П.АМГАЛАН

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд аймгийн мэргэн С.Тогоохүү тэргүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм. Тэрээр "Энэ жилийн өрсөлдөөн маш ширүүн байлаа. Гурав дахь удаагаа улсын наадамд оролцож, улсын мэргэн цол хүртсэндээ баяртай байна.Даян мэргэн Эрдэнэтунгалаг, Баярсайхан нарын удирдлага дор бэлтгэлээ хийсэн. Тэд нартаа талархснаа илэрхийлье. Мөн анхны багш Мөнх-Эрдэнэдээ болон сурын алтан зурхайд хөтлөн оруулж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн гэр бүл, нутаг усныхан, намайг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа.Энэ жил аймгийн мэргэн, спортын мастер, урлаач Эрдэнэбилэгийн урласан  шинэ нум сумаар харвасан. Урлаачдаа мөн баярласнаа илэрхийлье.Сур харвах үедээ би онцгой тайвшралыг мэдэрдэг. Монгол хүн болж төрснийхөө бахархлыг, төрийнхөө их баяр наадамд оролцож, өв соёлоо тээж яваагаараа улам ихээр мэдэрдэг. Нийт харваачдадаа баяр хүргэе.Намайг тайвшруулж, сэтгэл санаагаар дэмжиж тусалсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа" гэлээ.

Эх сурвалж:www.zms.mn