Б.ЗОЛБОО
Ганцхан авьяас бус тууштай хөдөлмөр амжилтад хүргэдэг. Үүний тод жишээ бол хүүхэд ахуйдаа дуулах авьяасаа нээж, тууштай хөдөлмөрлөсөөр өдгөө дэлхийн болон Монголын сонгодог дуурийн 30 орчим дүрийг тайзнаа амилуулаад буй Өлзийбүрэнгийн Цэрэнчунт юм. Тэрээр саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан билээ. Энэ дашрамд “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа түүнийг урьж, ярилцлаа.
-Юуны өмнө Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан танд баяр хүргэе. Шагнал хүртэх үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Амьдралын минь хамгийн сайхан мөчийг хуваалцан “Төрийн хишигтэн” буландаа урьсанд баярлалаа.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд урлагийн салбарт хүчин зүтгэсэн хөдөлмөрийг минь Монголын төр шударгаар үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх цолоор шагнасанд баяртай байна. Энэ дашрамд УДБЭТ-ын хамт олон, хайрт аав, ээж, эрхэм багш Г.Хайдав нартаа гүн талархал илэрхийлье. Монголын төрийн ариун голомтод адислагдсан цол хэргэмээр шагнуулна гэдэг их хүндэтгэл, үүрэг хариуцлага юм байна.
-Дуу хуурын аялгуу цалгисан Дундговиос таны урлагийн замнал эхлэлтэй болов уу. Чухам хэзээ дууны сайханд автаж, авьяасаа нээсэн бэ?
-Дундговь аймаг бол яах аргагүй дуу хуурын өлгий нутаг. Энэ нутгаас Гавьяат жүжигчин байтугай зүгээр дуучин гээд нэрлүүлэх хүртэл тийм амар биш. Тэр сайхан нутгийн рашаан, усны онцлог, хоол хүнс, байгалийн тогтоц хоолойд нөлөөлдөг гэж боддог. Мөн үе үеийн шилдэг дуучдаас үлгэр дуурайлал авч, тэдэн шиг мундаг дуучин болох сон гэсэн мөрөөдөл олон хүнийг дуучин болгодог байхаа. Дуучин болох мөрөөдлөө биелүүлэхэд аав ээжийн маань сэтгэл, цаг зав, дэмжлэг хамгийн их тулгуур болсон. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ хэр их цаг зав гаргана, хүүхэд тэр хэрээр авьяасаа хөгжүүлж, амжилтад хүрдэг гэж боддог.
-Та Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шавь шүү дээ. Их багшийнхаа сургаал, арга барилаас амьдрал болон уран бүтээлдээ заавал мөрддөг хамгийн чухал зарчим тань юу вэ?
-Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав хэмээх эрхэм Монголд анх дуурийн дуулаачийн арга барилыг үндэслэсэн юм. Багш маань хүнд байх сайхан гэх бүх л шинж бүрдсэн нэгэн. Багшаасаа хүн байх ухаан, төлөвшлийг үлгэр болгон авсан даа. Тэрээр “Дуу дуулна гэдэг зөвхөн цээл сайхан хоолой байгаад болчихдог зүйл биш. Дуучин гэдэг бол хүн ямар байх ёстой вэ гэдэг бодол эргэцүүлэмжийн дундаас төрөн гардаг мэргэжил юм. Дууг зөвхөн маяг донж, хоолойн цар хүрээгээр дуулдаггүй. Зүрх сэтгэлээрээ дуулдаг юм” хэмээн захиж, сургадаг байлаа. Зүрх сэтгэл гэдэг урт хугацаанд бойжиж, мэддэггүй зүйлээ мэдэж, хайрлахад суралцдаг гэдгийг багшийнхаа олон жилийн туршлагаас суралцсан. Тэгэхээр дуу гэдэг бол гагцхүү сонсох бус харж, зүрх сэтгэлээрээ мэдрэх зүйл юм.
-Соёл, урлагийн салбарт 28 жил тасралтгүй зүтгэх урт хугацааны замналаа эргээд харахад хамгийн чухал тулгуур багана тань юу байв. Мөн уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ ?
-Өдийг хүртэл ямар ч цаг үед аав ээж маань миний хажууд байж, түшиж тулж ирсэн. Тэд дуулж эхэлсэн цагаас минь уран бүтээлд хандах хандлага, сэтгэлгээг төлөвшүүлсэн буянтай хүмүүс. Урлаг гэх ойлголтыг хамарч буй бүх зүйлийг оруулж, бүтээлээ хийх хэрэгтэй. Уран бүтээлч зөвхөн тайзан дээр бус тайзнаас буугаад биеэ зөв авч явснаараа хүний сэтгэлд бүтээл туурвидаг. Ирээдүй үр хойчдоо зөв үлгэр дуурайлал болох нь л хамгийн чухал юм. Тэгж байж нийгэм эрүүлжиж, хүнд хэцүү цаг үеийг давдаг. Тухайлбал, уран бүтээлчид дэлхийн хоёрдугаар дайны үед ард түмний эх оронч үзэл, сэтгэл санааг өргөж, ялалтын төлөөх итгэлийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Тиймээс уран бүтээлч ард түмний сэтгэлийг ариусгадаг хүн байх ёстой.
