М.Намунбайгал
Баяр наадмын өдрүүд айлчилж, аялал амралтын налгар өдрүүдэд хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд хөдөө явах уу, хотод үлдэх үү гэдгээс үүдэн цүнхэндээ ямар ном авч явах вэ гэдэг чухал асуудал тулгардаг билээ. Тэгвэл аян замд гарахаар зэхэж буй аялагчид болоод өөр бусад хэн бүхэнд зориулан энэ зун заавал унших номын танилцуулгыг хүргэж байна.
Чинуа Ачебе “Бүх зүйл нурав”
![]()
Юун түрүүнд Африкийн утга зохиолын нэрт төлөөлөгч Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” романыг онцолж байна. “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан эл роман нь 19-р зууны сүүл үеийн Нигерийн Игбо омгийн цуутай дайчин Оконкогийн амьдралаар дамжуулан Африкийн баялаг соёл, зан заншил Британийн колоничлол, Христийн шашны нөлөөгөөр хэрхэн дотроосоо задарч, нуран унаж байгааг харуулсан эмгэнэлт бүтээл юм.
Доналд Э.Вестлейк “Сүх”

Америкийн алдарт гэмт хэрэг, детектив зохиолч Доналд Э.Вестлейкийн тус роман нь цаасны үйлдвэрт олон жил үнэнчээр ажилласан Бөрк Деваж компани нь цомхотгол хийснээр гэнэт ажилгүй болж, хоёр жилийн турш шинэ ажил хайсан ч наснаасаа болоод хаана ч тэнцэхгүй. Санхүүгийн хямралд орж, гэр бүл, орон гэрээ алдах дээрээ тулсан тэрээр өөртэй нь ижил түвшний, тухайн ажлын байранд өрсөлдөж болох хамгийн хүчтэй өрсөлдөгчийг нэг бүрчлэн олж устгах галзуу бөгөөд аймшигтай төлөвлөгөө боловсруулна. Уг романаас сэдэвлэн найруулагч Пак Чанүг “No Other Choice” киногоо бүтээж өмнө жил нээлтээ хийсэн билээ.
Силвиа Плат “Хонхон шил”

20-р зууны уран зохиол дахь сод бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог уг бүтээл нь алдарт яруу найрагч Силвиа Платын цор ганц хүүрнэл зохиол бөгөөд Эстер Гринвүүд хэмээх коллежийн охины сэтгэл зүйн дотоод зөрчлийг хурцаар харуулснаараа орчин цагийн уран зохиолын бүтээл дэх заавал унших номоор нэрлэгддэг ажээ.
Томас С.Кун “Шинжлэх ухааны хувьсгалын бүтэц”

Анх 1962 онд хэвлэгдсэн уг ном шинжлэх ухааны түүх, философийн ертөнцөд томоохон тэсрэлт хийсэн бөгөөд Томас С. Кун энэхүү бүтээлээрээ шинжлэх ухааны дэвшлийн талаарх олон жилийн түүхтэй шугаман ойлголтыг сорьж, өөрчлөгч шинэ санаа бол турших, өгөгдөл хуримтлуулах өдөр тутмын, алгуур үйл явцаас биш, харин тогтсон сэтгэлгээг эвдэж, урьдчилан тааварлаагүй санааг дэвшүүлдэг шинжлэх ухааны хувьсгал буюу түүний нэрлэсэнчлэн “хэвийн шинжлэх ухаан”-аас гадуур өрнөх үсрэнгүй мөчүүдээс урган гардаг хэмээн үзжээ.
Хуан Чон Кай “Формоса солилцоо”

"Нүүдэг арал" өгүүллэгээрээ монгол уншигчдад хэдийнээ танил болсон Тайванийн орчин үеийн уран зохиолын нэрт зохиолч Хуан Чон Кайгийн ээлжит бүтээл болох уг номд түүхэн баримт болон уран сэтгэмжийг гайхалтай хослуулсан, улс төр, газар зүй, хүний хувь заяаны тухай өгүүлэх билээ.
Ноел Брик, Стюарт Холлвей “Гүйлтийн сэтгэл зүй”

Сэтгэл судлалын ухааны доктор Ноел Брик болон дасгалжуулагч Стюарт Холлвэй нарын хамтран туурвисан энэхүү бүтээл нь зөвхөн гүйгчид төдийгүй амьдралдаа тэвчээр, хатуужил, зорилгодоо хүрэх сэтгэлийн тэнхээг суулгахыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан шинжлэх ухааны танин мэдэхүйн бүтээл юм. Уг бүтээл нь гүйлт, спортын амжилт гэдэг зөвхөн булчин, бие бялдрын бэлтгэл байхаас гадна, тархи, сэтгэл зүйн тулаан байдгийг харуулжээ.
Рэй Брэдбери “Фаренхайтын 451”

Америкийн зөгнөлт уран зохиолын мастер Рэй Брэдберигийн 1953 онд туурвисан эл роман нь дэлхийн утга зохиолын түүхэн дэх хамгийн алдартай, зөгнөлт антиутопи бүтээлүүдийн нэг юм. Номын нэр болох Фаренхайтын 451 хэм бол цаас шатаж, дүрэлзэх тэрхүү халууны хэмжүүр билээ. Зохиолын үйл явдал ном уншихыг бүрмөсөн хориглосон, хүмүүс нь зөвхөн зурагтын дэлгэц, чихэвчээр дамжуулан тархиа угаалгаж, гүн гүнзгий бодож сэтгэх чадвараа алдсан ирээдүйн нийгэмд өрнөнө.
Эх сурвалж: zms.mn