Л.Пүрэвжаргал
Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, автомашины тоо, барилга бүтээн байгуулалт, үйлдвэр, замын түгжрэл, барилгын ажил, худалдаа үйлчилгээний газруудын чанга хөгжим, чихэвчний зохисгүй хэрэглээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр дуу чимээний бохирдол ч нэмэгддэг. Энэ нь иргэдийн сонсгол муудахад нөлөөлж зөвхөн настай хүмүүс биш залуучууд тэр дундаа өсвөр насныхны дунд энэ чиглэлийн өвчлөл ажиглагдах болжээ.
Дотор чихний мэдрэлийн эсүүд гэмтсэн тохиолдолд эргэж сэргэх, нөхөн төлжих боломжгүй

Дуу чимээний бохирдлын талаар “ЭМЖЖ” эмнэлгийн чих хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч, сонсголын эмч Б.Энхтуяа “АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаагаар дөрвөн насанд хүрсэн хүн тутмын нэг нь дуу чимээнээс үүдэлтэй сонсголын бууралттай байна. Дууны хүчийг децибелээр хэмждэг. Энгийн яриа 50–60 децибел орчимд байдаг. 85 децибел ба түүнээс дээш чимээ шуугианд удаан хугацаагаар өртвөл сонсголд эрсдэлтэй. 100 децибелээс дээш чимээнд богино хугацаанд өртсөн ч сонсголыг гэмтээдэг. Дууны хүч децибелээр нэмэгдэх бүрд аюулгүй хугацаа ойролцоогоор хоёр дахин багасдаг. Тухайлбал, 88 децибелд дөрвөн цаг, 91 децибелд хоёр цаг орчим байна. Хүчтэй тэсрэлт, бууны дуу зэрэг нь сонсголыг шууд гэмтээдэг бол үйлдвэрийн шуугиан, замын хөдөлгөөний чимээ, чихэвчийн дуу зэрэг нь аажмаар сонсголыг бууруулдаг. Чанга дуу нь дотор чихний кортын эрхтэн дэх дуу хүлээн авах сормослог эсүүдийг гэмтээдэг. Эдгээр эсүүд гэмтсэн тохиолдолд эргэж сэргэх, нөхөн төлжих боломжгүй. Үүний улмаас чих шуугих, сонсгол буурах, шуугиантай орчинд хүмүүсийн яриаг ялгаж сонсох чадвар муудах зэрэг өөрчлөлт гардаг. Үйлдвэр, уул уурхайн тоног төхөөрөмжийн чимээ, барилгын ажил, мотоцикл болон замын хөдөлгөөний чимээ, концерт, клубийн чанга хөгжим, чихэвчний хөгжим, цэрэг цагдаагийн ажилчид, буудлагын спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд бууны дуу зэрэг нь сонсголд хортой нөлөө үзүүлдэг дуу чимээний түгээмэл эх үүсвэрүүд юм” гэлээ.
Түүнчлэн замын цагдаа, барилгын ажилчид, жолооч зэрэг мэргэжлийн хүмүүс өдөр бүр олон цагийн турш 80–100 децибелийн орчинд ажилладаг байна. Ерөнхийдөө 85 децибелээс дээш дуу чимээг сонсголын эрсдэлийн босго гэж үздэг тул хамгаалалтгүйгээр найман цагаас илүү өртөхгүй байх ёстой аж. ДЭМБ-ийн судалгаагаар 12–35 насны нэг тэрбум гаруй залуус чанга хөгжим болон чихэвчний хэрэглээнээс шалтгаалсан сонсгол бууралтад өртөх эрсдэлтэй гэсэн судалгаа байдаг байна. Сүүлийн үед дуу шуугианы шалтгаант сонсгол бууралт залуучууд, өсвөр насныхны хувьд нэмэгдэх хандлагатай болжээ.
Дуу чимээний хүлцэх хэмжээ өдрийн цагаар 50-70 децибел, шөнийн цагаар 40-60 децибел байдаг
Дуу чимээний бохирдол гэдэг нь хүний эрүүл мэнд, ан амьтан хүрээлэн буй орчны чанарт сөрөг нөлөөтэй, нүдэнд харагдахгүй мэдрэлийн системд хамгийн их нөлөөлдөг хүсээгүй эсхүл хүлцэх хэмжээнээс хэтэрсэн дуу чимээ юм. Тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөн, үйлдвэр, барилга байгууламж тоног төхөөрөмж үйл ажиллагаа нь гол эх үүсвэрүүд болдог байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд автомашины тоо эрчимтэй өсөж, өдөр бүр хэдэн мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Ихэвчлэн өглөө, оройн оргил ачааллын үеэр автомашины дуут дохио, хөдөлгүүрийн чимээ, түгжрэлээс үүдэлтэй дуу чимээ эрс нэмэгддэг. Мөн барилгын ажил болон шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудын чанга хөгжим дуу чимээний бохирдлыг нэмэгдүүлдэг. Тэгвэл дуу чимээний хүлцэх хэмжээ буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, үйлдвэр, амралт зугаалгын бүсээс шалтгаалан өдрийн цагаар 50-70 децибел, шөнийн цагаар 40-60 децибел байхаар заагджээ. Харин тээврийн хэрэгслийн гаднах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин нь суудлын автомашин болон мотоцикл 80децибел, автобус 81-85 децибел, ачааны суудлын автомашин 81-88 децибел байдаг аж.
