Ц.Түмэнбаяр 
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч

 

Зэвсэгт хүчний 167-р ангид 17 настай жагсаалын цэргээс хурандаа болтлоо зүтгэсэн Ц.Борной болон Дотоодын цэргийн ахмад асан Жанцандорж ах нарынхаа гэгээн дурсгалд болон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж асан бэлтгэл офицеруудад зориулав. 

-Гутал тосолно, гутал тосолно хэмээн хашхирах хоолойн хурц тод өнгө нэг л танил дотно сонсогдоход Сэрдамба тэр зүгт харцаа шилжүүлэв. Олны хөл тасардаггүй, явган хүний замын захад, толгой дээрээ цэрэг малгайн саравчийг сөхөсхийн хазгайдуухан тавьсан ахимаг насны, хоёр хөл нь өвдөгний үенээсээ доош үгүй болсон буурал эр жижиг дөрвөлжин дээр хуучирсан шинелийн зузаан цэмбээр олбог засан суужээ. Баруун гартаа үс нь тожийж элэгдсэн гутлын шётк, зүүн гартаа гутлын тосонд өнгө нь ялгагдахгүй болсон даалимбыг хэд давхардан эвхээд барьчихсан харагдана. Танил царай, Сэрдамба цочих шиг болж:

-Мөн байна, хороон дарга минь байна гэж өөртөө шивнээд инээмсэглэсээр яаран алхаж очлоо. Хороон дарга Сэрдамбыг харангуутаа л таньж, хоёр алгаа дэлгээд:
-Тэгнээ тэр. Миний цэрэг хүрээд ирдэг байжээ хэмээн баярлан дуу алдаж, гарыг нь атган татаж тонгойлгоод, хоёр хацрыг нь ээлжлэн үнсэв. Сэрдамба:
-Та минь хуучных шигээ л өнгөлөг сайхан харагдаж байна гэж хэлэхдээ хуучин цэрэг өмднийхөө шуумгаар тумлайдсан мухар гуяыг нь хяламхийн хараад хэлсэн үгнээсээ баахан жийрхэж хулмаганасхийв. Дайнд алдсан хөлийнхөө гайгаар өвөрлөх хань, үнэрлэх үртэй болж чадаагүй нь даанч тоогүй. Гэсэн ч хурандаа энэ тавиландаа гутарч гомдсоны өчүүхэн ч сүүдэргүй, хороо даргалж явсан залуугийнх шигээ цог залиар нүд нь гялалзахыг ажаад:
-Овоо шүү дээ, сэтгэлийн тэнхээтэй л яваа юм байна гэж урамшин бодоод:
-Та чинь юун гутал тосолж суугаа юм бэ? Дайнд гавьяа байгуулсан ахмад дайчдаа төр, засаг мартаа юу? гэтэл хурандаа:
-Алдас болно гэм. Юун мартах нь бүү хэл, хангалттай харж байгаа, хөөрхий. Надад байр өгсөн. Тэтгэмжийн хэдэн төгрөг хоол, хүнсэндээ хүрэлцээтэй. Өвдөх хавдах юм өнөөдөндөө алга. Амралт, сувилал үнэгүй гээд хороон дарга бодолхийлснээ:
-Амиа ч өгөөд хамгаалж чадалгүй эх орноо алдаж байгаа улсыг алийг тэр гэхэв. Газар нутгаа хоёр “зээрдээрээ” ч атугай сольж үлдээснийгээ аз хэмээн залбирдаг. Гишгэх газаргүй болчихвол хөлтэй ч байгаад яах юм? Энэ ертөнц дээр өөрийн эрхээр алхах сөөмхөн ч газаргүй цыганууд, еврейчүүдээс эхлээд үй олон үндэстэн, ястан бий. Японтой байлдсан хоёр дайнд ч, түүнээс өмнө ч нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, тэдний гашуун эмгэнэлийг зүрхээрээ мэдэрч явлаа, одоо ч мартдаггүй. Бид эцэг дээдэс, эрэлхэг хөвгүүдийнхээ залуу халуун цусаа урсган хамгаалсан ариун хөрсөн дээр бохир гутлаар гишгэх учиргүй. Тэдний минь сүнс гомдоно. Тэгээд л би хүмүүсийн гутлыг үнэгүй тосолж, ганц хүнийг ч болох нь ээ, тоосгүй гуталтай явуулж сэтгэлээ дүүргэдэг юм хэмээн итгэлтэй нь аргагүй ухуулах мэт хэлээд цайлганаар инээд алдан:
-Тэгж яривал би чинь тусгай хангамжтай хүн шүү. Надад ийм “машин” бэлэглэсэн гээд баруун гар талдаа хагас алхмын зайд дугуйн дор нь чулуу ивж зогсоогоод, гялалзтал тосолсон хороомон гутлаа суудал дээр нь зэрэгцүүлж тавьсан, суугаа хүний тэргэнцрийг заав. Гэтэл түүнийг ийнхүү гутал тосолж байгааг нь харсан хүмүүсийн ихэнх нь “эрхтэн бүтэн явсан үеэ дурсан сэтгэлээ зогоох гэж ингэдэг юм байх даа” хэмээн өрөвддөг бол зарим нь шил толь шиг тосолсон гутал, шилбэ, тавхайгүй мухар чөмгийг ээлжлэн хараад “хоржоонтой ёжлол байна даа” хэмээн бодоод тохуутайхан инээвхийлээд өнгөрөх нь ч бий. 


Сэрдамба хурандааг чөлөөлөх дайнд хороогоо удирдан тулалдаж явахдаа бөмбөгдөлтөд өртөж, хоёр хөлөөсөө яаж салахыг сэтгэл эмтрэн харж байсан юм. Тасарсан хоёр хөл нь гуталтайгаа цусаа цацан агаарт шидэгдэж, хурандаа голынхоо дуугаар “ёо” хадаан шимширтэл орилж билээ. Тэгснээ “Цэргүүдийнхээ зүрхийг үхүүлж болохгүй” гээд уруулаа хэгзэртэл шүд зуун тэсвэрлэж, эцсийн хүчээ шавхан “Хороо давшаад” хэмээн хашхираад ухаан алдсан юм. Цэргүүдээ хайрлаж ч, хамгаалж ч чаддаг, халуун чулуу долоолгож, хатуужил олгож ч чаддаг даргаараа бахархахгүй байхын аргагүй. Анги нэгтгэлийн хэмжээнд хороо нь эмх цэгц, сахилга батаараа манлайлагч байлаа. Дайчид нь баатарлагаар тулалдаж, зарим нь амиа өргөсөн. 
Хурандаа Сэрдамбыг толгойноос нь хөл, хөлөөс нь толгой хүртэл биширсэн харцаар халиаж:
-Сайхан, тулхтай эр болж. Энгийн хувцастай явахыг бодоход цэргийнхээ албыг орхио юу даа? гэхэд
-Яалаа гэж? Батлан хамгаалах яаманд газрын дарга. Хошууч генерал цолтой гэв. Хурандаа:
-Тэгнээ тэр. Зовхи нь өөдөө хүү. Миний цэргүүд ийм л босоо хийморьтой. Даргаасаа илүү цолтой болж, тун догь гэснээ дуугаа төв болгож,
-Одоогийн дарга нар жагсаал хувцсаа ойшоохоо больж дээ. Бидний үед армийнхаа хувцсаар гоёдог, гайхуулдаг, бас хүндэтгэж, гэрийнхээ баруун хойморт залдаг байлаа хэмээн санаашрангуй хэлэхэд тэргэнцэр дээрх хороомон гутлыг Сэрдамба сониучирхан авч үзэв. 
Чөлөөлөх дайнд галын шугам руу явахад Чойбалсан тэргүүтэй төрийн удирдагчид үдэн гаргах үеэр Индрийн өмнүүр хөл тавьж, өлмий дээрээ эргэн “тип тап” хийтэл ёслоод “Чөлөөлөх дайнд... дугаар хороо бэлэн” хэмээн илтгэхдээ өмсөж асан ганган гутал нь мөнөөсөө мөн байлаа. “Манай цэргийн жавхаа” хэмээх сүрлэг марш эгшиглэх үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хэмнэлд, армийн жагсаалыг өнгөлөн даргынхаа араас зэр зэвсгээ агссан цэргүүд нь мөр зэрэгцэн, эгнээ эгнээгээр золбоо төгс нэгэн зэрэг ярс ярс алхахад зүрх догдолж, цээжинд омогшил огшихоос аргагүй байж билээ. “Тэр эрчээрээ явсаар бид ялалтад хүрсэн дээ” хэмээн түрхэн зуур бахдан бодоод Сэрдамба:
-Үгүй ер, энэ чинь аль “диван галавын” орос хороом хэвээрээ гялалзаж байх чинь вэ хэмээн баясан хэлээд, хороон даргын “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа, жагсаалын сүр хувцсандаа байдаг юм. Гутал муут гурвын дор. Цэрэг хүний гутал толь шиг гялалзах ёстой. Нүүр харагдтал тослоод” хэмээн тушаадаг байсныг эргэн санах хооронд хороон дарга гутлыг нь шохоорхож байгаад жигтэйхэн баярлаж: 
-Миний цэргүүдээс хэн нэг нь намайг заавал олоод ирнэ гэдэгт би эргэлзэж байсангүй. Хамгийн түрүүнд ирсэнд нь “энэ гутлаа бэлэглэнэ” гэж өдөр болгон авчирдаг болоод олон жил өнгөрлөө. Аз чинь шовойсон өдөр байна шүү. Чамд бэлэглэе гээд баярласандаа тэсгэлгүй “ха ха ха” инээд алдахад Сэрдамба “хороон даргаа эргэж очъё” гэж ганц ч удаа бодож байгаагүйдээ харамсав. Гэтэл гэнэт “Энэ чинь хөлгүй хүний гутал шүү дээ” гэсэн ёрын бодол тархин дундуур нь татах шиг болоход нуруу руу хүйт даан инээмсэглэж байсан царай нь хувьсхийн төв болж:
-Уучлаарай хурандаа, би авч чадахгүй нь ээ! гээд сэжиглэх мэт бушуухан буцааж тавив. Тэрхэн хоромд хурандаа хайртай дайчныхаа нүд рүү эгцлэн хараад бодлыг нь төвөггүй тааж, нүдээ шэйхийлгэн нухацтай харснаа бадрангуй харц нь унтарч, “сүнс нь хальчихав уу” гэмээр нүүрэн дэх баяр хөөр нь салхинд хөөгдсөн мэт алга болон зэвхийрэв. Сэрдамба өөрийн эрхгүй далдирч, нүүр буруулаад балмагдаж тэвдсэндээ “баяртай” ч гэж хэлж чадалгүй, хурдан хурдан алхсаар холдлоо. 


