Д.Марал  

Энэ зуны онцлох хөгжмийн арга хэмжээнүүдийн нэг болох “Тайга” фестиваль өнгөрсөн жил анх Хөвсгөл аймагт амжилттай зохион байгуулагдаж, олон мянган үзэгчийг татсан билээ. Харин энэ жил тус фестиваль Булган аймагт болох гэж байна. Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг хослуулсан энэхүү фестивалийг “Тоонот” продакшны захирал, ерөнхий продюсер, саунд инженер, дуучин Э.Дэлгэрмөрөн зохион байгуулж буй. Фестивалийн онцлог, зорилго, энэ жилийн бэлтгэл ажлын талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Та өнгөрсөн жил төрсөн нутаг Хөвсгөл аймагтаа “Тайга” фестивалийг анх удаа амжилттай зохион байгуулсан. Анх зохион байгуулах санаа хэрхэн төрсөн бэ? 
-Өмнө жил анхны фестивалиа Хөвсгөл аймгийн цэнгэлдэхэд амжилттай зохион байгуулсан. Маш олон хүнийг татаж чадсан гэж боддог. Фестивалийн долоо хоногт Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хяналтын цэгээр нэвтэрсэн автомашины тоо 49 мянгыг давсан гэсэн тоон мэдээлэл бий. Энэ нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс 3-4 дахин өссөн байсан. Тиймээс уг наадам маань урлаг, соёлын арга хэмжээг үзэгчдэд хүргэхээс гадна аялал жуулчлал, орон нутгийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан гэж бодож байна. Энэ жил яг товлосон үеүдэд Хөвсгөл аймагт үер усны цаг таарсан. Гаднаас ирэх уран бүтээлчидтэй сар өдрөө тохирсон байсан учраас байршлаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч Булган аймагт зохион байгуулахаар болсон. Булган аймгийн удирдлагууд эерэгээр хүлээж авсан. 
Би урлагийн салбарт 20 гаруй жил ажиллаж энэ хугацаанд олон тоглолт, уран бүтээлийн арга хэмжээг зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд фестивалийн соёл өргөжин хөгжиж байгаа учир нутагтаа ийм арга хэмжээ зохион байгуулъя гэж бодсон. Гол зорилго нь Хөвсгөл аймгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээсэн. Фестивалиар дамжуулан орон нутгийн эдийн засгийг тодорхой хэмжээнд дэмжиж, дотоод, гадаадын жуулчдад Хөвсгөлийн үзэсгэлэнт байгаль, соёл, уламжлалыг сурталчлахыг зорьсон. 

-Энэ жилийн фестиваль өмнөх жилийхээс онцлог зүйл нь юу вэ? 
-Энэ жил бид бүтээн байгуулалт хийж, хашаалж, морь машины хязгаарлалттай, машины зогсоолтой фестивалийн талбай, амралтын газрыг тусдаа байхаар төлөвлөсөн. 


-Орон нутагт томоохон арга хэмжээ зохион байгуулахад онцлог ач холбогдол нь юу байв? 
-Манай фестивалийн онцлог гэвэл хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулж байгаа нь юм. Хүмүүс зөвхөн тоглолт үзээд буцах биш, Булган нутгийнхаа байгалийг мэдэрч, аялж, амарч, сайхан дурсамжтай үлдээсэй гэж хүсэж байна. Орон нутагт ийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулна гэдэг Улаанбаатарт хийхээс бараг хоёр дахин их зардал, хөдөлмөр шаарддаг. Гэхдээ тэр бүхнийхээ хэрээр илүү чанартай, илүү гоё фестиваль хийхийг зорьж байна. Энэ жил гадаадын уран бүтээлчид ч хүрэлцэн ирнэ. Тиймээс бид энэ фестивалийг жилээс жилд улам хөгжүүлж, цаашдаа олон улсын хэмжээний арга хэмжээ болгон өргөжүүлэх зорилготой ажиллаж байгаа. 


-Фестивалийг зорин ирж байгаа үзэгчдэд юу гэж хэлэх вэ? 
-Нэг үеэ бодвол манай залуус арга хэмжээ, наадам, фестивальд маш соёлтой, зөв хандлагатай оролцдог болсон нь үнэхээр бахархмаар санагддаг. Тиймээс фестивалийг зорин ирэх залуус, үзэгчдэдээ хандаж хэлэхэд, майхан болон хэрэгтэй зүйлсээ сайтар бэлдээд, аюулгүй байдлаа хангаж хүрэлцэн ирээрэй гэж уриалмаар байна. Мөн оройн цагаар холын замд гарахгүй, замын хөдөлгөөндөө анхаарч, болгоомжтой аялахыг хүсье. Хамтдаа дөрвөн өдрийг уйдах завгүй, сайхан дурсамж бүтээж, хөгжим, байгаль, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх мартагдашгүй мөчүүдээр дүүрэн өнгөрүүлье.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7871)