Худалдаа үйлчилгээ ихтэй бүсүүдэд дуу чимээний түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс тогтмол өндөр гардаг
Мэргэжлийн байгууллагуудын хийсэн хэмжилтээр дуу чимээний бохирдол Улаанбаатар хотод 74-98 децибелд хүрч, үндэсний стандартаас 20 гаруй нэгжээр, ДЭМБ-ын зөвлөмжөөс 1.5 дахин давсан байна. Түгжрэл болон автомашины дуут дохио 73-74 децибел, мотоцикл, цахилгаан дугуй 110 децибел хүртэл чанга дуу чимээ гаргадаг байна. Хотын төвийн авто зам, томоохон уулзварууд болон худалдаа үйлчилгээ ихтэй бүсүүдэд дуу чимээний түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс тогтмол өндөр гардаг байна. Ихэвчлэн оргил ачааллын үед хэмжилтийн үзүүлэлтүүд олон улсын зөвлөмжөөс давж, иргэдийн сонсгол болон сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иргэн С.Баттулга “ Барилгын ажил өглөө 09:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл үргэлжилдэг. Хамгийн их дуу чимээ гаргадаг техник нь хадаас, бууны чимээ. Барилгын ажил зарим үед оройн цагаар сунаж ажилладаг. Энэ үед ойролцоо оршин суугчид гомдоллох үе байдаг. Чанга дуу чимээг багасгахын тулд арга хэмжээ авах нь тун ховор. Ажилчид чанга дуу чимээнээс хамгаалахын тулд чихний бөглөө, хамгаалах хэрэгсэл ашигладаг. Хэт чанга чимээнд удаан хугацаагаар ажиллах нь сонсгол буурахад нөлөөлдөг” гэв. Түүнчлэн орон сууцны бүсэд шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг караоке, баар цэнгээний газруудын дуу чимээнээс гадна түгжрэл ихсэх үед жолооч нар дуут дохио их ашигладаг нь дуу чимээг улам нэмэгдүүлдэг аж. Эмч нарын тайлбарласнаар удаан хугацаанд өндөр түвшний дуу чимээнд өртөх нь сонсголын эрхтнийг гэмтээхээс гадна даралт ихсэх, нойргүйдэх, стресс, анхаарал төвлөрөл буурах, зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Ихэвчлэн хүүхэд, өндөр настан, сонсголын бэрхшээлтэй хүмүүс дуу чимээний бохирдолд илүү өртөмтгий байдгийг чих хамар хоолойн эмч нар онцолсон юм. Мөн байнгын чимээ шуугиантай орчинд ажиллаж, амьдардаг хүмүүсийн сэтгэл зүйн ачаалал нэмэгдэж, ажлын бүтээмж буурдаг байна.
Авто замын дуу чимээг бууруулахад шороон болон ногоон байгууламж хослуулсан хаалт ашигладаг
Холбогдох байгууллагууд дуу чимээний хяналт шалгалт тогтмол хийдэг ч иргэдийн үзэж буйгаар бодит үр дүн хангалтгүй хэвээр байна. Авто замын дуу чимээг бууруулахад шороон болон ногоон байгууламж хослуулсан хаалт, барилга байгууламж, нүхэн гарц гэх төрлүүдийг ашиглаж, дуу чимээг 0-30 децибел бууруулдаг аж. Жишээ нь барилга угсралтын ажлын явцад үүсэх дуу чимээг бууруулахын тулд зориулалтын хаалт, хашлагыг суурилуулснаар дуу чимээг 20 хүртэл децибелээр бууруулдаг байна. Түүнчлэн хурд сааруулагчийг 75-100 мм өндөртэй хийснээр дуу чимээг 1-2 децибел, олон замын уулзварыг тойрог байдлаар төлөвлөснөөр дуу чимээг хоёр децибелээр багасгадаг. Худалдаа үйлчилгээний газраас үүсэх дуу чимээ нь орон сууцны барилгад дуу чимээний бохирдол үүсгэхээргүй байх бөгөөд 100 метр дотор хэвийн нөхцөлөөс таван децибелээс ихгүй байх шаардлагатай байна. Харин хэт өндөр дуу чимээтэй орчинд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажилчид заавал дуу чимээнээс хамгаалах хувийн хэрэгслээр тоноглогдсон байх шаардлагатай бөгөөд хамгаалах чихэвч, чихний бөглөө, электрон дуу намсгагч хэрэглэх үед дуу чимээг 15-33 хүртэл децибелээр бууруулах талаар Хот байгуулалт, хотын стандартын газар мэдээлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 138 (7880)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn