М.Намунбайгал
2010 онд үзэгчдийн хүртээл болсон Америкийн алдарт найруулагч Даррен Аронофскигийн “Хар хун” бүтээлээр дамжуулан бид үзэсгэлэн төгөлдөр байхынхаа хэрээр харгис хэрцгий байдлаа ч үл нуух урлагийн ертөнцийн мөн чанарыг багахан ч атугай мэдэж авсан билээ. Ганцхан үзүүлбэрт бэлдэх гэж хэчнээн их бие махбод болоод сэтгэл зүйн дарамттай тулгардгийг, цаг үргэлж дагах эл дарамт өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг харуулсан энэхүү бүтээлийг үзэж суухуй биеэ чангалж, хүйтэн хөлсөө цувуулан зовох нэгэн цөөнгүй болов уу.
Гэтэл сүүлийн үед хорь гаруй жил ажилласан бүжигчид “гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтгүйн улмаас тэтгэвэр тогтоолгоход хүндрэл тулгараад байгаа аж.
Бүжигчин Э.Номин, 2005 онд Хөгжим бүжгийн коллежийг төгсөж, өдгөө Үндэсний урлагийн их театрт 22 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр энэ тухай “Манай улсад гоцлол бүжигчин гэж тусгайлан тогтоосон албан тушаал байдаггүй атал Нийгмийн даатгалын сангаас “гоцлол бүжигчин” гэсэн тодорхойлолт шаардан тэтгэвэр тогтоож өгөхгүй байна” гэсэн юм. Түүнчлэн “Бидний үндсэн цалин 1.5 сая төгрөг байдаг. Гэвч энэ хэмжээний орлого өнөөгийн амьдралын хэрэгцээг хангахад огт хүрэлцдэггүй. Бүх бүжигчдийн хөдөлмөрийг шударгаар үнэлж, тэтгэвэр тогтоох нөхцөлийг бодитойгоор шийдвэрлэх шаардлагатай” гэжээ. Түүнчлэн тэрээр бүжгийн урлагт чин сэтгэлээсээ хайртай хийгээд үлдсэн амьдралаа тайзан дээр үзүүлбэр үзүүлж өнгөрөөхөд харамсах юмгүй ч, бие физиологийн хувьд боломжгүйг хэлж байлаа.
Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 5.1.7-д зааснаар “сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин…20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурдсан мэргэжлээр ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч”-д тэтгэвэр тогтоолгоно гэжээ. Уг заалтыг 2008 оны хуулиар нэмэлтээр оруулсан бөгөөд 2023 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг шинэчлэн найруулсан ч уг заалтыг өөрчлөөгүй. Гэтэл 2024 онд гарсан “Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга” гэх гарын авлагад уг заалтыг “гоцлол дуучин, гоцлол бүжигчин” гэж бичсэнээс болж Нийгмийн даатгалын ерөнхий газрын энэ асуудлыг хариуцсан ажилтан хуульд заасан заалтыг биш 2024 онд гарсан гарын авлагыг эх сурвалж болгон тэтгэвэр тогтоолгохоор ирсэн бүжигчдээс “гоцлол бүжигчин” гэсэн тодорхойлолт шаарддаг болжээ.
Үндэсний урлагийн их театрын хүний нөөцийн мэргэжилтэн Г.Энхтуул уг асуудлын тухайд “40 гаруй бүжигчинтэй газар бүх бүжигчнийг гоцлол гэх боломжгүй. Тухайлбал, 75 жилийн түүхт манай театрт нэг ч гоцлол бүжигчин гэх тушаал гарсан түүх байхгүй” гэжээ. Тодруулбал, монгол бүжигчид сурсантайгаа нийлээд 30 жил бүжиглэж байгаа бөгөөд өмнө нь хуулиараа тэтгэвэрт асуудалгүй гарч байсан бүжигчид 2024 оноос хойш “гоцлол” биш гэх шалтгаанаар тэтгэвэрт гарч чадахгүй болсон байна.
Олон улс дахь бүжигчдийн тэтгэврийн тухай зохицуулалт
Судалгаанаас үзэхэд дэлхий дахинаа биеийн хүч шаардсан урлаг, спортын бүхий л төрөлд хүний биеийн хөгжил явагдаж гүйцэхээс өмнө буюу 7-10 насандаа бэлтгэл хийж эхлэхийг зөвлөдөг. Бүжигчид ч мөн адил бага наснаасаа бэлтгэл, сургуулилт хийж эхэлдэг бөгөөд зарим тохиолдолд үүнээс ч эрт биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж дадсан байхыг шаарддаг байна. Гэтэл хүүхэд наснаасаа эхлэн олон жил хүнд бэлтгэл сургуулилт хийж, хэт их ачаалал авснаас үүдэн мэргэжлийн бүжигчдэд гэмтэл бэртэл, архаг эмгэгүүд үүсэх нь түгээмэл аж. Тухайлбал, нэг хөдөлгөөнөө олон удаа давтдаг, биеийн жингээ тодорхой хэмжээнд барих шаардлагатай тулгардаг хийгээд бэлтгэл сургуулилт хийж буй орчин нөхцөл зэргээс шалтгаалан өвдөгний үрэвсэл, түнхний үеийн эмгэгүүд, булчин шөрмөсний суналт, тасралт зэрэг хүнд хэлбэрийн эмгэг үүсдэг ба тоглолт, бэлтгэлийн үеийн гэнэтийн ослууд ч ихээр тохиолддог ажээ.
Иймд олон улсын хууль заалтад уран бүтээлчид, спортын тамирчдад тэтгэвэр олгох заалтыг тусгайлан заасан байдаг. Тодруулбал, Орос, Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй орны бүжигчид тэтгэвэрт гарахын тулд дунджаар 15-20 жил ажилласан байх ёстой гэж хуульчилсан байдаг. Германд 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Stiftung TANZ" гэх тэтгэвэртээ гарсан бүжигчдийг дэмжин тэтгэлэг олгодог сан бий. Бүжигчид ихэвчлэн 35-40 насандаа биеийн байдлаас шалтгаалан бүжигчний замналаа дуусгадаг учир уг хөтөлбөрийн хүрээнд түүнээс хойш амьдралаа залгуулах, урлагийн салбартаа үргэлжлүүлэн ажиллахад тусалж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шинэ мэргэжил эзэмших сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
Гэвч манай оронд энэ төрлийн зохицуулалт байхгүй, зохих ёсны тэтгэвэр, тэтгэмжээ авах нөхцөл нь ч тодорхой бус байхаас гадна зарим хариуцсан ажилтнууд хуулиа бүрэн гүйцэд судлалгүй тэтгэвэр тогтоолгох явцад саад учруулдаг ажээ. Мөн бүжигчдийн тэтгэвэрт гарах хугацаанаас шалтгаалан үүдэж буй асуудал үүгээр зогсдоггүй. Өмнөх үеийн бүжигчид нь ажилласан жилээ гүйцээх шаардлагатай тул тэтгэвэртээ гардаггүй, үүнээс болж дөнгөж сургуулиа төгссөн залуу үеийнхэнд ажлын байр олддоггүй, эсхүл цалингийн дундаж хэмжээ нь амьдралаа залгуулахад хүрдэггүй тул залуу уран бүтээлчид замаасаа шантрах тохиолдол цөөнгүй байдгийг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид дурдсан юм. Түүнчлэн эмэгтэй бүжигчдийн хүүхэд төрүүлсэн жилийг ажилласан жилд тооцдоггүй тул нөхөж ажиллах зэргээр тэтгэвэрт гарах хугацаа нь хойшилдог байна.
Эх сурвалж: Zms.mn