М.Намунбайгал, Б.Золбоо
“Чингис хаан” Үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоотой хамтран эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн лекцийн зочноор Австрийн ШУА-ийн Иран судлалын хүрээлэнгийн доктор Стефан Камола уригдаж, “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр” сэдвээр лекц уншлаа. Тодруулбал, тэрээр судалгааны ажлаа Хэрэйдийн тухай товч түүх, Рашид ад-Дины намтар, түүх бичлэг, эхэн үеийн нэмэлт болон сүүл үеийн нэмэлт зэрэг үндсэн дөрвөн хэсэгт хуваан танилцууллаа.
Энэхүү лекцийн талаар, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун “Стефан Камола бол олон судалгааны бүтээлүүдээрээ Монголын эзэнт гүрэн судлаачдын дунд танигдсан нэгэн. Ийнхүү бидэнд судалгааны ажлаа танилцуулахаар ирсэнд нь олзуурхаж байна. Уг хамтарсан үйл ажиллагааны хүрээнд бид мөн судлаачийн дараагийн судалгаа, шинжилгээний ажилд туслахад нээлттэй” гэсэн юм.
Доктор Стефан Камола “Түүхч хүн өмнө бичсэн түүх дээрээ нэмж тэмдэглэл хийсэн энэ үйл явцыг Норман Роквеллны 1960 онд толинд харан өөрийн хөргийг зурж буйгаа дүрсэлсэн “Өөрийн гурамсан хөрөг”-тэй зүйрлэн тайлбарлаж болох юм. Ил хаант улсын үед Рашид ад-Дин Газан хааны түүхийг буюу монголчуудын түүхийг бичиж байсан ч түүнийг ажлаа дуусгахаас өмнө Газан хаан нас барж, дүү Өлзийт хаанд хийсэн ажлаа танилцуулах болсноор дээр дурдсан Норман Роквеллын “Өөрийн гурамсан хөрөг”-өө зурах үетэй адил өөрийн бичсэн түүхийг сурвалж болгон түүн дээрээ нэмэлт тэмдэглэл хийж, дахин засварлах замаар ажиллаж байсан нь сонирхолтой байсан” хэмээв. Мөн тэрээр энэхүү лекцийг танилцуулж буй нь монгол хүмүүст Монголын түүхийг заах гэсэндээ бус өөр нэгэн шинэ өнцөг олж харснаа хуваалцах зорилготой гэдгийг онцолсон юм.
Рашид-Ад Дин монголчуудын төдийгүй, дэлхийн түүх бичлэгт онцгой хувь нэмэр оруулсан
Стефан Камола нь Монголын эзэнт гүрний түүх, тэр дундаа Ил хаант улс, перс хэлээрх түүхийн эх сурвалжийг дагнан судалдаг судлаач билээ. Тэрээр 2019 онд “Making Mongol History” хэмээх судалгааны бүтээл туурвисан бол 2027 онд “Чингис хаан ба түүний ертөнц” бүтээлээ толилуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн лекцэд Стефан Камола Ил хаант улсын үед туурвигдсан Рашид ад-Дины “Судрын чуулган”-ыг судалгааны ажлынхаа эх сурвалж болгожээ. Энэ нь Хэрэйд болон өөр бусад аймагт христийн шашны нөлөө хэрхэн тусаж байсан зэргийг тодруулж болох чухал сурвалж ажээ. Тухайлбал, XI зууны сүүлээс XII зууны эхэн үед Хэрэйдийг Маркус Буйруг хаан захирч байсан юм. “Маркус” гэдэг нь христийн гэгээн Маркийн нэр бөгөөд Хэрэйдүүд христийн шашны урсгалыг дагаж байсныг илтгэдэг аж. Түүнчлэн XII зууны сүүлч, XIII зууны эхэн үед Монголын баруун болон төв нутагт оршин тогтнож байсан Хэрэйдийн ханлиг нь Чингис хаан овог, аймгуудаа нэгтгэн Их Монгол Улсыг байгуулахад хамгийн чухал тулгуур хийгээд өрсөлдөгчдийн нэг байжээ. Улс төрийн нөхцөл байдлын улмаас нэгэн цагт мөхөж, Их Монгол Улсад дагаар орсон Хэрэйдийн соёл, улс төрийн байгуулал, шашин зэргийг бусад эзэнт гүрнүүд залгамжилж байсныг доктор Стефан Камола судалгааны ажилдаа тусгажээ.
Ийнхүү судалгааны ажлын хоёрдугаар хэсэгт Рашид ад-Дины намтар, түүх бичлэгийг танилцуулсан юм. Рашид ад-Дин нь Еврей гаралтай, Иранд амьдарч байсан хүн бөгөөд Ил хаадын ордонд ажиллаж байжээ. Тухайн үед Ил хаант улсын долоо дахь хаан Газан түүнд Монголын түүхийг бичихийг санал болгосон аж. Энэ талаар судлаач Стефан Камола хэлэхдээ, “Газан хаан өөрийн түшмэл, сударч Рашид ад-Динд монголчуудын гарал үүсэл, Чингис хааны болон түүний залгамжлагчдын түүхийг мартагдахаас сэргийлж тэмдэглэн үлдээх чухал үүргийг өгсөн юм. Тэрээр 1302-1304 оны хооронд Монголын түүхтэй холбогдох сурвалжуудыг нягтлан үзэж, улмаар 1304 онд бичиж дуусгасан. Гэвч Газан хаан түүний түүх бичлэгтэй танилцаж амжилгүй нас барсан тул дүү Өлзийт хаанд танилцуулсан” гэсэн юм. Цаашлаад Рашид ад-Дин Өлзийт хааны зарлигаар Монголын түүх гэлтгүй дэлхийн бусад улс орны түүхийг бичихийг зарлиг болгожээ. Тэрээр Монголын нүүдэлчин овгууд болон тэдний оршин сууж байсан газар нутгийг тэмдэглэхдээ гол усны нэрээр нэгдэн нутагладаг байсныг тэмдэглэсэн нь чухал ач холбогдолтой юм. Ингэснээр тухайн үеийн овог, аймгуудын дотоод бүтэц, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг тодруулахад хялбар болох аж. Мөн Рашид ад-Дин зөвхөн нэг улс эсвэл хааны түүхийг бичих бус тухайн үед монголчуудтай холбоотой байсан Араб, Перс, Хятад, Энэтхэг зэрэг улсын түүхийг бичсэн нь дэлхийн түүх бичлэгт онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.
Мөн судлаач тус лекцдээ Рашид ад-Дины сурвалж дахь түүхийн хувилбарууд нь “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар” зэрэг сурвалж дахь өгүүлэмжээс ялгаатай байсан бөгөөд энэ нь Рашид ад-Дин, Газан хааны даалгавраар бичиж байсантай холбоотойгоор үйл явдлыг өөрчлөн найруулсан байх боломжтойг дурдсан юм.
Доктор Стефан Камола Монголын нууц товчоо болон Перс хэлээрх эх сурвалжуудыг харьцуулан судалж байгаа нь Их Монгол Улсын түүхэнд Хэрэйд ямар нөлөө үзүүлсэн, хэр хүчирхэг улс байсныг тодруулахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)