Р.Оюун

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран 7 дахь удаагаа “Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд мөн Хүй долоон худагт зохион байгууллаа. Үзэсгэлэнг үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлал, өв соёл ялангуяа, монгол адуу, түүнтэй холбогдох соёлыг наадамчин монголчууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгч, жуулчдын мэлмийг баясгах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилгоор толилуулж байна.

Тал нутгийн бэлчээр, аргалын утаат ахуй, айлын гаднах уяанаас эхлээд дэлхийн дайдад хүрээгүй газар, тамгалаагүй тал гэж үгүй. Төрт ёс, цэрэг дайны түүх, урлаг, спорт, утга зохиолын салбарт гүн гүнзгий оршихуй, гайхамшгийг цогцлоосон монгол адуугаараа бахархан 50 гаруй гэрэл зурагчин уран бүтээлчийн 200 гаруй бүтээлээс сонгосон 50 гаруй шилдэг гэрэл зургийг үзэсгэлэнд тавьжээ.

Олон зуун жилийн түүхэнд бий болгосон “Монгол адуу-дэлхийн өв”-ийг хайрлан хамгаалах, хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах, хүн төрөлхтний түүхэнд адууны эзлэх байр суурийг бататгах, бэлчээр нүүдлийн соёлыг хадгалах, хөгжүүлэх зорилгоор 2025 онд НҮБ-аас “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 11-нд тэмдэглэхээр үндэсний их баяртай давхцуулан тогтоосон нь монголчуудын хувьд бахархалт үйл хэрэг юм.

 НҮБ-аас дэлхийн адууны өдрийг тунхагласан нь адууны ач холбогдлыг дэлхий нийтэд сануулахын зэрэгцээ Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил, монгол адууны өвийг олон улсын хэмжээнд сурталчлах шинэ боломжийг нээж өглөө. Жил бүрийн үндэсний их баяр наадмаар “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. 2026 онд “Монгол адууны соёл” сэдвээр бэлтгэн хүргэж байгаа нь монгол адууны өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд танин мэдүүлэх зорилготой юм.

Эх сурвалж www.zms.mn