Д.Марал

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Кён (Jeong Eun Kyeong) тэргүүтэй төлөөлөгчид Монгол Хьюндай эмнэлгийн үйл ажиллагаа, үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэнгийн захирал И Мён И, Хавдар судлалын төвийн захирал Ян Хан Гуан, Эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах Жү Чол болон бусад албаны хүмүүс багтсан бөгөөд тэд Солонгосын Хьюндай нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар болох Монгол Хьюндай эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагааны үр дүн, ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Кён, Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал, Монгол Хьюндай эмнэлгийг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор, профессор Ким Бү Соб болон эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ.

Монгол Хьюндай эмнэлэгийн гүйцэтгэх захирал З.Нямаа “ Манай улсад Хюндай эмнэлэгийн салбар нээгдсэнээр гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан олон өвчтөн эх орондоо нарийн мэс засал, эмчилгээг хийлгэсэн, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байна” гэсэн юм.

Хьюндай нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, доктор, профессор Ан Жэй Ин “Анх 2009 онд Монголд ирж хүмүүсд үзлэг, эмчилгээ хийж байсан. Тэр үед Монгол хүмүүсд эмнэлэгийн тусламж үйлчилгээ чухал хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Мөн Монгол эмч нарыг Солонгос улсад очиж сургах тал дээр олон жил дэмжин ажиллаж ирсэн” гэлээ.

Монгол Хьюндай эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд Монгол Улсад хийх боломж хязгаарлагдмал байсан төрөлхийн болон олдмол хүнд хэлбэрийн 400 гаруй мэс заслыг амжилттай хийж, олон улсын түвшний тусламж үйлчилгээг эх орондоо авах боломжийг иргэдэд бүрдүүлээд байна. Тус эмнэлгийн онцлог нь БНСУ-аас туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нар тогтмол ажиллаж, орчин үеийн оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэгт оршино.