйлийн талаар их ярьж мөрөөддөг сөн. Тэр яриа бидний  сэтгэлийг их л хөдөлгөж, байж суухын аргагүй догдлуулна. Яг л хувьсгалт тэмцлийн нууц бүлгэм гэмээр юм уу,"Ард" Аюушийн Цэцэг нуурын дугуйлан гэмээр мэт мэдрэмжийг авдаг байлаа. 
Нэг л үлгэрийн ертөнц, өөр хэмжигдэхүүнд орж буй мэт мэдрэмжийг авдаг байлаа.Нэг талаар эх орноосоо гадагш гарч, ээж аав, найз нөхдөөсөө алс хол амьдран сууна гэхээр айдас ч нөмрөх шиг. Нөгөө талаас урьд хэзээ ч очиж үзээгүй газарт эрдэм боловсрол эзэмшинэ гэхээс хөөр баяр  цээж дүүрэн бялхах мэт санагдана.Энэ л хачирхалтай мэдрэмж намайг хаашаа ч юм соронзон мэт  татаж байлаа. Би ямар ч байсан гадаад явах ёстой хэмээх  хүсэл миний оюун бодол, сэтгэл зүрхийг эргэлт буцалтгүй  бүчин авах нь тэр.
Өөртөө хатуу зорилго тавина гэдэг мэдээж сайн. Гэвч би түүндээ яаж хүрэх билээ. Энэ талаар надад зөвлөж ойлголт өгчих хүн ангийнхнаас минь өөр байсан "Хэдүүлээ TOEFL-д бэлдэцгээе, тэр л гадаадад сурах гол түлхүүр" гэх шидэт үгийг амнаас ам дамжин ангийнхан маань шидэлцэнэ. Тийнхүү манай ангийнхан тэр шидэт үгэндээ хөтлөгдөн бөөндөө тоефлд бэлдэхээр боллоо. Тухай үед Соросын сангаас гадаадад сурах хүсэлтэй хүүхдүүдийг бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг байлаа. Байрлаж байсан газар нь манай сургуулиас тав алхах зайтай. Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд байх соросын сангийн танхим. ТОЭФЛ-ийн шалгалтад бэлтгэхэд шаардлагатай ном, гарын авлагаар дүүрэн номын сантай. Тэнд нь гадаадын сургуульд элсэх хүсэлтэй хүмүүс очиж, шалгалтдаа чөлөөтэй бэлдэж болдог. [х-58] …………..?

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 142 (7884)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn