Б.Золбоо, М.Намунбайгал
Солонгос улс кино, хөгжим зэрэг соёл, урлагаар дамжуулан өөрсдийн орны ахуй соёл, зан заншлыг дэлхий дахинаа амжилттайгаар сурталчилж буй. Сүүлийн үеийн дэлхийн нэр бүхий урлаг, соёлын үйл ажиллагаанд Солонгос улсын төлөөллүүд ч багагүй оролцох болсон. Тэгвэл солонгос олон ангит кино Монголд хэзээнээс нэвтэрсэн хийгээд хэрхэн нөлөөлөх болов.
“Дэ Жангум”, “Сэргэлэн охин Янсун”, “Диваажингийн шат” болон “Эхнэрийн урхи” зэрэг солонгос олон ангит кинонуудаас танд үзээгүй кино байхгүй болов уу. Эдгээр киноны юу нь үзэгчдийг ингэтлээ татаж, телевизийн өмнө уядаг юм бол. Тэгвэл солонгосын олон ангит кинонд гэр бүл, анд нөхдийн дотно харилцаа, амьдралын шударга үнэн, нөр хичээнгүй хөдөлмөр, эцэг эхээ хүндэтгэх ёс зэргийг зааж сургасан байхын зэрэгцээ хүчирхийлэл, алаан хядаан, садар самуун зэргийг бага тусгасан байдгаараа ази сэтгэхүйд нийцэж, хүлээж авахад ойр дөхөм байдаг нь азийн орнуудад явуулсан судалгаанаас харагдаж байна.
Анх 1990 онд Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосонтой холбоотойгоор ердөө найман жилийн дараа буюу 1998 оноос 25-р суваг телевизээр “Элсэн цаг” солонгос олон ангит кино гарчээ. Мөн 1999 онд UBS телевизээр “Цагаан шөнө 3.98” олон ангит кино үзэгчдийн хүртээл болсон юм. Өнөөг хүртэл зарим сувгаар солонгос олон ангит кино үзэгчдийн хүсэлтээр давтан гарч байна. Энэ нь нэг ёсондоо Солонгосын соёл Монголд хүчтэй нэвтэрч буйн илрэл юм. Тодруулбал, “Боловсрол ТВ” сувгаар “Эхнэрийн урхи кино”, МҮОНРТ сувгаар “Сэргэлэн охин Янсун”, “Central TV” сувгаар “Диваажингийн шат” зэрэг кинонуудыг дахин үзэгчдийн хүртээл болгосон билээ. Мөн Солонгосын алдарт “Дэ Жангум” цуврал анх цэнхэр дэлгэцээр толилуугдсанаас хойш одоог хүртэл үзэгчдийн хүсэлтээр гарсаар байна.
Солонгос киноны юунд хамгийн их автаж байна вэ
Залуус ихэвчлэн завтай үедээ бодит амьдралаас тасрахын тулд эсвэл огт юм бодмооргүй санагдсан үедээ солонгос олон ангит кино үздэг аж. Цаашилбал, “Солонгос кино хамгийн эгзэгтэй үедээ дуусчихдаг болохоор нэг үзээд эхэлбэл дунджаар 14-15 цаг зарцуулдаг” хэмээн залуу үеийн төлөөлөл Т.Бодьгэрэл хэлсэн юм. Мөн залуусын өдөр тутмын амьдралд Солонгос кино ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, залуус хоорондоо харилцахдаа “убба”, “саранхэ”, “айгү” гэх зэрэг Солонгос үгсийн түгээмэл ашиглаж байна. Түүнчлэн Солонгос кинон дээр гардаг рамён, догбугги, амтат шарсан тахиа зэрэг нь шуудхан л авч идэх хүсэл төрүүлдэг аж.
Солонгос олон ангит киноны үйл явдал нь тухайн орчинтойгоо холбогдсон зохиол, хүүрнэлтэй байдгаас үзэгчдэд Солонгос улс руу аялах хүслийг төрүүлдэг гэсэн судалгаа бий. Тодруулбал, “Амьдрал чамд жүрж өгөхөд” хэмээх цуврал нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн анхааралд өртсөн билээ. Үүнтэй холбоотойгоор үзэгчид кинон дээр гарах канола цэцгийн талбайг зорин очиж зургаа авхуулах, адилхан хувцас өмсөх гэх мэт даган дуурайх хандлага ихэссэн юм.
Олон ангит киногоор дамжих соёлын нөлөө
Үзэгчид үзэж буй киноныхоо дүрд хэт автаж, дуртай болох нь бий. Ингэснээр тухайн жүжигчний сурталчилж буй зүйлд итгэл төрж, авмаар санагддаг аж. Иймээс кино урлаг дан ганц соёлыг түгээх бус маркетингийн чухал хэрэгсэл болоод байгаа юм. Судлаач З.Дүүрэнжаргал “Солонгос киноны алдартай одууд соёл, урлагийг сурталчлахаас гадна хоол, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг давхар таниулж байна” хэмээсэн бөгөөд үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд газар сайгүй солонгос хоолны газар, гоо сайхны бараа олширч, залуусын дунд солонгос одуудын төрх, загварын чиг хандлагыг дагах нь элбэг байгаа юм.
Дан ганц залуус ч гэлтгүй ахимаг насны хүмүүс солонгос олон ангит киног шимтэн үзэж байна. Залуусын хувьд дуртай үедээ, хаанаас ч хамаагүй кино платформуудаар дамжуулан үзэх боломжтой байдаг бол ахимаг насныхан ихэвчлэн зурагтаар үздэг. Иргэн Мөнхбат хэлэхдээ, “Нэг кино эхлүүлэхээрээ гурваас дөрвөн цаг тасралтгүй үздэг. Алдартай, мундаг жүжигчдийн киног зорьж үздэг. Солонгос кино хийц, технологи зэрэг нь маш чанартай байдаг. Гэхдээ сүүлийн үед бүхий л зүйлд Солонгос соёлын нөлөө орж байна. Хүний ааш занд хүртэл нөлөөлдөг болж. Тийм учраас хэт автаж үзэхээс зайлсхийх хэрэгтэй байх.” гэв. Мөн зарим иргэдийн хувьд “Солонгос драм, гэмт хэрэгт төрлийн кино их таалагддаг. Сонирхолтой киног шөнөжин үздэг болохоор нойрны хувьд их нөлөөлдөг л дөө. Фейсбүүк, инстаграмын богино бичлэг дээр гарч ирсэн кинонуудыг үздэг. Солонгос олон ангит кино үзэж эхэлснээс хойш Солонгосын уламжлалт хоолыг хааяа сонирхож иддэг болсон. Бэлдэхэд ч амар байдаг.” хэмээсэн юм.
Тэгвэл бид үүнтэй адил монгол киногоор дамжуулж дэлхий дахинд нөлөөлж яагаад болохгүй гэж. ...
Эх сурвалж: Zms.mn