-2026 оны эцэс гэхэд 51,080 өрхийг Оросын хийнд шилжүүлэхээр төлөвлөж байна-
Улаанбаатар хотын төвийн хоёр дүүргийн 5000 өрх Оросын хий хэрэглэж эхэлжээ. Энэ талаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлын дараа Улаанбаатар хотын даргын тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлагийн мэдээнд дурджээ.
"Монгол Улсын нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2026 оны долдугаар сарын 23-ны байдлаар Баянгол дүүрэгт 872 өрх, Чингэлтэй дүүрэгт 4128 өрх шингэрүүлсэн хийн халаалтад бүрэн шилжсэн. Энэхүү хийг Оросоос нийлүүлдэг. 2026 оны эцэс гэхэд "агаарын чанарыг сайжруулах ногоон бүс"-ийн таван дүүргийн 51080 өрх үүнд шилжих болно" гэж Монголын нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээлснийг иш татжээ.
Өмнө нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт хамрагдаж, гэрээ бүрэн дулаалсан айл өрхүүдэд нэг удаад үнэ төлбөргүйгээр хийн халаалтын зуух суурилуулах болно мэдээлж байсан. Харин 2026 оны есдүгээр сарын 15-наас 2027 оны тавдугаар сарын 15 хүртэлх халаалтын улиралд эдгээр айл өрхүүд хийн хэрэглээнд 900,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх болно. Тиймээс хийн халаалтад шилжих хүсэлтэй байгаа тогтоосон бүсэд амьдардаг оршин суугчдыг дүүргийн захиргаанд өргөдөл гаргахыг албаны хүмүүс уриалжээ.
Дашрамд дурдахад, 2025 оны наймдугаар сард Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол дахь Оросын Холбооны Улсын худалдааны төлөөлөгч Максим Васильев, Иркутскийн газрын тосны компанийн төлөөлөгч Никита Поздняков нартай Улаанбаатарын гэр хорооллыг 2028 он гэхэд хийн халаалтад аажмаар шилжүүлэх талаар хэлэлцсэн гэдгийг оросын хэвлэлийн агентлагийн мэдээнд дурджээ.
Хотын агаарын чанарын албаны мэдээлснээр гэр хорооллын 171,976 айл өрх хотын агаарын бохирдлын 55.6%-ийг эзэлж байна. Байгалийн хий ашигласнаар утаа 10-12% -иар буурна. Монгол Улсын 3.5 сая гаруй иргэний бараг тал хувь нь нийслэлд амьдардаг бөгөөд 2001 оноос хойш хүн ам нь жилд ойролцоогоор 68,000 хүнээр нэмэгдсэн. Энэ нь голчлон хөдөөнөөс шилжин суугчидтай холбоотой.
Түүнчлэн өнөөдөр Монголын нийслэлийн оршин суугчдын 46% нь гэр хороололд амьдардаг. Энэ нь түүхий нүүрс, шахмал түлш болон бусад ахуйн хэрэглээний материалын шаталтаас үүдэлтэй агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 8-14 дахин өндөр байгаатай холбоотой юм. Олон улсын байгууллагын тооцоолсноор Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот төдийгүй хамгийн бохир агаартай арван хотын тоонд багтдаг. Монгол нь эрс тэс уур амьсгалтай тул халаалтын улирал есдүгээр сард эхэлж, тавдугаар сард дуусдаг. Өвлийн улиралд агаарын температур ихэвчлэн 40 хэм хүртэл буурдаг гэж ТАСС-ын нийтлэлд тэмдэглэжээ.
Эх сурвалж: zms.mn