-Урлаг хүнийг хүн болгодог амин чухал зүйл шиг санагддаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хүнийг амьтнаас ялгаж буй цор ганц зүйл бол сэтгэл. Сэтгэлийг нэг төрлийн сав гэж үзвэл түүнийг сайн, сайхан үг, үйлдлээр дүүргэх нь чухал юм. Нэгнээ урмын үгээр тэтгэж, сэтгэлийг нь дүүргэх сайхан шүү дээ. Урлаг хүнийг хүн болгох хамгийн чухал зүйл биш юм гэхэд амьдралд зайлшгүй байх ёстой зүйл юм. Хүний анхдагч хэрэгцээ хамгийн чухал хэдий ч үүнээс гадна соёл, урлагаар хүн тэтгэгдэж, тэжээгдэж байдаг. Сонгодог урлаг хүний сэтгэлзүй, гоо зүйн хөгжилд чухал нөлөөтэй учраас олон зуун жилийн турш үнэ цэнээ алдалгүй хадгалагдан өнөөг хүрчээ. Сонгодог урлагаар хичээллэж, сонгодог бүтээл сонсож буй хүн тэвчээртэй, анхаарал төвлөрөл сайтай болдог. Тиймээс хүмүүс сонгодог хөгжим сонсоосой гэж хүсэж байна.
-Та одоогоор дуурийн гол болон туслах 30 орчим дүрийг бүтээн ажиллажээ. Эдгээрээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн, эсвэл хамгийн их ур чадвар шаардсан дүр аль нь вэ?
-Гол дүр бол тухайн дуурийн гол санааг тээгч юм. Харин туслах дүр гол дүрийг тодотгож өгдөг. Аль аль нь л уран бүтээлчээс ур чадвар, хариуцлага шаарддаг. Дуурь бол урлагийн бүх төрлийг цогцлоосон бүтээл тиймээс дуурийн дуулаач хүн бүжиглэх, дуулах, шүлэг унших, бүр хөгжим тоглох шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, нэг агшинд олон урлагийн төрөл зүйлийг тайзнаа үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Тэр ч утгаараа бусад урлагийн мэргэжлээс онцгойрдог. Жишээлбэл, уртын дуучин хүн жүжиглэж, бүжиглэнгээ дуулна гэж бараг л үгүй. Тиймээс дуурийн дуулаачийн мэргэжил хүнээс өндөр ур чадвар шаарддаг мэргэжил гэж боддог. 2023 онд Г.Донницетийн “Дурлалын ундаа” хэмээх хошин дуурь тоглогдсон. Энэ дуурийн онцлогт тааруулан хүнийг инээлгэж, гуниглуулна гэдэг дуурийн дуулаач хүнээс асар хөдөлмөр, мэдрэмж, чадвар шаардсан. Хөдөлмөр, цаг заваа зориулсны дүнд амжилттай тоглож, үзэгчид сэтгэл ханамж сайтай байсан учраас сэтгэлд ойр байна.

-Урлагийн салбарт зүтгэхэд сэтгэлээр унах, шантрах, хоолой цуцах үе бишгүй тохиолдож байсан байх. Тэр болгонд өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?
-Дуурийн дуулаач бүхий л цаг үед сэтгэл зүрхнээсээ дуулах хэрэгтэй учир шантармаар үе бишгүй тохиодог. Сэтгэлийг амар амгалан байлгаснаар сайн бүтээл төрдөг. Зөвхөн дуурь гэлтгүй дууны нэг бадгийг хүртэл сэтгэлээсээ дуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бичүүлсэн 150 гаруй дуундаа зүрх сэтгэл, цаг заваа зориулсан. Мэдээж бүх дуу хит болохгүй. Гэсэн хэдий ч дуурийн дуулаач болох мөрөөдөл минь байснаас гадна олон хүмүүсийн итгэлийг хүлээсэн учир шантарч, урвалгүйгээр өдийг хүрсэн. Ямар ч зүйлд сэтгэлээ зориулах хэрэгтэй.
-Таны хувьд сэтгэл гэж юу вэ?
