Ч.Бямбахажид
Ой, уул, ус, галын дөл, дуу хөгжмийг нэг дороос мэдрүүлж, залуусын сэтгэлд оч асаасан фестиваль бол Тайга байв. Энэ жилийн Тайга фестиваль Булган аймгийн Бугат сум, Түлүүгийн даваанд долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
XIII зууны үеийн Монголын ойн иргэд болон уулын хүмүүсийн амьдрал, байгальтайгаа нэгдэн орших ухаанаас Тайга фестивалийг сэдэвлэснээрээ онцлог аж.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Тайга фестиваль нь энэ жил илүү өргөн хүрээнд болж, camping, art installation, electronic music-ийг байгальд мэдрэх боломжийг олгосон нь хөгжимд дурлагсдад хамгийн их таалагдсан юм.
Өнгөрсөн жил Тайга фестивалийг анх удаагаа Хөвсгөл аймгийн цэнгэлдэхэд амжилттай зохион байгуулсан. Тус фестиваль олон хүнийг татаж фестивалийн долоо хоногт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хяналтын цэгээр нэвтэрсэн автомашины тоо 49 мянгыг давсан гэх тоон мэдээлэл бий.

Энэ жилийн фестивалийн онцлогийн талаар зохион байгуулагч, “Тоонот” продакшны захирал, ерөнхий продюсер, sound инженер, дуучин Э.Дэлгэрмөрөн “Манай фестивалийн онцлог гэвэл хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулж байгаа нь юм. Хүмүүс зөвхөн тоглолт үзээд буцах биш, Булган нутгийнхаа байгалийг мэдэрч, аялж, амарч, сайхан дурсамжтай үлдээсэй гэж хүсэж байна. Орон нутагт ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулна гэдэг Улаанбаатарт хийхээс бараг хоёр дахин их зардал, хөдөлмөр шаарддаг. Гэхдээ тэр бүхнийхээ хэрээр илүү чанартай, гоё фестиваль хийхийг зорьж байна” гэж байлаа.
Энэ жил Тайга фестивалийг зохион байгуулах газарт бүтээн байгуулалт хийж, хашаалж, морь машины хязгаарлалттай, машины зогсоолтой фестивалийн талбай, амралтын газрыг тусдаа байхаар төлөвлөсөн нь илүү таатай орчныг бий болгожээ.

Фестивальд 40 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд Skai isyourgod зэрэг гадаад уран бүтээлчид ирсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Мөн энэ жил олон онцлох зүйлс байсны нэг нь өглөөний иог байв. Тайгад дуудагдсан үзэгчид үзэсгэлэнт байгаль цогцолсон Булган аймгийн нарлаг өглөөг иогоор эхлүүлж, бие, сэтгэлээ байгалийн эрчим, хөгжмийн хэмнэлээр цэнэглэсэн юм. Ийнхүү дөрвөн өдрийн турш үзэгч, сонсогчдыг хөгжмийн яруу, тансаг ертөнцөөр аялуулж, гайхалтай дурсамжийг бүтээх орон зайг бий болгосон Тайга фестиваль өндөрсөн юм.

Түүнчлэн арга хэмжээ зохион байгуулагдсан бүс нутгийг Тайга фестивалын арын алба, Булган аймгийн тохижилт үйлчилгээний ангийн албан хаагч нар арга хэмжээний дараах бүрэн цэвэрлэгээг хийж, Бугат сумын Ханжаргалант багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ. Тэдний хэлснээр “Хариуцлага хамгийн чухал” билээ.
Улмаар Фестиваль дуусав уу, үгүй юу аль хэдийн дараа жилийн Тайга та биднийг дуудаж эхэлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)