Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна.

Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг анх “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн 1934 оны №1-ийн 11-р талд хэвлэгдсэн нь дараагийн олон хэвлэлийн эх болсон байдаг гэж судлаачид тэмдэглэжээ.

“Зууны мэдээ” сониноос санаачлан Монголын радио, Монголын үндэсний телевизтэй хамтран 1999 онд олон нийтийн санал асуулгад үндэслэн XX “Зууны манлай”-г тодруулах арга хэмжээг зохион байгуулж байсан билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” нь “Зууны манлай” яруу найргийн бүтээлээр тодорч байсан.

Түүхт энэ ойнууд, их баяр наадамд зориулсан “Зууны мэдээ” сонин Их зохиолч Д.Нацагдоржийн сонгодог нэгэн бүтээл, өнгөрсөн XX “Зууны манлай” шүлэг “Миний нутаг”-ийг их баяр наадмын мэндчилгээ болгон толилуулж байна.