-Миний хувьд сэтгэл бол мэдрэмжийн сав юм. Сэтгэл гэдэг сайн сайхан зүйлийг үзэж, сонсохоороо улам дэвжиж, эсрэгээрээ муу зүйлд амархан туньдаг учир нэг төрлийн мэдрэмжийн сав гэж хэлж болно. Аливаа зүйлд сэтгэлээ зориулна гэдэг нь мэдрэмжийн саванд буй сайн сайхан зүйлээ бусдад бэлэглэхийг хэлэх юм. Хэрэв хүний сэтгэлийн толь муу муухай зүйлийг харж, сонсоод л байвал тэр хэрээр мууг бусдад түгээнэ.
-Сонгодог бүтээлийн 10 цомог, дуурийн алтан пянз гаргахаас гадна дуулаачдад зориулсан дөрвөн ном эмхэтгэн хэвлүүлсэн нь салбартаа том хөрөнгө оруулалт болжээ. Эдгээр уран бүтээл, сурах бичгийг туурвин үлдээх үйл явцад ямар сонирхолтой түүх өрнөж байв. Мөн тэдгээрээс залуу үеийнхэн маань чухам ямар үнэ цэнийг өвлөн аваасай гэж та хүссэн бэ?
-Гавьяат жүжигчин хэмээн эрхэм хүндтэй цолыг хүртсэн маань хүнд хэрэгтэй зүйл хийж бүтээсний үр шим болов уу. Ажиллаж буй салбартаа хүч хөдөлмөр, цаг заваа зориулж, хүнд дэмтэй зүйл хийх нь чухал. Дуурийн дуулаачийн хувьд уран бүтээлээ хадгалан үлдээх нь бусдад тустай гэж боддог. Миний 10 цомогт гадаад, Монголын сонгодог дууриудаас гадна шашны аялгуут бүтээл багтсан. Тухайн шашны холбогдолтой бүтээлийг судлаачидтай хамтран гаргасан. Уг бүтээл нь хүн өөрийн сэтгэлийг засах, бясалгах боломжийг нээдгээрээ онцлогтой. Бүх цаг үед цомог гаргах үйл явц тийм ч хялбар байгаагүй. “Алтан үеийн үргэлжлэл” хэмээх цомгоо 1960, 1970-аад оны дууг дуулж, өвлүүлэн үлдээх зорилгоор хийсэн. Дуурийн дуулаач дан ганц дуурь дуулахаас гадна өөр төрлийн дуу дуулах боломжтой гэдгийг урлагийн салбарт хөл тавьж буй залууст хүргэхийг зорьсон. Монгол Улсын Консерваторт багшилж байх хугацаандаа олон шавь нартай болсон. УДБЭТ-ийн театрын тайзнаа шавь нартайгаа хамт нэг тайзан дээр гарах үнэхээр сэтгэл бахдам байдаг. Г.Хайдав багшийнхаа зааж сургасныг бусдад өвлүүлэхгүй байх нь хувиа бодсон асуудал болно. Дэлхийн ихэнх уран бүтээлчид бүтээлээ ном болгож дамжуулан хадгалж үлдээсэн байдаг. Энэ жишгээр Г.Хайдав багшийнхаа үндэслэсэн дуурийн дуулаачийн арга барил, мөн Санктпетербургийн консерваторын багш Ольга Дмитриевна Кондинагийн сургасан бүхнийг залуу үедээ өвлүүлэх зорилгоор ном эмхэтгэн хэвлүүлсэн юм.
-ОХУ-ын Красноярск хотод гэрээт гоцлол дуучнаар ажиллаж, мөн Орос, Хятад зэрэг улсад хамтарсан тоглолт хийхдээ ямар туршлага хуримтлуулсан бэ?
-СУИС-ийн дуулаачийн ангийг төгсөөд ОХУ-ын соёлын хот гэгдэх Санктпетербургийн консерваторт сурахаар явсан. Уг сургууль 1862 онд байгуулагдсан ууган урлагийн сургуулиудын нэг юм. Тухайн үед гоцлол дуучин Гавьяат жүжигчин Б.Энхнаран, Гавьяат жүжигчин Т.Энхбат, гоцлол дуучин Л.Болдцэрэн нарын хамт суралцаж байсан. Биднээс 25 жилийн өмнө Гавьяат жүжигчин Ж.Цэцэг гуай сурч төгссөн юм. Энэ түүхэн замналыг үргэлжлүүлж суралцсанаараа бахархдаг. Суралцах хугацаандаа зөвхөн дуулах арга барилаас гадна амьдрах ухаанд суралцсан. Cургуулиа төгсөөд Буриад улсын дуурь бүжгийн академик театрт гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн. Тэр хугацаанд Красноярскийн гэрээт гоцлол дуучнаар ажилласан. Энэ хугацаанд “Дэлхийн сонгодог Монголд” гэх тоглолтуудаа монгол дуурийн дуулаачдын бүрэлдэхүүнтэй хийсэн. Хийж буй зүйлээ улам сайжруулах ёстой учир ОХУ-ын Краснярскийн гоцлол дуучин Михаил Иванов, БНХАУ-ын дуурийн дуулаач Жан Ли зэрэг дуучидтай хамтран “Дэлхийн сонгодог Монголд-2” тоглолтоо хийсэн. Цаашлаад энэхүү төсөл маань өргөжиж, “Азийн дуу хоолой” нэртэйгээр БНХАУ, ОХУ-ын олон хотод зохион байгуулагдсан. Орос хэлийг сайн эзэмшсэн маань энэ мэт олон улсын төслүүдийг зохион байгуулахад том түлхэц болсон доо.
