Ч.Бямбахажид

Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормосолсны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.
Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12.409.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.


Хяналтын шатны шүүх А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”-ыг жолоочид хориглосон хэм хэмжээг тогтоосон байдаг.
Хэрэг гарах үед зорчигчид нийтийн тээврийн хэрэгслээс зогсоол дээр бууж, цөөн тооны зорчигч суусан тул жолооч хянах, зорчигчдод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байсан бөгөөд халтиргаатай (гадаа цас орсноос шалтгаалан автобус дотор шавартай, гулгаатай байсан) байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байсан. 


Гэтэл зорчигчийг суудал эзлээгүй, автобусны бариулыг барихаас өмнө хөдөлгөөнийг эхэлж, улмаар огцом тоормосолсноор зорчигч Ц арагш хөл алдан халтирч, унаж гэмтжээ. Зорчигч унасныг жолооч А автобусныхаа толинд харсан буюу түүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирол учирсан байж болзошгүйг мэдсэн атлаа үл тоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна.
Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх, олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй ёсных бөгөөд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдод анхаарал хандуулах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжоор боломжит хэмжээнд хангаж ажиллах ёстой юм. 


Дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 
Дээрх хэргийн кейстэй холбогдуулан "Өмгөөллийн Итгэлт Заргач" ХХН-н өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлээс хууль зүйн хүрээнд тодруулга, мэдээлэл авлаа. 
Тэрээр “Дээрх төрлийн хэрэг, зөрчил их тохиолддог ч иргэд хууль болон замын хөдөлгөөний дүрэм журмын мэдлэг хомс байдгийн улмаас гомдол гаргаж зохих байгууллагад шалгуулалгүй хохирч үлдэх тохиолдолд элбэг байдаг. Хуулийн байгууллагад хандаагүй тохиолдолд зохих хуулийн хариуцлагыг тооцуулах, учирсан хохирлоо арилгуулах боломжгүй нөхцөл байдал бий болдог тул тухай бүр зохих байгууллагад хандахыг зөвлөж байна. 
Хэргийн бодит байдлыг ихэвчлэх камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээс хамааран тогтоодог. Дээрх тохиолдолд зорчигч нь аюулгүй байдлаа хангах боломжгүй нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, үйлчлүүлэгч зорчигчийн аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг аваагүй, гэмтэл учирч болзошгүй нөхцөл байдлыг мэдсээр байж хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн, зорчигч  аюулгүй байдлыг хангах боломжийг олгоогүй гэх үндэслэлээр гэм буруутайд тооцогдож гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул дээрх кейсээр гомдол гаргах боломжгүй. 
Харин зорчигчид өөрийн аюулгүй байдлыг хангах боломж олгож бариулаас барьсан болон суудалд суусны дараа хөдөлсөн, зайлшгүй зогсолт буюу ослоос урьдчилан сэргийлсэн гэх нөхцөлийг тодорхойлох баримт, нөхцөл бий болсон тохиолдолд маргах боломжтой" гэсэн юм.


Түүнчлэн зорчигчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас гэмтсэнийг зохих байгууллага буюу цагдаа, прокурорын байгууллага хянаж тогтооно. Зорчигчийн өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмтсэн нь зохих байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлийг хаах арга хэмжээ авч хуульд зааснаар учирсан хохирлыг нэхэмжлэх боломжгүй болж, иргэн нь өөрт учирсан хохирол, хор уршгийг өөрөө бүрэн хариуцна.    

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)