Л.Пүрэвжаргал
Авто замын тухай хуульд автозамуудыг улсын чиглэлийн, олон улсын, орон нутгийн, нийслэлийн гэж ангилдаг. Улсын чиглэлийн автозам болон олон улсын чиглэлийн замыг Зам тээврийн яам хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЗТЯ-ны Автозамын Бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа “Улсын чиглэлийн замд нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомттой холбох, нийслэлийг хилийн боомттой холбох замууд хамаарна. Улсын чиглэлийн зам руу сумаас холбогдох туслах замууд нь орон нутгийн зам болдог. Улаанбаатар хотыг аймгийн төвтэй холбох, аймгийн төвөөс хилийн боомттой холбогдох чиглэлүүдэд зорчиход зам ашигласны төлбөр нэмэгдэнэ. Зам тээврийн хөгжлийн төвөөс зам ашигласны төлбөр төлбөр хурааж сангийн яаманд төвлөрдөг. Энэ мөнгийг замын засвар арчлалт болон нүхэн эвдрэл, гагнаас, хөвөө засах урсгал зардалд зарцуулагддаг ” гэв.
“Авто зам ашигласны төлбөр ирэх сарын 1-нээс 2-5 дахин нэмэгдэнэ”
“Энэ оноос эхлэн авто зам ашигласны төлбөр авах 33 цэгийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байгаа аж. Шинэчилсэн тариф Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөж, нийслэлээс баруун, хойд, зүүн, өмнөд чиглэл рүү гарах авто замууд, мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замууд хамрагдах юм.
Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины авто зам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10 мянгаас 20.000 төгрөг болгон шинэчилсэн байна. Засгийн газрын 2026 оны 273 дугаар тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэн байна.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд мэдээллээ.
Тэрээр “Энэ оны долоодугаар сарын 1-нд улсын чанартай автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн. Зам тээвэр хөгжлийн төв энэ тогтоол шийдвэрийг хэрэгжилтийг наймдугаар сарын 1-нээс зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангасан. Энэ оны долоодугаар сарын 1-нээс 8000 км хатуу хучилттай авто зам дээр нийт 33 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилийн хураасан төлбөр хураамжаар ирэх жилийн улсын чанартай автозамын засвар арчлалтад зарцуулдаг. Орлого болон зарцуулалтыг иргэдэд нээлттэй, ил тод байлгах зорилгоор бүх мэдээллийг цахим сайтад мэдээлнэ. Тухайлбал, тухайн төлбөр авах цэг дээр хэдэн тээврийн хэрэгсэл нэвтэрч, хэр их төлбөр цугларсан болон тухайн төлбөрөөр ямар засварын ажил хийж гүйцэтгэснийг ил тод нээлттэй мэдээлэхээр төлөвлөж байна. Улсын чанартай авто замын төлбөр хураамжийг төвлөрүүлэх журам гэж байдаг. Төлбөр авах цэгийн гадна оршиж буй сум дүүрэг, багийн иргэд төлбөр авах цэгээс чөлөөлөгдөх зохицуулалттай. Энэ нь цагаан жагсаалт буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгддөг. Аравдугаар сарын 1-нээс өмнө төлбөр авах цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны зургаадугаар сарын 1-нээс бэлэн мөнгөөр бус цахимд шилжиж цахим нэхэмжлэл үүсдэг болсон” гэлээ.
“Нэг км автозамыг 1.5-1.8 орчим тэрбум төгрөгөөр барьж байна”
Улсын чиглэлийн замд тогтмол зорчдог иргэн ААН байгууллагууд нийт хэдэн удаагийн зорчилд хийхээ урьдчилан гэрээ байгуулж, төлбөрөө төлбөл нийт төлбөрөөс нь 30 хувь хөнгөлөх юм байна. 2022 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд 30 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсэж төлөгдөөгүй байгаа юм. 2025 онд 33 орчим тэрбум төгрөгийн орлогыг авто замын санд төвлөрүүлжээ. Иргэд үүсэж буй нэхэмжлэлийг 20 удаагийн нэвтрэлтээс өмнө хэсэгчилж болон бүтнээр нь бүх төрлийн цахим хэлбэрээр төлөх боломжтой юм. 2002 онд төлбөрийн хувь хэмжээ 500 төгрөг байсан бол 2016 онд 1000 төгрөг болгон нэмэгджээ. 2016 онд нэг км авто замын засварын ажлыг энэ жилийнхтэй харьцуулахад гурав дахин нэмсэн байна. 650 орчим сая төгрөгөөр нэг км авто замыг барьдаг байсан бол энэ жилийн хувьд 1.5-1.8 орчим тэрбум төгрөгөөр барьж байна.
8000 км хатуу хучилттай авто замын эвдрэлийг засахад жил бүр 280 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байгааг албаныхан онцоллоо. Өмнө нь автозам ашигласны төлбөр 1000 төгрөг байхад 30 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан аж. Үүнийг 2-5 дахин нэмэгдүүлснээр 100 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгслийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдлын болон төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд төлбөрөөс чөлөөлөгдөнө гэдгийг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
“Иргэд авто зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно”
Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах юм байна. Иргэд авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн зохицуулалттай гэдгийг онцоллоо. Ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой юм.
Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярдорж “Нэг м2 замыг засахад 115.000 төгрөг зарцуулагддаг. 2016 оноос хойш үнийн өсөлттэй холбоотойгоор улсын төсөвт тавьж буй хөрөнгө 8000 км авто замын засвар арчлалтад хүрэлцдэггүй. Стандартын замаар зорчих, гэрэлтүүлэг, тэмдэглэгээтэй эвдрэлгүй замаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай юм ” гэв.
Түүнчлэн Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа улсын төсөвт хүргүүлдэг ч бодит хэрэгцээний 12-13 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт л шийдвэрлэгддэг байна. Зам, барилгын материал, шатахуун, засвар арчлалтын зардал эрс өссөн нь төлбөрийн хэмжээг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн байна. Авто замын ашиглалтын норм, стандартаар хатуу хучилттай замд зургаан жил тутамд ээлжит засвар, 13 жил тутамд их засвар хийх шаардлагатай байдаг ч улсын төсвийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан шаардлагатай засвар, арчлалтын ажлыг бүрэн хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байгааг албаныхан онцолж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)