-Энэ дүрийг тайзан дээр амилуулах сан гэж одоог хүртэл сэтгэлдээ нандигнадаг дүр бий юу?
-Ихэнх дуурийн дуулаачид тодорхой нэг дүрийг тайзнаа амилуулахыг хүсдэг байх. Дэлхийд маш олон сонгодог дуурь байдаг учраас зөвхөн нэгийг онцлоод дуулах нь харамсмаар шүү дээ. Тиймээс би аль болох олон дүрийг тайзан дээр амилуулахыг хүсдэг. Мөн монгол дуулаачийн онцлогийг гаргаж, чанартай дуулахыг зорьдог. Насан туршдаа нэг л дуурь дуулах эсвэл олон дуурь дуулах сонголт өглөө гэж бодъё. Тэгвэл эргэлзэлгүй олон дуурь дуулахыг сонгоно. Учир нь дуурийн дуулаач хүн хаан, зарц, эмэгтэй хүн, амьтан гээд ямар ч дүрд тоглож чаддаг байх хэрэгтэй байдаг. Тиймээс олон дүрд тоглох тусам туршлагажиж, тэр хэрээрээ амьдрал адал явдлаар дүүрэн байдаг гэж боддог.
-Сүүлийн үед хиймэл оюун ашиглаж бүтээл хийх болжээ. Энэ нь урлагийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна гэж та бодож байна вэ?
-Хиймэл оюун ашиглаж дуу, хөгжим бүтээж байгаа нь хүн төрөлхтний хөгжил, дэвшил юм. Гэвч үнэн хэрэгтээ хүний оюун ухаанаас бүтсэн бүтээл, ялангуяа урлагийн бүх төрлийг шингээсэн дуурийн урлагийг хэзээ ч хиймэл оюун орлож чадахгүй. Сонгодог урлаг нь сэтгэлзүй, эрүүл мэнд, гоо зүйн зэрэг ач холбогдолтой учир “Сонгодог” гэх тодотголтойгоор нэрлэгдэж, хүн төрөлхтний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон юм. Тиймээс сонгодог хөгжим сурч, сонссоноор хүн тайван, дөлгөөн, тэвчээртэй, анхаарал төвлөрөл сайтай болдгоороо онцлогтой. Ирээдүй болсон үр хойч, хүүхдүүдийнхээ төлөө хийх ёстой хамгийн чухал зүйл бол бид өөрсдийн төлөвшлийг анхаарах явдал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ сонгодог хөгжмөөр хичээллүүлэхээс өмнө өөрсдөө сонсож, тэр талаар мэдлэгтэй болох хэрэгтэй гэж бодож байна. Судлаачдын үзэж буйгаар сонгодог хөгжим олон давуу талтай учир тэдгээрийг судалж, ядаж нэг бүтээл сонсоод үзэхэд илүүдэхгүй. Эцэг эх бол хүүхдийн үлгэр дуурайлал, тусгал учир хүүхдээсээ шаардахаас өмнө эхлээд өөрсдийгөө анзаарч, засах хэрэгтэй юм. Урлаг бол шаардлага биш. Энэ бол мэдрэмж хийгээд таашаал.
-Уран бүтээлчийн хувьд таны цаашдын зорилго юу вэ?
-Цаашид үндэсний сэтгэлгээ, язгуур өв соёлоо сонгодог урлагийн хэлбэртэй хослуулан далайцтай бүтээл туурвиж, дэлхийн тайзнаа сурталчлан таниулахыг зорьж байна. Үндэсний хувцас, хөгжмийн зэмсэг зэрэг нь монгол хүний оюун санааны нэгдлийг бэхжүүлэхээс гадна бидний ондоошил, соёлын дархлааг хадгалах учиртай. Тиймээс энэ төрлийн бүтээл туурвиж, олон улсад түгээхийг зорьж байна.
-Бидний урилгыг хүлээн авч, сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. “Зууны мэдээ” сонины хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 139 (7881)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn