Олон улсын Улаанбаатар Их Сургууль болон 140 жилийн түүхтэй Америкийн Үндэсний их сургуулийн удирдлагуудын хамтарсан албан ёсны уулзалтыг долоодугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Олон улсын Улаанбаатар их сургуулиас Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор, дэд профессор М.Довууч, Гадаад харилцааны албаны дарга, доктор Юн Жүн Ху, Бизнесийн удирдлагын сургуулийн доктор, мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн аудитор, татварын итгэмжлэгдсэн зөвлөх багш Г.Жаргал нар оролцсон бол Америкийн Үндэсний их сургуулиас тус сургуулийн ерөнхийлөгч, доктор Фрэнк Э.Лонгэйкэр, үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч, доктор Жоел Масгроув, гадаад оюутан, элсэлт хариуцсан захирал Туул Спэнсэр нар хүрэлцэн иржээ.

Уулзалтын үеэр хоёр сургуулийн төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар санал солилцсоны хүрээнд бакалаврын 2+2, магистрын 1+1 хамтарсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх болсон бөгөөд олон улсын Улаанбаатар Их Сургуулиас Америкийн Үндэсний Их Сургуульд шилжин суралцах бүх оюутан сурагчдад сургалтын төлбөрийн 25 хувийн тэтгэлэг олгох боломж бүрдсэн юм.

Олон улсын Улаанбаатар их сургуулийн зүгээс энэхүү хамтын ажиллагаа нь оюутнуудад дэлхийн боловсролыг орчинд нь суралцаж, туршлага хуримтлуулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үнэ цэнтэй боломжийг олгох чухал алхам болж байна гэж үзжээ.