Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо. 
Энэ хүрээнд өнөөдөр ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн захирал Ц.Олонбаяр тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл  хамтарсан уулзалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн юм. 
Тухайлбал, ГССҮТ-өөс эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал эмчилгээ хийх, осол гэмтлийн үеийн яаралтай тусламж болон гардан үйлдлийн сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу гэрээгээр ажиллуулах, цаашлаад тус нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийг өргөжүүлэх зэрэг үе шаттай ажлуудын талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж тохиролцлоо. 
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн хувьд бусад нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр харилцан хамтарч ажиллах, ГССҮТ-ийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж ажиллахаар болсон байна. 
Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоор дээгүүрт ордог Сонгинохайрхан дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг илүү ойртуулах, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээг нэгдсэн эмнэлэгт түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэсэн олон талын ач холбогдолтой юм.