М.Намунбайгал
Өглөө бүр бид нүдээ нээгээд цаг агаарын мэдээ харах, цахим хаягаа шалгах зэрэг интернэт орчинд аялах нэгэн зүйлийн зан аальд төлөвшсөн гэхэд хилсдэхээргүй болжээ. Хэдэн товч дараад л хүссэн бараагаа гэрийнхээ үүдэнд хүргүүлдэг өнөө үед “мэдрэмжээ захиалах” ч энүүхэнд аж. Тэр тусмаа тэнгэр бүрхэж, бороо хур асгарсан эдгээр бүүдгэр өдрүүдэд ганцаардал бэтгэрлийн дөрвөн мөрт хийгээд гуниг харууслын дуулал хаа сайгүй эгшиглэжүхүй. Энэ удаад сэтгэл хөдлөл зохицуулалтын тухай судалсан Стэнфордын Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор Жеймс Гроссын “Насанд хүрэгчдийн сэтгэл хөдлөл зохицуулалт: Бүх зүйл цаг хугацаанаас хамаарна” хэмээх өгүүллийг тоймлон танилцуулахаар бэлтгэлээ.
1998 онд Америкийн сэтгэл судлаач Жеймс Гросс анх “Сэтгэл хөдлөл зохицуулалтын үйл явцын загвар” (Process Model of Emotion Regulation) бүтээлээ танилцуулжээ. Тэрээр уг санаагаа гүнзгийрүүлэн судалж, “Сэтгэл хөдлөлийн зохицуулалт гэдэг нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийн нэг буюу хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгийг нэмэгдүүлэх, хэвээр хадгалах, эсвэл бууруулахад чиглэсэн бидний ухамсартай болон ухамсаргүй бүхий л арга барилыг хамруулсан ойлголт юм. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь сэтгэл хөдлөлийг бий болгогч дотоод мэдрэмж, зан үйл, бие физиологийн хариу үйлдлүүд болно” хэмээгээд бие хүн сэтгэл хөдлөлөө зохицуулах үйл явцыг өргөн хүрээнд “урьдчилсан зохицуулалт” болон “хариу үйлдлийн зохицуулалт” гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдах нэгэн загварыг боловсруулжээ.

Хүний дотоод мэдрэмжийг хэрхэн удирдаж болохыг шинжлэх ухааны үүднээс судалсан хэрэг юм
Уг загвараар сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлын сонголт, нөхцөл байдлын өөрчлөлт, анхаарал төвлөрөл, танин мэдэхүйн өөрчлөлт, хариу үйлдлийн зохицуулалт гэсэн таван үе шатын дагуу өрнөдөг ба эхний дөрвөн шат нь урьдчилсан зохицуулалт, сүүлийн шат нь хариу үйлдлийн зохицуулалтад хамаарна. Тодруулбал, нөхцөл байдлыг сонгох шатанд бид бороотой өдөр цаг нь тулсан асуудлаа түрхэн зуурт умартан, хөнжилдөө шургаад гунигтай дуу сонсож хэвтэхийг илүүд үзлээ хэмээн төсөөлье. Удаагаар нөхцөл байдлын өөрчлөлтийн шатанд тийн хэвтэхдээ хөшгөө хаагаад, аяга халуун цай найруулж уунгаа бүрхэг өдрөө улам гүнд нь мэдрэх бөгөөд анхаарал төвлөрлийн шатанд болбоос саарал цонхоор гаднах ертөнцийг ажин өөрт тулгараад буй асуудлыг сануулах бүхнээс өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэн мартаж, амсхийх мөч болой. Цаашилбал, танин мэдэхүйн өөрчлөлтийн шатанд эл өдрийн үйл явдлыг бид асуудлаасаа зугтлаа гэж бодолгүй “Надад энэ амралт хэрэгтэй байсан биз” хэмээн хүлээн авах өнцгөө өөрчилснөөр тухайн нөхцөл байдалд хийх дүгнэлт ч өөрчлөгдөн сэтгэл хөдлөлөө зохицуулах боломж үүснэ. Эцэстээ өмнөх дөрвөн үе шатуудаас хамааран хариу үйлдэл үзүүлэх бөгөөд мэдрэмж, зан үйлээр, бие физиологиор дамжин илрэх тэдгээр хариу үйлдлийг өөрчлөх замаар сэтгэл хөдлөлөө удирдах нэгэн төрлийн аргыг санал болгосон юм.
Сонирхолтой нь уг онолоо туршихын тулд Гросс лабораторидоо хүмүүст гунигтай, аймшгийн кино үзүүлж, хөгжим сонсгох замаар сэтгэл хөдлөлийг нь зохиомлоор өдөөдөг байжээ. Түүнчлэн өмнө дурдсан аргуудаар туршилтад оролцогчдын сэтгэл хөдлөлийг удирдаж, өөр төлөвт буулгаж байсан нь урлагийн бүтээлээр хүний дотоод мэдрэмжийг хэрхэн удирдаж болохыг шинжлэх ухааны үүднээс судалсан хэрэг юм.
Тэгвэл “Мэдрэмжээ захиалдаг” сэтгэл хөдлөлийн бие даасан эринд Гроссын туршилт нэгэн төрлийн туйлширсан тусгалаа олжээ. Өнөөдөр бид Гроссын лабораториос хэд дахин том “дижитал лаборатори”-д амьдарч буй. Мэдрэмж, сэтгэл хөдлөл гэгч бидний дотоод ертөнцийн дуу хоолой байхаа болиод хэдхэн товчлуурын цаана захиалагдахаа хүлээн суух нийгэмд алгоритм бол асар шуурхай, овжин “хүргэлтийн үйлчилгээ” гэхэд буруудахгүй болжээ.
Эх сурвалж: Zms.mn