Сэрдамбын нүдэнд хороон даргынх нь сүр сүлд нь үхэж, хөсрийтөж үлдсэн царай, гайхширал гунигт манантсан нүд нь оров ч гарав ч харагдаад горьгүй. Түүний нойр нь хүрэхгүй гурав хонолоо. Чингээд дэлгүүрээс сайн чанарын арваад тос, хоёр томхон шётк худалдаж аваад нөгөө газарт очтол хурандаа байсангүй. Суудал нь хэвээрээ ч, ойрд хэн нэгэн сандайлсан шинжгүй, шинелин олбогт нь шороо шигж, суудлын өмнөх цардмал зам дээр гутлын тос нь хажуугаараа унаж асгаран, өнгөлөгч цэмбэн алчуурынх нь үзүүр салхинд дэрвэн өлмий дор хэвтэнэ. Гэтэл өнөө ганган хороом нь байшингийн ёроолд, эргэлдсэн хуйд хамуулан овоорсон хогтой холилдон хөсөр хаягджээ. Сэрдамба түүнийг хараад ухасхийн хүрч, хос гутлыг авахад хэмжээ хязгааргүй харуусалд хоолой нь зангирч, гуталд наалдсан хог, шороог нүцгэн гараараа өөрийн мэдэлгүй арчиж зогслоо. 
2025 он. Улаанбаатар

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)